| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04612/И |
| Дугаар | 183/шш2024/03025 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 183/шш2024/03025
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2024/03025 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк цамхагт байрлах, Хаан банк ХК /РД:000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.У нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.У нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Г.З, Ц.Цоодол нар нь 2015-09-16-ны өдөр "ХААН Банк" ХК-ийн ХУ Үйлдвэр комбинат тооцооны төвтэй №3Г201542377942 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч З.У нар нь 2016-06-03-ны өдөр "ХААН Банк" ХК-ийн ХУ Үйлдвэр комбинат тооцооны төвтэй №31201642626264 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 7,466,109.82 төгрөг дээр 2,400,000 төгрөгийн Цалингийн зээлийг /НИЙТ 9,866,109.82 төгрөг/ жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай нэмэн зээлсэн. Зээлдэгч З.У нар нь 2018-02-14-ний өдөр ХААН Банк ХК-ийн ХУД Үйлдвэр комбинат тооцооны төвтэй №ЗГ/201843423162 тоот Зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 5,165,783.43 төгрөг дээр 5,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг, нийт 10,165,783.43 төгрөг/ жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай нэмэн зээлсэн. Зээлдэгч нар нь 2024-03-26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 8,597,193.5 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,146,545.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,731.1 төгрөг, нийт 14,748,470.4 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Зээлдэгч З.У нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк З.У холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, АОС-3 гудамж, 240Б тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШЗ2024/10424 дугаартай захирамжаар З.У нар нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.У нар нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны Иймд Иргэний хэрэг шүүхэд дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон ургийн овогт Гончигдагвын З /РД: 000000/, Чацран ургийн овогт Чойсүрэнгийн Б /РД:00000/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн Б.Наранзулд олгосон итгэмжлэл, хаан банкны дансны хуулга, 2015.09.16-ны өдрийн ЗГ201542377942 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар, зээл хүсэгчийн хүсэлтийн хуулбар, зээлдэгч нарын анкет, иргэний үнэмэлхийн хуулбар, 2016.06.03-ны өдрийн ЗГ201642626264 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн хуулбар, зээл хүсэгчийн хүсэлт, анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.02.14-ний өдрийн ЗГ/201843423162 дугаар зээлийн гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн хуулбар, З.У нарын анкетын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШЗ2024/10424 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.У нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШЗ2024/10424 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2015.09.16-ны өдрийн ЗГ201542377942 дугаар барьцаат зээлийн гэрээ, 2016.06.03-ны өдрийн ЗГ201642626264 дугаар барьцаат зээлийн гэрээ, 2018.02.14-ний өдрийн ЗГ/201843423162 дугаар зээлийн гэрээнээс үзвэл З.У нар нь Хаан банк ХК-иас зээл авсан бөгөөд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд З.У нар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч З.У нар нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, АОС-3 гудамж, 240Б тоот хаягт оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШЗ2024/10424 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Хаан банк ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З.У нарыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
З.У нарын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, АОС-3 гудамж, 240Б тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 94547463 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогтой Гончигдагвын З /РД: 000000/, Чацран овогтой Чойсүрэнгийн Б /РД:00000/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч З.У нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ