Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 183/шш2024/03006

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/03006

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 18-р хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 9-р давхрын 902 тоот хаягт байрлах, Таван богд финанс ББСБ ХХК /РД:00000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М, М (хамтран үүрэг гүйцэтгэгч ) нарыг эрэн сурвалжлуулахаар шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ зээлдэгч М нь Таван богд финанс ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтээ илэрхийлж, 2021 оны 11-р сарын 11-ний өдрийн 1102092 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2021 оны 11-р сарын 11-ний өдрийн 1102092-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ (цаашид Гэрээ гэх)-г байгуулж, гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч М нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 06 дугаар сарын 17- ны өдрийг хүртэл хугацаанд тодруулбал 1102092-01 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс 1,324,882.25 төгрөг хүүгийн төлбөрөөс 1,591,874.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 4,518.58 төгрөг, нийт 2,921,275.38 төгрөгийн төлбөр төлсөн. Зээлдэгч М нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 550 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчсөөр байна. Тодруулбал: үндсэн зээлийн үлдэгдэл 3,675,117.75 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,783,510.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 118,038.57 төгрөг нийт 5,576,666.84 төгрөгийн өр, төлбөр үүсээд байна.Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг Зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Зээлдэгч М нь оршин байх хаягтаа Бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь 2024 оны 5 сарын 14-ний өдрийн 235 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, иргэн О.Энххэрлэн, Э.Ариунгэрэл, Г.Оюунсүрэн нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 235 дугаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээ, цахим зээлийн дэд гэрээний хуулбар, иргэн Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч Таван богд финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлага хэсэгт М, М гэх хоёр нэрийг бичээд хүсэлтийг үндэслэлээ тайлбарлахдаа зөвхөн Мтэй холбоотойгоор түүний хаяг тодорхойгүй, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх тул шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл хэсэг болон нэхэмжлэлийн төгсгөл хэсэгт дурдагдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг Мг эрэн сурвалжлуулах агуулгын хүрээнд шийдвэрлэлээ.

 

2.    Хүсэлт гаргагч Таван богд финанс ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

3.    Хавтаст хэрэгт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 235 дугаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэлд хүсэлт гаргагч нь эвлэрүүлэн зуучлагчид хандан, зээл төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, Цахим зээлийн эрх нээх гэрээнд М гарын үсэг зурсан, Мгийн зээл төлүүлэлтийн хуулгаар 5,576,666.84 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа зэрэг үйл баримтаас үзвэл М нь Таван богд финанс ББСБ ХХК-иас зээл авсан бөгөөд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Мг хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

4.    Улмаар хариуцагч М нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 10,22 тоот хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 235 дугаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

5.    Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Таван богд финанс ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

6. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мгийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 10,22 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 75331111, 94014432, 94014333 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ван овогтой Батхүүгийн М /РД:00000/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Мг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ