Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 97

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1704000610027 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Одгэрэл

 Улсын яллагч                                              Б.Буяндэлгэр

 Хохирогч                                                      Б.Ц-

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Л.Ганганбарс

 Шүүгдэгч                                                 Б.Б- нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Цагаан чулуут суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын машинч мэргэжилтэй, “Багануур” ХК-нд эксковаторын туслах машинч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 27 тоот орон сууцанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х- овгийн Б- Б- /РД:-/.

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Б.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн голын сав газрын ойролцоо өөрийн эзэмшлийн 46-93 УБН улсын дугаартай, Toyota premio маркийн тээврийн хэрэгсэл дотор ТОЗ-78 маркийн бууны сумыг авахдаа буу алдсаны улмаас хажуу талын суудал дээр сууж байсан эхнэр Б.Ц-ын цээжний баруун тал руу буудаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр аавын алга болсон гэсэн тэр тугалыг хайгаад Хэрлэн голын гүүр рүү салхинд гарчихаад ирье гэж ярилцаад гэрээс эхнэртэйгээ гарсан. Би гэрээс гарахдаа хөдөө гарч байгаа юм чинь буугаа шалгаж үзье гээд өөрийнхөө эзэмшлийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн ТОЗ-78 маркийн калебрь буугаа авч өөрийн эзэмшлийн 46-93 УБН улсын дугаартай Toyota premio маркийн тээврийн хэрэгсэлдээ хийсэн. Тэгээд манай эхнэр бид 2 аавын хашаанд очиж нохойд хоол өгчихөөд Хэрлэн голын гүүр рүү явж байхдаа Мэлз уулын хойно урсдаг муу устай голын орчим аавынхаа сарлагын тугалыг хайж байгаад Хэрлэн голын постоор гарч Хэрлэн голын гүүрээр гаралгүй гүүрний хойд талаар засмал замаар салж буугаад эрэг рүү явсан. Хэсэг явж байгаад уулын бэлд очиж зогсоод би машинаас бууж машины арын шилний тавцан дээр тавьсан буугаа аваад чулуу буудаж буугаа шалгаж үзье гээд буугаа сумалсан. Тэгэхэд манай эхнэр машинаас буусан байсан. Тэр үед ойр орчимоор машин яваад байхаар нь эхнэртээ за за машин яваад байна гээд би машиныхаа дэргэд очоод машиныхаа хаалгыг онгойлгоод гэнэт буугаа сумалсанаа санаад бууныхаа замгийг татах гэхэд буу түгжээтэй  замаг татагдахгүй байсан. Тэгээд түгжээг нь мултлахад буу дугараад явчихсан. Энэ үед манай эхнэр машинд ороод урд талын суудалд суучихсан байсан. Намайг машины хаалга онгойлгож байхад манай эхнэр машинд суугаагүй байсан. Намайг буугаа оролдож байхад машинд ороод суучихсан байсан. Тэр үед манай эхнэр надад намайг буудчихлаа гэж хэлсэн. Би айж сандраад машинаа тойроод очиход манай эхнэр машинаас бууж ирсэн. Би айж сандраад баруун мөрийг нь нарийн уяагаар чангалж уяаад дүүргийн эрүүл мэндийн төв явсан. …Одоо манай эхнэрийн биеийн байдал харьцангуй сайжирсан, нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байгаа. Мөн баруун гарын мөрний мэдрэлийн судас залгах хагалгаа хийгдээд биеийн байдал маш сайн байгаа...”, “...Тухайн үед манай эхнэр цагаан өнгийн биеийн тамирын цамцтай байсан, би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би галт зэвсгээ 2014 онд хадам ах Засараа-Сэлэнгэ гэх хүнээс худалдан авсан. Би 2014 онд уг галт зэвсгийг худалдан авч дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгүүлэхэд галт зэвсэг хариуцсан ажилтан зааварчилгаа зөвлөмж болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Зааварчилгаа өгч баталгаа гарган өгч гарын үсэг зурж байсан эсэхээ санахгүй байна. Намайг дүүргийн цагдаагийн хэлтэст 2017 онд галт зэвсгээ бүртгүүлэхэд ямар нэг зааварчилгаа өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104, 108-109 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/.         

Хохирогч Б.Ц- мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд: “...Би 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад нөхөр Б-ы хамт гэрээсээ хадам аавын тугалыг хайж олохоор гарсан. Б- бид хоёр Мэлз уулын хойд талын муу устай голын орчим мөн Хэрлэн голын гүүрний постоор гараад гүүрээр гаралгүй гүүрний хойд талаар засмал замаас зүүн гар тийш салж шороон замаар уулын бэлээр хошуу ороож замаас гарч зогсоод хоёулаа машинаас буусан. Тэгээд Б- машиндаа явсан буугаа шалгаж буу буудаж үзье гээд машины хойд талын шилний тавцан дээр байсан ууттай буугаа авсан. Би машинаас буугаад хайж байсан тугалаа хараад зогсож байсан. Б-ыг буугаа сумлахыг хараагүй. Тэгээд удаагүй ойр орчимоор машин яваад байхаар нь Б- за за болъё болъё машин яваад байна гэж хэлэхээр нь явах гэж байгаа юм байна гэж ойлгоод машиндаа ирж урд талын суудалд суухад хөл доор тавьсан тортой эд зүйл тулаад мөн машины суудал арай урагш болоод хөл тулаад байх шиг санагдаад суудлаа хойшлуулах гээд татуургыг нь татахаар баруун гараа 2 хөлийнхөө дундуур оруулаад доош тонгойсон. Тэгэхэд Б- бууныхаа сумыг авах гэж байгаа бололтой буу нь дугарч байсан. Тэгэхэд гэнэт буу буудагдах чимээ гарсан, миний баруун гар сонин оргиод цус гараад явчихсан. Миний баруун мөрнөөс цус гарч өмссөн байсан цагаан өнгийн цамц цус нэвтрээд эхэлсэн. Тэгэхээр нь би чи намайг буудчих шиг боллоо шүү дээ гэхэд Б- буугаа хаяад машин тойрч гүйж ирээд миний өмсөж байгаа цамцны энгэрийг дэлгэж баруун сугыг сөхөж үзээд цээж рүү нэвтрээгүй юм шиг байна гээд миний баруун мөрийг сугаар нь уяагаар чанга боогоод намайг машины араас суудалд суулгаад Багануур руу маш хурдтай явсан. Тэгэхэд нь би гайгүй байлгүй зөөлөн яв гэж хэлж байсан. Явж байх замдаа дүү рүүгээ утсаар яриад эмнэлэг рүү яаралтай яриарай, ах нь буу алдчихлаа Хэрлэнгийн гүүрнээс очиж явна гэж хэлсэн. Тэгээд чулуун карьер өнгөрөөд хөнгөн бетонон гүүр дөхөж явахад Б-ы дүү М- нь урдаас машинтай тосч аваад хамт явсан. Б- эмч намайг үзсэн. Тэгээд яаралтай эмнэлэг рүү явъя гээд дүүргийн эмнэлэгт ирсэн, эмч нар үзээд Улаанбаатар хотоос эмч дуудаж шөнө 23 цагийн үед хагалгаанд орж маргааш нь Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын төвд очиж 2-3 хоног хэвтэж эмчлүүлж байгаад хагалгаанд орсон. Тэгээд нилээн удаан ухаангүй байсан. Тухайн үед Б- согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.М-ын “...2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гудамжинд явж байхад төрсөн ах Б- өөрийнхөө 99026365 дугаартай утсаар ах нь эгчийн чинь гар руу буу алдчих шиг боллоо, Хэрлэнгийн гүүрний наана байна гэж ярьсан. Тэгэхээр нь би найз болох мэс заслын эмч Б- руу утсаар манай ах буу алдчихсан юм шиг байна, яаралтай явъя, чи ажлынхаа гадаа гараад ир гэж ярьсан. Тэгээд дүүргийн эрүүл мэндийн төвийн гаднаас Б-ыг аваад Хэрлэн голын гүүрний зүг Багануур зоогийн газар өнгөрөөд явж байхад ах Б- урдаас өөрийнхөө машинтай ирж таарсан. Б- бид хоёр машинаас буугаад ах Б-ы машины арын суудалд сууж явсан бэр эгч Ц-ыг Б- үзээд яаралтай эмнэлэг рүү явъя гээд дүүргийн эрүүл мэндийн төвд ирсэн. Тухайн үед бэр эгч Ц-ын баруун гарын мөрийг нарийн уяагаар чангалж уясан байсан. …Тухайн үед манай аав Бямбаа нь надад сарлагын тугал алга болчихоод аав нь хэдэн хоног хайгаад олсонгүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Б-ын “...2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчим ажил дээрээ байж байхад манай найз М- утсаар Хэрлэн гүүрний цаана буу алдаад манай эгч буудагдсан байна. Найз нь машинтай явж байна, очоод авъя гэж яриад удалгүй манай ажлын гадаа ирсэн. Би машинд нь суугаад Хэрлэн гүүр рүү Багануур зоогийн газрын урд талд байдаг цементэн жижиг гүүрийг өнгөрөөд явж байхад М-ын төрсөн ах Б- саарал өнгийн суудлын автомашинтай урдаас ирж таараад замын хажуу руу зогссон. Би машинаас буугаад Б-ы машины арын суудалд сууж явсан эмэгтэйгийн биед үзлэг хийсэн. Тэр эмэгтэйгийн буудуулсан гэх шархыг үзсэн баруун мөрийг буюу буудуулсан шархны дээгүүр нь нарийн уяагаар уясан байсан. Сум нь баруун гарын бугалга руу орсон, мөн баруун гарын сугыг өргөж харахад суга хэсэг нь бага зэрэг хөхөрчихсөн байхаар нь сум нь цээж рүү нь нэвтэрсэн байж болох талтай байсан учир шууд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Гын “...Өнөөдөр Ц-ын цээжний хөндийн уушигний цоорсон шарханд оёдол тавьж битүүлсэн. Одоо өвчтөн хагалгааны дараах байдалтай, биеийн ерөнхий байдал хүнд, ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ц-ын баруун бугалгын гадна дээд талаас баруун цээжний хөндийг нэвтлээд баруун уушигний оройг задалж өвчүүг нэвтэлж цээжний зүүн тал руу нэвтэрч улмаар зүүн уушигний дээд дэлбээг нэвтэлж 3, 4 дүгээр хавирганы завсар сумны хошуу тогтсон байсныг хагалгаа хийж авч, гэмтсэн эрхтэнийг буюу 2 талын уушигний гадаргыг оёж сэргээсэн. Өвчтөнг амьсгалын аппаратаар дэмжиж байгаа. Яагаад гэвэл уушиг нь гэмтэлтэй байгаа. Өвчтөний биеийн байдалд хоёрдогч хүндрэл гарахгүй бол амь насанд нь аюулгүй, амь нас нь аврагдах боломжтой. Өвчтөн анх эмнэлэгт ирсэнийг бодвол биеийн байдал нь тогтвортой байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.М-ын “...Б- бид хоёр нэг айлын баз хүргэчүүд. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед Б- утсаар Мөнхөө ахаа би Хандаагийн мөр рүү нь сум алдчихлаа гэж айж сандарсан байдалтай ярьсан. Багануурын эмнэлэгт очиход дүү Ц- ухаан санаа эрүүл, хүнтэй зүгээр юм ярьж байсан. Улаанбаатар хотоос 2 эмч очиж Ц-ад хагалгаа хийж  уушигийг битүүлж оёсон. Тэгээд маргааш өглөө нь Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт ирсэн. Б-, Ц- хоёр хоорондоо таарамжтай, бие биедээ халамжтай, гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай байцгаадаг. Б- архи дарс, тамхи хэрэглэдэггүй. Ер нь төлөв томоотой, архи уугаад гэртээ агсам согтуу тавьсан гэж сонсоогүй, гэр бүл хүүхдүүддээ халамжтай, хүнд тусархуу залуу. Багануурт Ц-ын төрсөн ах дүү байхгүй, харин Б-ы 2 төрсөн дүү нь байдаг. Б- ахын дүү нар төлөв томоотой хүмүүс байдаг. Би Б-ыг эхнэрээ санаатай буудаж гэмтээсэн гэж бодохгүй байна. Буутай буруу харьцсанаас ийм санамсаргүй зүйл боллоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Багануур дүүргийн 1 дүгээр хороо Эмнэлгийн арын грашнуудын дунд 46-93 УБН улсын дугаартай машинд үзлэг хийсэн...” тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-8 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11382 дугаартай “...Б.Ц-ын биед баруун болон зүүн уушигны нэвт буудагдсан шарх, мэс заслын дараах байдал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлтээс шалтгаална...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №4406 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн буу нь ОХУ-д үйлдвэрлэсэн, спорт-ангын зориулалттай, ТОЗ-78 маркийн буу байна. Шинжлэгдэж байгаа буугаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд хүргүүлсэн буу цэнэглэгдсэн үедээ гох дараагүй байхад гадны доргилтоос буудлага үйлдэх боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №4407 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн буу ОХУ-д үйлдвэрлэсэн, спорт-ангын зориулалттай, ТОЗ-78 маркийн буу байна. Шинжлэгдэж байгаа хонгио нь 5.6ммХ15R загварын, спорт ангын зориулалттай сумны хонгио байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгио шинжилгээнд ирүүлсэн замгандаа 096 дугаартай буугаар буудагдсан...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 82, 83 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №4700 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан цамц болон хар саарал үдээсэнд гэмтэл гарсан байна. Цагаан цамцанд гарсан 129.5 см хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Хар саарал үдээсэнд гарсан 8мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 87, 88-89 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №8767 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б.Ц-ын өмсөж явсан цамцанд буудлагын мөр байхгүй байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 96, 97 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 9500096 дугаар гол төмөртэй, 096 дугаар замагтай, бор шаргал өнгийн үйлдвэрийн онгоц модны үзүүрийг бууны гол төмөртэй хар өнгийн лентээр бууны овоо хараа хүртэл ороосон, хар өнгийн хоёр захаараа улаан өнгийн судалтай, даавуун материалаар хийгдсэн мөрөвчтэй, хараалах хэсгийг бор өнгийн савхиар хүрээлсэн содон шинж тэмдэг бүхий ТОЗ-78 маркийн 1 ширхэг бууг эд мөрийн баримтаар тооцсон...” гэсэн тогтоол, гэрэл зураг /хх-ийн 60, 61 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтыг “...Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалсан болно...” гэсэн албан тоот /хх-ийн 137 дугаар хуудас/

Б.Б- нь “...Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаанд урьд ял шийтгэлгүй...” гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ажлын газрын “...Багануур ХК-д эксковаторын туслах машинч ажилтай...” гэсэн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 110-114 дүгээр хуудас/,

Яллагдагч, хохирогчтой эвлэрсэн тухай “...Б.Ц-ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул нөхөр Б-тай эвлэрсэн болно...” гэсэн эвлэрлийн баталгаа, хохирогчийн эмчилгээнд гарсан зарлын тооцоо “...2.201.456 төгрөгийн…” баримтууд /хх-ийн 135 дугаар хуудас/

Б.Б-ыг “...галт зэвсгийн сургалтад хамрагдаагүй болно...” гэсэн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14у-5/3235 дугаартай албан тоот, Б.Б-ы 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “...Миний бие ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-78 маркийн буу эзэмшдэг бөгөөд бичиг баримтгүй тул миний нэр дээр галт зэвсэг эзэмших гэрчилгээ олгож өгнө үү...” гэсэн өргөдөл /хх-ийн 136, 140-141 дүгээр хуудас/,

Хууль зүйн сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн А/250/А379,437 тоот хамтарсан тушаалын хавсралт /хх-ийн 146-151 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Ц-ын “...өвчний түүх...” /хх-ийн 15-50 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №11382 дугаартай дүгнэлт, шинжээчийн №4406, 4407, 4700, 8767 дугаартай дүгнэлтүүдийн үндэслэлүүд нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Талууд холбогдох аль нэг баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх санал шүүх хуралдаанд гаргаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн голын сав газрын ойролцоо өөрийн эзэмшлийн 46-93 УБН улсын дугаартай Тоёота премио маркийн тээврийн хэрэгсэл дотор ТОЗ-78 маркийн бууны сумыг авахдаа буу алдсаны улмаас хажуу талын суудал дээр сууж байсан эхнэр Б.Ц-ын цээжний баруун тал руу буудан хохирогчийн биед баруун болон зүүн уушигны нэвт буудагдсан шарх бүхий гэмтлүүд учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “...Би бууны сумыг авахдаа буу алдсаны улмаас хажуу талын суудал дээр сууж байсан эхнэр Б.Ц-ын цээжний баруун тал руу буудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104, 108-109 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч Б.Ц-ын мэдүүлсэн “...гэнэт буу буудагдах чимээ гарсан. Тэгээд миний баруун гар сонин оргиод цус гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас/, гэрч Б.М-ын “...Б- утсаар ах нь эгчийн чинь гар руу буу алдчих шиг боллоо гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч С.Б-ын “...Б-ы машины арын суудалд сууж явсан эмэгтэйгийн биед үзлэг хийхэд баруун мөрийг буюу буудуулсан шархны дээгүүр нь нарийн уяагаар уясан байсан. Сум нь баруун гарын бугалга руу орсон, мөн баруун гарын сугыг өргөж харахад суга хэсэг нь бага зэрэг хөхөрчихсөн байхаар нь сум нь цээж рүү нь нэвтэрсэн байж болох талтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, шинжээчийн №11382 дугаартай дүгнэлт “...Б.Ц-ын биед баруун болон зүүн уушигны нэвт буудагдсан шарх, мэс заслын дараах байдал бүхий гэмтлүүд тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

 Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхээс хөдөлбөргүй тогтоогдсон үйл явдалд үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийхэд прокурорын яллах дүгнэлтэд тогтоож ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж үзлээ. Тухайлбал:

        Б.Ц-ын бие махбодид учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн №11382 дугаартай “...Дээрхи гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тодорхойлогдсон нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмтлийн шинжийг агуулжээ.

      Б.Б- нь эхнэр Б.Ц-ыг буудаж гэмтээх сэдэлт, санаа агуулаагүй байсан нь хохирогчийн “…Б- бууныхаа сумыг авах гэж байгаа бололтой байсан. Тэгэхэд гэнэт буу буудагдах чимээ гарсан, миний баруун гар сонин оргиод цус гараад явчихсан…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “…би машиныхаа хаалгыг онгойлгоод гэнэт буугаа сумалсанаа санаад бууныхаа замгийг татах гэхэд буу түгжээтэй  замаг татагдахгүй байсан. Тэгээд түгжээг нь мултлахад буу дугараад явчихсан…” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж дүгнэв.

 Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн санамсар болгоомжгүйгээр хандсан үйлдэл нөлөөлсөн гэж үзлээ.

Иймд Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг ашиглах эрхийг хасч, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүл мэндэд учирсан хохиролд 2.201.456 төгрөгийг шүүгдэгч гарган зарцуулсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж шүүгдэгчтэй эвлэрсэн баримтыг хэрэгт хавсарган ирүүлжээ. /хх-ийн 135 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг  дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх…” гэж зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 9500096 дугаар гол төмөртэй, 096 дугаар замагтай, бор шаргал өнгийн үйлдвэрийн онгоц модны үзүүрийг бууны гол төмөртэй хар өнгийн лентээр бууны овоо хараа хүртэл ороосон, хар өнгийн хоёр захаараа улаан өнгийн судалтай, даавуун материалаар хийгдсэн мөрөвчтэй, хараалах хэсгийг бор өнгийн савхиар хүрээлсэн содон шинж тэмдэг бүхий ТОЗ-78 маркийн бууг галт зэвсгийн тухай хуульд заасан санаатай үйлдэл тогтоогдоогүй тул эзэмшигч Б.Б-д буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х- овгийн Б- Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлын улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х- овгийн Б- Б-ы галт зэвсэг ашиглах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялаас чөлөөлсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 9500096 дугаар гол төмөртэй, 096 дугаар замагтай, бор шаргал өнгийн үйлдвэрийн онгоц модны үзүүрийг бууны гол төмөртэй хар өнгийн лентээр бууны овоо хараа хүртэл ороосон, хар өнгийн хоёр захаараа улаан өнгийн судалтай, даавуун материалаар хийгдсэн мөрөвчтэй, хараалах хэсгийг бор өнгийн савхиар хүрээлсэн содон шинж тэмдэг бүхий ТОЗ-78 маркийн бууг эзэмшигч Б.Б-д буцаан олгосугай.
  8. Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  10.  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ