Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/шш2024/02982

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2024/02982 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22-р хороо, Зайсан, 000 дугаар байр, 2 дугаар орц, 000 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Энхболдын Ш/РД:00000-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, КН апартмент, 6В байр, 2 дугаар орц, 128 тоот хаягт оршин суух, Богдорирваань овогт Ганбатын А /РД:00000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн нэмэлт зардалд 22 654 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Лхамбаасан нар оролцов.

Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Шнь хариуцагч Г.Аад холбогдуулан хүүхдийн нэмэлт зардалд 22 654 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2 хүүхэд хоёулаа сургуульд орсон байгаа. Мөн өдөр өнжүүлэхэд явж байгаа. Үүний төлбөр гэж сар болгон төлдөг. Төлбөрийн 50 хувийг авах шаардлагатай байгаа. Сургуулиа дагаад байр түрээсэлж амьдарч байгаа. Ганцаараа төлж байгаа учраас санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Тиймээс мөн 50 хувийг нь авч байя. Цалингийн зээл аваад хэцүү байна. Хамтраад цаашдаа 50, 50 хувиар 2 хүүхдийнхээ өдөр өнжүүлэхийн төлбөр, түрээсийн төлбөр гээд бүгдийг нь хамт төлөөд явж байя гэж байгаа. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие, Ганбат овогтой А/РД:00000/ нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01661 тоот шийдвэрээр өөрийн хүүхдүүд болох А.Снарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгон цаг хугацаанд нь төлсөөр ирсэн билээ. 2023 оны 3 дугаар сараас хойш ар гэрт гачигдал зовлон ар араасаа гарч, өндөр настай өвөөд минь хүндээр тусч, өвөөгөө асран хамгаалах зорилгоор хөдөө орон нутагт байх шаардлага гарсан тул эрхэлж буй ажлаасаа гарсан болно. Цалингаас өөр орлогын эх үүсвэр байхгүй тул хүүхдүүдийн тэтгэлэг хуримтлагдсан байснаас 2024 оны 02 дугаар сард 2 000 000 төгрөг шүүхийн шийдвэрийн дэргэдэх төлбөр барагдуулах газарт шилжүүлсэн. Үлдэгдэл тэтгэлгийг 4, 5 дугаар саруудад өөрийн боломж бололцооны дагуу хэрхэн барагдуулах талаар хэлсэн болно. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүх дээр дуудсан ба очоод 2 хүүхдийн эх болох Шгийн гаргасан хүүхдийн нэмэлт нэхэмжлэлтэй танилцсан. Уг нэхэмжлэлд сүүлийн 3 жилийн байрны түрээс, хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийн төлбөр зэрэг төлбөрүүдийг нэхэмжилсэн байна. Анхнаасаа харилцан тохиролцож зөвшилцөөгүй, гэрээ хэлэлцээр байгуулаагүй тул Шгийн гаргасан нэмэлт нэхэмжлэл дээрх төлбөрүүдийг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие өнөөдрийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүйн улмаас ямарваа нэгэн орлогын эх үүсвэр байхгүй, санхүүгийн хувьд боломжгүй, хөдөө орон нутагт өвөөгөө асарч тойлж байна. Шүүхийн 183/ШШ2020/01661 дугаарт шийдвэрийн дагуу 2 хүүхдийн тэтгэлэг өгөөд явна. Цаашид тогтсон ажилд орсноор санхүүгийн хувьд боломжтой болмогц 2 хүүхдийнхээ боловсрол мэдлэг дээшлүүлэх асуудалд илүү анхаарч, ээжтэй нь харилцан тохиролцож хуулийн дагуу гэрээ хэлэлцээр байгуулагдсаны үндсэн дээр нэмэлт төлбөр төлөөд явах болно гэв.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Бүрэн скор зээлийн мэдээллийн сан ХХК-ийн зээлийн мэдээллийн лавлагаа, Аын Авиддарийн төрсний гэрчилгээний хуулбар, Шинэтуяагийн Санжайдоржийн төрсний гэрчилгээний хуулбар, Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 45, 46 дугаартай тодорхойлолт, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Өдөр өнжүүлэх төвийн хүүхдийн эцэг эх асран хамгаалагчтай байгуулах гэрээний хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Өдөр өнжүүлэх төвийн хүүхдийн эцэг эх асран хамгаалагчтай байгуулах гэрээний хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0320 бүртгэлийн дугаартай Орон сууц хөлслөх гэрээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ, Энхболдын Шинэтуяагийн Худалдаа хөгжлийн банкны 452573702 тоот дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, Энхболдын Шинэтуяагийн Хас банкны 5003419319 тоот дансны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01661 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.

Хариуцагч талаас хариу тайлбар, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, Ганбатын Аын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгөв.

Шүүхээс 2024 оны 03 сарын 29-ний өдрийн Шүүх хуралдаан хойшлуулах тухай 183/ШЗ2024/07288 дугаартай захирамжаар нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01661 дугаартай шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тус шүүхийн шийдвэрийг шүүхэд ирүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан А.Снарт зарцуулсан нэмэлт зардалд 22,654,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.    Хариуцагч өдөр өнжүүлэх төвд хүүхдүүдийг явуулахдаа өөртэй нь зөвшилцөөгүй, санхүүгийн боломжгүй байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргасан.

3.    Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хангаж, үлдсэн 20,654,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:

 

4.1.        Зохигчдын дундаас 2015 оны 05 сарын 14-ний өдөр охин А.Авиддарь, 2017 оны 12 сарын 27-нд хүү Ш.Санжайдорж нар төрсөн байна (хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар).

 

4.2.        Охин А.Авиддарь, хүү Ш.Санжайдорж нар нь эрүүл бойжиж байгаа, эх Шгийн асрамжид амьдарч байгаа болох нь Амгалан өрх ЗБН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4.3.        Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01661 дугаартай шийдвэрээр эцэг Г.Ааас Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин А.Авиддарь, хүү Ш.Санжайдорж нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Ааас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

5.    Гэр бүлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26.1.Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр, 26.2.1-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх үүрэгтэй байхаар зохицуулсан.

 

6.    Хэрэгт авагдсан 2023 оны 09 сарын 06-ны өдрийн Өдөр өнжүүлэх төвийн хүүхдийн эцэг эх асран хамгаалагчтай байгуулах гэрээг нэхэмжлэгч талаас Цубэма өдөр өнжүүлэх төвтэй байгуулж, охин А.Авиддарийг өдөр өнжүүлэх үйлчилгээнд 2023 оны 09 сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл сарын 500,000 төгрөгөөр хамруулахаар, өдөр өнжүүлэх төв нь хүүхдийн гадаад, дотоод орчны аюулгүй байдлыг хангаж, аливаа осол гэмтэл болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхээр, стандартад нийцсэн анги танхим, хүүхдийн сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлэхээр харилцан тохиролцсон байна. Мөн хүү Ш.Санжайдоржийг тус өдөр өнжүүлэх төвийн үйлчилгээнд ижил нөхцөлөөр хамруулахаар 2023 оны 09 сарын 08-ны өдөр гэрээг нэхэмжлэгч байгуулжээ.

 

7.    Нэхэмжлэгч нь өдөр өнжүүлэх төвийн 2023 оны 09 сар-12 сарын төлбөр 4,000,000 төгрөгийн тал хувь болох 2,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 452573702 дугаартай данснаас 2023 оны 10 сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг Аviddari, Sanjaidorj гэх утгаар (хуулгын 65-р хуудас), 2023 оны 10 сарын 30-ны өдөр Aviddari, Saanji 11 sar гэх утгаар 450,000 төгрөг (хуулгын 65-р хуудасны ар тал), 2023 оны 11 сарын 16-ны өдөр Avid, Saanji 11 sar гэх утгаар 389,000 төгрөг (хуулгын 68 дахь тал), 2023 оны 12 сарын 03-ны өдөр Ave, Saanji 12 sar гэх утгаар 450,000 төгрөг (хуулгын 69 дэхь тал), 2023 оны 12 сарын 26-ны өдөр Авид, Саанжи 12 сар гэх утгаар 450,000 төгрөг (хуулгын 71-р хуудасны ар тал), 2024 оны 01 сарын 25-ны өдөр Ave, Saanji 12 sar гэх утгаар 327,300 төгрөг (хуулгын 75-р хуудас)-ийг Өдөр өнжүүлэх төвийн гэрээнд дурдсан Б.Золбуянгийн 5007958584 тоот дансанд шилжүүлжээ.

 

8.    Дээрх хэрэг авагдсан Өдөр өнжүүлэх төвийн хүүхдийн эцэг эх асран хамгаалагчтай байгуулах гэрээ, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч нь 2 хүүхдийн өдөр өнжүүлэх төвийн зардалд 4,000,000 төгрөг гаргасан болох нь тогтоогдож байна.

 

9.    Хүүхэд өдөр өнжүүлэх төвд хамрагдсан нь Гэр бүлийн тухай хуулийн 48.1-д заасан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэх үндэслэлд хамаарна. Гэр бүлийн тухай хуулийн 48.1.-д онцгой нөхцөл байдалд хамаарах үндэслэлүүдийг нэг бүрчлэн зааж өгөөгүй бөгөөд хаалтан дотор сургуульд орсон гэх мэт гэх байдлаар нээлттэй зохицуулсан. Өөрөөр хэлбэл онцгой нөхцөл байдал гэдгийг тухайн тэжээн тэтгүүлэгчид ердийн үеийнхээс илүү хэрэгцээ шаардлага бий болсон, онцгой гэж үзэхүйц нөхцөл байдлуудыг тооцож болох бөгөөд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн өсөж торних таатай орчин нөхцөлийг хангах зорилгоор өдөр өнжүүлэх төвд хамруулсан нь тэжээн тэтгүүлэгчийн хувьд онцгой нөхцөл байдал юм. Ийм онцгой нөхцөл байдлын хувьд хүүхдийн эрх ашгийн үүднээс гарсан зардлыг хүүхдийн эхтэй хуваан хариуцах нь Гэр бүлийн тухай хуулийн 26.1, 26.2-т заасан эцгийн үүрэгт хамаарна гэж шүүхээс дүгнэлээ.

 

10.  Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48.1 дэхь заалтыг баримтлан 2 хүүхдэд гарсан нэмэлт зардалд 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

11.  Хариуцагчийн санхүүгийн боломжгүй болсон, өдөр өнжүүлэх төвд явуулахдаа зөвшилцөөгүй гэх тайлбар нь хуулийн дагуу онцгой нөхцөл байдал бий болсноор гарсан зардлыг төлөхөд чөлөөлөх үндэслэл болохгүй, эцэг хүүхдийг өсгөж бойжуулах, төлөвшүүлэх үүргийг хуулиар хүлээдэг тул үндэслэлгүй байна.

 

12.  Харин нэхэмжлэгч нь 2021 оны 12 сарын 17-ны өдрөөс эхлэн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн хооронд байр түрээсэлсний төлбөрийн тал хувь болох 20,654,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 48.1-д зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал бий болсноор нэмэлт зардлыг хариуцагчаас гаргуулах зохицуулалттай. Хүүхдүүд орон байраар хангагдах, түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь тэдний хувьд онцгой нөхцөл байдал биш, жам ёсны буюу амьдрах наад захын хэрэгцээ нь байна. Ийм учраас орон сууц хөлсөлсний хөлсийг 20,654,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

13.  Нэхэмжлэгч нь хариуцагч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01661 дугаартай шийдвэрээр тогтоосон хүүхдүүдийн тэтгэлгийг төлөхгүй байгаагаас ганцаараа 2 хүүхдийг орон байраар хангах зэрэгт хүндрэлтэй байгаа талаараа тайлбарлаж байна. Хариуцагч мөн хүүхдийн тэтгэлгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх хугацааг хоцроож байгаа талаараа шүүхэд хариу тайлбар ирүүлдэг. Иймд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул шийдвэрээр үүрэг хүлээсэн тал болох хариуцагч биелүүлэх, нэхэмжлэгч биелэлтийг шаардах, эрх бүхий байгууллагад хандах гэх мэтээр хүүхдүүдийн эрх, ашгийн үүднээс шийдвэрийн биелэлтийг хангуулах нь зүйтэй байна.

 

14.  Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдааны тов дээр 2024 оны 06 сарын 14-ний өдөр гарын үсгээ зурсан байх хэдий ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

15.  Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Гэр бүлийн тухай хуулийн 48.1 дэхь заалтыг баримтлан хүүхдийн нэмэлт зардалд хариуцагчас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,654,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөгийг гаргуулсугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

Даргалагч шүүгч Б.Ганцэцэг