Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 183/шш2024/02930

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/02930 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатонны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Жаргалан хотхон, 1-33 тоот хаягт байрлах, 00000 регистрийн дугаартай, ӨЦ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Скүэр тавр, 4 давхар, 411 тоот хаягт байрлах, 00000 регистрийн дугаартай, БОМ ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Түмэнжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мягмарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ӨЦ нь хариуцагч БОМ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Талуудын хооронд Нүүрс худалдах, худалдан авах гэрээ 2022 оны 10 сарын 03-ны өдөр байгуулагдсан. Уг гэрээний дагуу хариуцагч тал Төв аймгийн Мааньт өртөөнд байгаа чанарын шаардлага хангасан эрчим хүчний нүүрсийг гэрээнд заасан нөхцөлөөр гааль ажиллахад бэлэн болсон барааг нийлүүлэх, худалдан авагч тал гэрээний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Манай компани гэрээний төлбөрийг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал А.Отгонбаатарын дансанд төлөх үүрэг хүлээсний дагуу гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн. Гэтэл хариуцагч тал 51,000,000 төгрөгийн нүүрс дутуу нийлүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Уг төлбөрийг шаардахад тооцооны зөрүү буюу гэрээний буцаалт 51,000,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, төлөхөө цахим захидлааар илэрхийлж байсан. Иймд хариуцагч гэрээний буцаалт буюу Худалдах, худалдан авах гэрээний 1.2-т ачсан Вагонд дутуу ачсан тохиолдолд төлбөрийн зөрүүг худалдан авагч талд буцаан төлнө гэсэн заалтаа нийлүүлэхгүй, хохироож байна. Өөрсдөө 51,000,000 төгрөгийн зөрүү төлбөр байгаа талаараа хүлээн зөвшөөрсөн, зодоогүй, дарамтлаагүй. Нэхэмжилснийх нь дагуу түүнтэй холбоотойгоор БОМ ХХК захирал н.Отгонбаатарыг зодсон, дарамталсан, ширээ тойруулж элдсэн, барьсан гэдэг асуудал цагдаагаар шалгагдаад, прокурор дээр хянагдаад, ийм асуудал байхгүй гэдгийг цагдаа, прокурор нь тогтоочихсон байгаа.

Нүүрсний зөрүү жин нь 3350 тонн байхаас 3133 тонн буюу 217 тонн дутуу. Гаалийн хилээр нэвтрэхэд 3266 тонн нүүрс ачуулсан. Манай компаниас хариуцагч компанийн захирал А.Отгонбаатар өөрөө хүлээн зөвшөөрч, бичиж өгсөн 51,000,000 төгрөгийг нэхэж байгаа болно. Тиймээс манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулаад гэрээний дагуу худалдан авагч гэрээнд заасан төлбөрийг төлж худалдагчийн хувьд манай компани гэрээт нүүрсээ нийлүүлээд тухайн үедээ 2 компанийн хувьд ямар нэгэн тооцооны зөрүү, маргаангүйгээр худалдан авагчдад өөрийн худалдан авсан нүүрсээ борлуулсан. Манай борлуулалт бол дотоодын борлуулалт. 3350 тонн гээд нотлох баримтын шаардлага хангаагүй баримт дээр дурдсан байгаа. Д.Түмэнжаргал 51 000 000 төгрөг залилж авсан гэсэн өргөдлийг цагдаад өгсөн. Цагдаагийн газар 2 компанийн гэрээтэй асуудал байна, үүнийг иргэний журмаар шийдвэрлэ гэсэн хариу өгсөн. Залилж авсан нь нотлогдоогүй. Анхнаас экспортлогчийн хувьд ӨЦ-ийн Д.Түмэнжаргал гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлт, цахим программд шивэх ажлыг өөрөө гүйцэтгэж чадахгүй байсан. Уг нь бол экспортлогчийн өөрийнх нь үүрэг байгаа. Гадаадад бараа экспортолж байгаа бол гаалийн мэдүүлгээ компани өөрөө гаргах ёстой. Ингээд н.Отгонбаатараас туслалцаа гуйгаад, н.Отгонбаатар өөрийн танил н.Түвшинтөгс гэдэг хүнээр хийлгэхээр болоод, н. Түвшинтөгс бүх ажиллагаануудыг хийхээр тохиролцоод тайлан, шивэлт, гаалийн мэдүүлэгтэй холбоотой бүх баримтуудыг Д.Түмэнжаргалаас шаардаад, Д.Түмэнжаргал тухайн үедээ гаалийн ажлын дадлага туршлага дутмагаас мэдээллийг буруу дутуу өгөх, хугацаа алдах, буруу мэдээлэл өгөх зэргээр нэлээд хугацаа алдсан байгаа. Гэхдээ н.Түвшинтөгс гаалийн бүх баримт бичгийг бүрдүүлж өөрийнхөө тохирсон ажлаа хийж дуусаад, Сингапур улс руу явсан байгаа. ӨЦ татварын тайлангийн шивэлтээ хийж чадаагүй. Гаалийн шивэлт, татварын шивэлт 2 бол өөр. Гаалийн мэдүүлгийн шивэлтүүдийг нь н.Түвшинтөгс хийж өгөөд явчихсан. Татварын шивэлтээ хийж чадахгүй байсан. 51 000 000 төгрөгийн тооцооны зөрүүг төлнө гэсэн бичгийг н.Отгонбаатараар хийлгэж авсан байдаг. Тэр 51 000 000 төгрөг гэдэг нь 45 000 000 төгрөг гэж бичээд дараа нь хүү төлүүлнэ, удаалаа гэж шаардаж байгаад 5 000 000 төгрөгийн хүү нэмээд 51 000 000 гэсэн байна лээ. Гэхдээ хэрэгт авагдсан баримтаар энэ бичгүүдийн аль аль нь нотлох баримтын шаардлага хангаж чадахгүй байгаа. Дандаа эх хувь биш хуулбар баримт байгаа. Өнгөт цагираг компани экспортлогчийн хувьд хүлээх бүхий л эрх үүргийг өөрөө бие даан хариуцах үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл тухайн үедээ хоёр компани уулзаж тооцооны акт гаргах ёстой. Гэрээнд актаар баталгаажуулна гээд заасан. Актаар баталгаажуулсан юм байхгүй. Өөрөөр хэлбэл 51 000 000 төгрөгийн нүүрс дутсан гэсэн байсан нотлох баримт хаана ч байхгүй. Ачуулах үед бол хэчнээн тонн нүүрс ачуулаад, хэчнээн тонн дутсан гэсэн ямар ч нотлох баримт байхгүй байгаа. Гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй төмөр замын накладын бичиг баримтыг бүдэг хувь, тэр бүдэг хувийг орчуулсан болохоос эх хувийг нь бас давхар баталгаажуулж өгөөгүй. Ийм учраас ӨЦ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Бид нар 2 тал бизнес хийсэн хэн аль нь харилцан хариуцлага хүлээх ёстой гээд хүн ёсоор 20 000 000 төгрөгийг төлсөн байгаа. Хэрэгт байгаа. Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байгаа. н.Отгонбаатар хэчнээн тонн нүүрс ачуулаад, тэгээд хэдэн төгрөг дутсан гэдэг тооцоогоо хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар нотолж өгөөгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт, 2022 оны 11 дүгээр 07-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт, БОМ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/15 дугаартай албан бичгийн хуулбар, зураг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Г22/45 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ, Нүүрс худалдах, худалдан авах 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Г22/45 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2181 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолын хуулбар, зураг, ӨЦ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Доржпүрэв Түмэнжаргалын Хаан банкны 5003746506 тоот депозит дансны 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, ӨЦ-ийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/262 дугаартай албан бичиг, ӨЦ-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/05 дугаартай хүсэлт, ӨЦ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Г/15 дугаартай Гаалийн улсын байцаагч томилуулах тухай албан бичиг, ӨЦ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Г/14 дугаартай дээж шилжлүүлэх тухай албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөрийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн баримт, Гарал үүслийн гэрчилгээний орчуулга, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гаалийн мэдүүлгийн хавсралт зэрэг баримтыг гаргаж өгөв.

Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Г22/45 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ, БОМ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, , БОМ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22/28 дугаартай албан бичиг, Алтанхуяг Отгонбаатарын Хаан банкны 5076245346 тоот депозит дансны 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг гаргаж өгөв.

Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн:

1.    2024 оны 01 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/04206 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн 2-р заалтын дагуу Tumenjargal нэртэй 99970009 дугаараас Otgoo нэртэй вичат (wechat ID: wxid_41tesf4c37I622) -д 2022 оны 10 сарын 03-ны өдрөөс 2024 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл харилцсан зурваст 2024 оны 03 сарын 20-ны өдөр үзлэг хийсэн (хэргийн 86-87, 99-107 дахь тал, латин үсгээс кирилл үсэгт хөрвүүлсэн нь 109-110 дахь тал).

 

2.    2024 оны 01 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/04206 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн 2-р заалтын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Түмэнжаргалын 93110009 дугаараас хариуцагч компанийн гүйцэтгэх захирал А.Отгонбаатарын 888879069 дугаарт харилцсан зурвас (мессеж)-т 2024 оны 03 сарын 20-ны өдөр үзлэг хийсэн (хэргийн 88-98-р хуудас, латин үсгээс кирилл үсэгт хөрвүүлсэн нь 108-109-р хуудас).

 

3.    2024 оны 01 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/04206 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн 3-р заалтын дагуу хариуцагч БОМ ХХК-аас хэргийн 11-р талд авагдсан 2023 оны 03 сарын 06-ны өдрийн хариуцагч компанийн гүйцэтгэх захирал А.Отгонбаатарын гарын үсэг зурсан баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч талаас уг баримтын эх хувь байхгүй, нэг хувь бичээд нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарласан. (2024 оны 03 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-р тал, хэргийн 77-0 дэхь тал).

 

4.    2024 оны 01 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/04206 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн 5-р заалтын дагуу Хан-уул дүүргийн прокрорын газраас 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 2181 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолтой хэргийн материалаас Д.Түмэнжаргалын гаргасан гомдлын хуулбар, гэрч Ч.Түвшинтөгсийг асуусан мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 1/1018 дугаартай албан бичгээр 2023 оны 09 сарын 13-ны өдөр хяналтын прокурор Б.Өлзийжаргал хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн гомдлын Х-1-5557 дугаартай материалд Ч.Түвшинтөгсийн мэдүүлэг байхгүй байсан тул Д.Түмэнжаргалын гаргасан гомдлыг хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн байна (хэргийн 75-76 дахь тал).

 

5.    2024 оны 01 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/04206 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн 6-р заалтын дагуу нэхэмжлэгч ӨЦ-аас Улаанбаатар төмөр замд вагон хуваарилуулах хүсэлт өгсөн албан бичгийн хуулбар, УБТЗ-аас вагон хуваарилуулсан тушаалын хуулбар, Нүүрс ачиж буулгах талбайд вагон тавиулсан, нүүрс ачиж дууссан, вагоныг буцаан татан авч Эрээн өртөөнд илгээсэн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч талаас 2024 оны 02 сарын 26-ны өдөр нотлох баримт гаргасан тайлбарын хамт хэргийн 67-74 дэхь талд авагдсан баримтуудыг ирүүлсэн. Шүүхээс 2024 оны 01 сарын 19-ний өдрийн захирамжийн 6-р заалтын дагуу шаардсан баримтууд бүрэн ирсэн эсэхийг 2024 оны 03 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр зохигчдоос тодруулж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан.

 

6.    2024 оны 03 сарын 12-ны өдрийн 183/ШЗ2024/05909 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар хариуцагч талын хүсэлтийн дагуу гэрчээр Ч.Түвшинтөгс, Б.Санчирбат нарыг дуудан мэдүүлэг авахаар болж, гэрчүүдэд гэрчийн эрх, үүрэг, хуульд заасан хариуцлагыг сануулж мэдүүлгийг 2024 оны 03 сарын 20-ны өдөр авсан болно (хэргийн 114-119 дэхь тал).

 

7.    2024 оны 05 сарын 17-ны өдрийн Шүүх хуралдаан хойшлуулах тухай 183/ШЗ2024/11397 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэхь заалтыг баримтлан хэргийн 71 дэхь талд авагдсан англи хэл дээрх баримтын орчуулга, 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, түүний хавсралт баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч талаас хэргийн 71 дэхь талд авагдсан 2022 оны 10 сарын 03-ны өдрийн англи хэл дээрх баримтын хуулбар, тус баримтыг Монгол хэл рүү орчуулсан баримт 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, түүний хавсралт баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн эрчим хүчний нүүрсний зөрүү төлбөрт 51,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.    Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 19,642,301 төгрөгийг хангаж, үлдэх 31,357,699 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1.        Нэхэмжлэгч ӨЦ болон хариуцагч БОМ ХХК нар нь 2022 оны 10 сарын 03-ны өдөр Г22/45 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч тал нь Мааньт өртөөнд байгаа чанарын шаардлага хангасан эрчим хүчний нүүрсийг нэхэмжлэгчид нийлүүлэхээр, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсны дараа гэрээний нийт үнийн дүнг 100 хувь Худалдагч талын Хаан банкны дансанд төлбөрийг шилжүүлэхээр 1 тонн эрчим хүчний нүүрсийг уурхайгаас талбай дээр буух хүртэл тээврийн зардалтай ханшийг тохиролцож тонн тутмыг 430 юань байхаар, уурхайгаас гарсан нүүрсийг 3500 тонн, тээврийн хөлсийг 3500 тонн, талбай дээр буух нүүрсийг 3350 тонн-р тооцно, нийт талбай дээр буусан 3350 тонн тутамд барааг худалдан авагчид пүү жинг үндэслэн хүлээлгэн өгөхөөр, вагонд дутуу ачсан тохиолдолд төлбөрийн зөрүүг худалдан авагч талд буцаан төлөхөөр, гэрээ нь 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байхаар харилцан тохиролцжээ (хэргийн 13-14 дэхь тал).

 

3.2.        2022 оны 11 сарын 22-ны өдөр талууд 2022 оны 10 сарын 03-ны өдрийн дугаар Г22/45 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн гэрээний 430 юаныг зах зээлийн өсөлтөөс хамаарч 70 юанаар нэмэгдүүлж, нийт 500 юанаар тохирч, нийт 797,300,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож, гэрээнд гарын үсгээ зуржээ (хэргийн 15 дахь тал).

3.3.        2023 оны 09 сарын 13-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2181 дугаартай тогтоолооор нүүрс нийлүүлнэ гэж мөнгө авсан нь залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Д.Түмэнжаргалаас БОМ ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгонбаатарт холбогдуулан гаргасан гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна (хэргийн 17, 75-76 дахь тал).

 

3.4.        Гэрээнд заасан нүүрсийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийн тулд гаальд Дорнын нүүрс ХХК-ийн нэр дээр мэдүүлсэн байна (хэргийн 68 дахь тал, 2024.07.02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2, 8-р тал).

 

3.5.        Нэхэмжлэгч нь Нүүрс худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2022 оны 11 сарын 22-ны өдөр 500,000,000 төгрөг, 146,300,000 төгрөг, 2022 оны 10 сарын 03-ны өдөр 151,000,000 төгрөг нийт 797,300,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ (хэргийн 7-8 дахь тал).

 

4.    Зохигчдын хооронд байгуулагдсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч буюу БОМ ХХК нь худалдан авагч болох ӨЦ-д 3350 тонн эрчим хүчний нүүрсийг нийлүүлэхээр, худалдан авагч нь үнийг төлөхөөр тохиролцсон байгаагаас талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

5.    Нүүрс худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42.2-т заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болжээ.

 

6.    Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243.1-д зааснаар гэрээгээр хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлж, хариуцагчид нийт 797,300,000 төгрөгийг төлсөн байна.

 

7.    Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг Нүүрс худалдах, худалдан авах гэрээнд заасан 3350 тонн нүүрсийг нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, 51,000,000 төгрөгт тооцогдох нүүрсийг дутуу нийлүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч бүрэн биелүүлсэн гэж маргаж байна. Иймд талуудын маргааны зүйл нь Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу хэдэн тонн нүүрсийг нийлүүлж, хүлээлцсэн эсэх байна.

 

8.    Иргэний хуулийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгө, түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, тус хуулийн 247.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжихээр заасан. Мөн Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 2-т худалдагч нь 3350 тонн нүүрсийг худалдан авагчид пүү жинг үндэслэн хүлээлгэн өгөх үүрэгтэй байхаар талууд тохиролцсон байна.

 

9.    Иймд нэхэмжлэгчид хэдэн тонн нүүрсийг хүлээлгэж өгснөө нотлох, худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн эсэхээ нотлох нь хариуцагчийн үүрэг байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг шаардлагаа нотлоогүй гэж тайлбарлаж байх хэдий ч хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээнд заасан эд хөрөнгийг шилжүүлснээ, хүлээлгэж өгснөө худалдагч тал нотлох ёстой. Хариуцагч нь 3350 тонн нүүрсийг бүрэн нийлүүлсэн гэж тайлбарлаж байх хэдий ч уг тайлбараа дэмжсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

10.  2024 оны 05 сарын 17-ны өдрийн Шүүх хуралдаан хойшлуулах тухай 183/ШЗ2024/11397 дугаартай захирамжаар 2022 оны 10 сарын 03-ны өдрийн Certificate of origin буюу Гарал үүслийн гэрчилгээ нэртэй англи хэл дээрх баримтын хуулбар (хэргийн 71-р талд авагдсан баримт), тус баримтыг Монгол хэл рүү орчуулсан баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулсан боловч нэхэмжлэгч нь өөрт байгаа баримтаа гаргаж өгсөн, эх хувь байхгүй гэсэн тайлбарыг гаргасан (2024.05.17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь тал). Иймд шүүхээс 2022 оны 10 сарын 03-ны өдрийн англи хэл дээрх баримтын хуулбар (хэргийн 71-р талд авагдсан баримт), Монгол хэл дээрх орчуулгын баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан эх хувь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй учраас нотлох баримтаар үнэлээгүй, уг баримтын агуулгад дүгнэлт хийхгүй. Хариуцагч нь өөрийн татгалзлаа шаардлага хангасан нотлох баримтаар дэмжих, өөрөө олж авах боломжгүй ач холбогдолтой баримт байвал шүүхэд хүсэлтээ гаргах эрхтэй байсныг дурдах нь зүйтэй.

 

11.  Түүнчлэн хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгад 2023 оны 05 сарын 13-ны өдөр хариуцагч компанийн гүйцэтгэх захирал А.Отгонбаатар Хаан банкны 5076245346 дугаартай данснаас Д.Түмэнжаргалын эзэмшлийн 5003746506 дугаартай данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь vagon huleeltiin tulbur (вагон хүлээлтийн төлбөр) гэсэн гүйлгээний утгатай байх тул хариуцагч нүүрсний зөрүү төлбөрийг төлсөн гэж үзэхгүй, хамааралгүй байна (хэргийн 56, 57дахь тал).

 

12.  Нэхэмжлэгч нь хариуцагч талаас дутуу нийлүүлсэн нүүрсний зөрүү төлбөрт 51,000,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т нотлох үүрэгтэй. Хариуцагч тал тодорхой мөнгөн төлбөр төлөхөө нэхэмжлэгч талд илэрхийлж байсан болох нь 2023 оны 7, 8 сард ... ахынхаа мөнгийг арай ч удаачихлаа, мөнгө орж ирдэггүй, та бизнес хийдэг хүн дүүгээ ойлгооч ..., ах аа нэг дэх өдөр үдээс хойш өгнө, ... өнөөдөр хэлсэндээ хүрчих гээд л явж байна, таны данс надад байгаа, жаахан хүлээгээч нэмээд 5 саяыг хүү болгож өгье, ...20 гэхэд мөнгө шилжүүлэх гээд л байна ... гэх мэтээр шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан мессеж зурвас (хэргийн 108-110 дахь тал)-аар нотлогдож байгаа хэдий ч уг зурвасаар ямар хэмжээний төлбөрийг ямар үндэслэлээр төлөх талаар тодорхой дурдагдаагүй байна.

 

 

13.  Нэхэмжлэгч 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 23/15 дугаартай захирал А.Отгонбаатарын гарын үсэгтэй БОМ ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгонбаатар миний бие Монгол улсын иргэн Д.Түмэнжаргалд 20/22-09.29 тоот гэрээний буцаалт болох 51,000,000 төгрөгийг 2023 оны 04 сарын 03-нд төлөхөөр тохиролцсон нь үнэн болно гэх агуулгатай албан бичгийг шаардлагынхаа үндэслэл болгож байгаа хэдий ч уг баримтад Хан-Уул дүүргийн прокурорын газрын тамга дарагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. Өөрийн шаардлагын үндэслэл болгож буй нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан үүрэг бөгөөд шүүхээс энэ талаар тодруулж байсныг дурдах нь зүйтэй (2024.05.17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь тал). Иймд шүүхээс 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 23/15 дугаартай захирал А.Отгонбаатарын гарын үсэгтэй баримтыг нотлох баримтаар үнэлээгүй (хэргийн 10 дахь тал). Хариуцагч 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 23/15 дугаартай баримтын эх хувийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал хүчээр дарамталсны үндсэн дээр хариуцагч компанийн гүйцэтгэх захирал А.Отгонбаатар үйлдэж, гарын үсэг зурсан гэж тайлбарлаж, гэрчээр Б.Санчирбат, Ч.Түвшинтөгс нарыг асуусан боловч гэрчүүд хүч хэрэглэж, баримт үйлдүүлсэн гэж мэдүүлээгүй байна (хэргийн 115-116, 118-119 дэхь тал).

 

14.  Түүнчлэн зохигчид 51,000,000 төгрөгийг 45,000,000 төгрөг дээр 5 сая төгрөгийн хүү нэмж тооцож гарсан гэж тайлбарладаг (2024.05.17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дэхь тал, 2024.07.02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь тал). Зохигчдын уг тайлбараас шүүх нэхэмжлэгч 51,000,000 төгрөгийг нүүрсний зөрүүд үндэслэж бодитойгоор тооцож гаргаагүй гэж дүгнэлээ.

 

15.  Эцэст нь нэхэмжлэгч хэдэн тонн нүүрсний зөрүүг нэхэж байгаагаа 2024 оны 05 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд ...Монгол улсын гаалиар 2022 оны 12 сарын 30-ны өдөр гарсан мэдүүлэгт дутуу нүүрс нийлүүлсэн нь харагдана ..., 84 тонн нүүрсний зөрүү гарсан гэж (шүүх хуралдааны тэмдэглэлийн 7-10 дахь тал), 2024 оны 07 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд ... 217 тонн нүүрсний зөрүү шаардаж байна, 3350 тонн байхаас 3133 тонн ... (шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-7 дахь тал) гэж тайлбарлажээ. Ийнхүү нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөрүүтэй тайлбарлаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 217 тонн нүүрс дутсан гэдэг дээр ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

16.  Хэрэгт авагдсан 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт илгээгч Дорнын нүүрс ХХК хүлээн авагч нь Inner Mongolia Yazeng trading co.,ltd, барааны нэр битумт үл барьцалдах, боловсруулаагүй нүүрс, хэмжих нэгж, тоо хэмжээ 3,266.2 тонн, цэвэр жин 3,266,200 кг, валютын ханш 468.79 гэжээ. Уг баримтад үндэслэн шүүхээс нүүрсний зөрүү буюу хариуцагч талаас нийлүүлсэн нүүрсний хэмжээг Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт тусгагдсан хэмжээгээр буюу 3,266.2 тонн гэж үзлээ. Нэхэмжлэгч анх Нүүрс худалдах, худалдан авах гэрээнд заасан байршил болох Төв аймгийн Мааньт өртөөнд нүүрсийг ачихдаа нүүрсний тоо хэмжээг баталгаажуулсан баримт үйлдээгүй (2024.07.02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь тал), үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй учраас нүүрсийг Монгол улсын хилээр гарах үеийн байдлаар хэмжсэн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн.

 

17.  Иймд Нүүрс худалдах, худалдан авах гэрээнд заасан 3350 тонн нүүрснээс хариуцагч тал 3,266.2 тонн нүүрс нийлүүлсэн, 83.8 тонн нүүрсийг дутуу нийлүүлж, гэрээний үүргээ зөрчжээ.

 

18.  Шүүхээс 2024 оны 05 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ юаны төгрөгтэй харьцах ханшийг хэрхэн тооцсон талаар тодруулж асуухад 2022 оны 12 сарын 07-ны өдрийн байдлаар 525 төгрөг гэх тайлбарыг гаргасан хэдий ч уг нотлох баримтыг гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

19.  Иргэний хуулийн 225.1-т "талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар, мөн хуулийн 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол, 226.1.2.үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж зохицуулжээ.

 

20.  Нэхэмжлэгч нь дутуу нийлүүлсэн нүүрсийг хариуцагчаас шаардаагүй, харин түүнд ногдох шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байгаа, Нүүрс худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон тул нэмэлт хугацаа тогтоохгүйгээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний зүйл нь хуваагдах шинжтэй үүрэгт хамаарах эд хөрөнгө байх бөгөөд нэхэмжлэгч нь нүүрсийг дутуу нийлүүлсэн үндэслэлээр гэрээний үүргээс хэсэгчлэн татгалзах эрхтэй.

 

21.  Иргэний хуулийн 205.1-д "хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

 

22.  Нэхэмжлэгч нь хариуцагчийн Нүүрс худалдах, худалдан авах гэрээнд заасан 3350 тонн нүүрсийг нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, зөрчсөн үндэслэлээр гэрээнээс хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй байна.

 

23.  Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 2022 оны 11 сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр нэг тонн нүүрсний үнийг 500 юань байхаар талууд харилцан тохиролцсон тул дутуу нийлүүлсэн 83.8 тонн нүүрсийг Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт тусгагдсан юаны төгрөгтэй харьцах ханш 468.79 төгрөгөөр тооцож нийт 19,642,301 төгрөг (83.8*500*468.79=19,642,301)-ийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

24.  Нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 243.1, 205.1-д зааснаар хариуцагчаас 19,642,301 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,357,699 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

25.  Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 256,161 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243.1, 205.1-т заасны дагуу хариуцагч БОМ ХХК-аас 19,642,301 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ӨЦ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,357,699 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 256,161 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатонны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ