Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Өмгөөлөгч С.Энхзул

Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Ш-т холбогдох эрүүгийн 1720000140015 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б.Ш,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.Ш нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт Төмөр замын 1-01 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Ш-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн эрүүний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Ш мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн тайлбартаа: Би 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө найзууд болох Б түүний эхнэр Т, С, эхнэр Ш бид тав улаан хонхорын жуулчны баазын караокегоор үйлчлүүлсэн. Тэнд бид нар 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад 00 цагаас 01 цагийн орчим сумын төвд хүрч ирээд найз Б-д очиж тэндээ хонохоор болоод байж байтал эхнэр Ш энд хонохгүй гээд уурлаад гараад явсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гараад гэрлүүгээ явж байх замдаа Ш-тэй тааралдаж бид 2 гэрлүүгээ явсан. Гэрийн гадна очоод хэрэлдэж маргалдаад зодолдсон. Энэ үед би Ш-н шанаанд нь гараараа цохиж биед нь гэмтэл учруулсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Намайг цохисноос болж түүний зүүн талын эрүү нь хугарч гэмтсэн. Эхнэрийн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг бүгдийг нь төлж эмчилгээг хийлгэсэн. Эхнэр маань намайг одоо уучилсан. Би согтолттой байсан боловч үйл явдлыг ойлгож ухамсарлах чадвартай байсан. Ш тухайн үед согтолттой байсан. Тухайн үед миний төрсөн эгч Э гэрээсээ гарч ирж бид хоёрыг салгасан гэв.

-Хохирогч Ц.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 06 дугаар сарын 30-ны орой Замын-Үүд сум 3-р баг жуулчны баазад найзуудын хамт 2 шил архи хувааж ууж, караокед орсон. Тэгээд 02 цагийн үед гэртээ хүргүүлж ирсэн. Жуулчны баазад хэрүүл маргаан болон зодоон болоод хашаандаа ирээд нөхөр Ш бид хоёр гэр бүлийн хувийн маргаанаас болж маргалдаж зодолдсон. Ш бид 2 зодолдож байхад бид хоёрын хажууд Ш-н эгч Э байсан. Манай нөхөр Ш гараараа миний нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулсан. Миний эрүүний зүүн талын яс нь хугарсан. Хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Өөр гэмтэл бэртэл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо Ш-г хаана байгааг мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 7-9/

- Гэрч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: 2017 оны 06 дугаар сарын 30-ны орой 23:00 цагийн орчимд нөхөр 3 охин, хүргэний хамт Замын-Үүд 3-р баг Төмөр замын 1-1 тоотод буюу гэртээ унтаж амарсан. Унтаж амарч байх хугацаанд буюу шөнийн 02:00 цагийн орчим гэрийн гадаа үүдэнд Ш нь Ш-г ор гээд, Ш нь орохгүй гээд хоорондоо муудалцаж байсан. 10 гаран минутын дараа гэнэт Ш нь чанга орилохоор нь гарч хартал гэрийн үүдний амбаарын гадаа Ш нь Ш-г газар үсдээд унгаасан байдалтай байхаар нь би Х, Х, Х нарын хамт тэр хоёрыг салгаж гэрлүү оруулсан. Гэрт ороод Ш нь Ш-г чи өөр хүнтэй болсон байна лээ. Би чиний утасны билл болон дансны чинь мэдээллийг авсан гээд зодолдох гээд байсан болохоор бид нар хоёр талд нь хорьж зогсоод зодолдуулаагүй. Тухайн үед би Ш-г хориод хажууд нь хоёр гарыг бариад зогсож байхад Ш гэнэт ухасхийж гараад зугтаасан. Араас нь Ш гараад гүйсэн. Тухайн үед би Ш-г гэрээс гаргахгүйг хичээсэн боловч дийлдэхгүй байсан. Ш, Ш нар ар араасаа гараад гүйсний дараа би Х, Х, Б нарын хамт араас нь гарахад урд талын айлийн зүүн талын шороон дээр Ш, Ш хоёр хоорондоо зодолдож байхаар нь бид нар салгаж гэрлүү оруулахад Ш-н хүзүү нь өрөөсөн тал руу буюу зүүн талруугаа гилжийгээд хамарнаас нь нилээн цус гарсан байдалтай байсан ба Ш-г зайл гэхэд Ш хувцасаа цүнхэндээ хийгээд явлаа гээд гараад явсан. Хаашаа явсан болохыг нь мэдэхгүй байна. Ш бие заслаа гээд гадагшаа манай охин, хүргэн хоёроор түшүүлэн гарсан ба жорлонд утсаар хүнтэй яриад байх шиг байсан. Удалгүй энэ талаар ахтайгаа ярьж байсныг мэдсэн. Ах нь Улаанбаатар хотоос утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж цагдаагийн алба хаагч манайд ирж түргэн тусламж дуудан Шинэчимэгт анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн үед Ш, Ш нар нь хардалтаас болж маргалдаад байсан ба Ш нь бид нарын хажууд гартаа ямар нэгэн зүйл бариагүй, гараараа Ш-г цохиж байсан ба гадаа бол ямар байдалтай яаж цохиж гэмтэл учруулсныг нь мэдэхгүй байна. Ш-н биед Ш гэмтэл учруулсан. Тухайн үед Ш нь Ш-с өөр хэн нэгэнтэй муудалцсан зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 14-15/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

-Шинжээчийн 268 тоот дүгнэлт: 1.Ц.Ш-н биед зүүн эрүү ясны зөрөөтэй хугарал, баруун чих, зүүн мөр, тохой, шуу, зүүн өвдөгний зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Дээрх гэмтлүүдийн нь зүүн эрүү ясны зөрөөтэй хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун чих, зүүн мөр, тохой, шуу, зүүн өвдөгний зөөлөн эдийн гэмтлүүд нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана  гэжээ. /хх-ийн 19/

-Гэмтэл согог үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 25-32/

-Шүүгдэгч Б.Ш-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-34/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/

-Жолоочийн лавлагаа, 2012 оны автотээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36-37/

-Ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 38/

-Овог, нэр, регистрийн лавлагаа /хх-ийн 39/

-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 40-41/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч Б.Ш нь нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Ш хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн эрүүний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Э-н “...Тухайн үед би Ш-г хориод хажууд нь хоёр гарыг бариад зогсож байхад Ш гэнэт ухасхийж гараад зугтаасан. Араас нь Ш гараад гүйсэн. Тухайн үед би Ш-г гэрээс гаргахгүйг хичээсэн боловч дийлдэхгүй байсан. Ш, Ш нар ар араасаа гараад гүйсний дараа би Х, Х, Б нарын хамт араас нь гарахад урд талын айлийн зүүн талын шороон дээр Ш, Ш хоёр хоорондоо зодолдож байхаар нь бид нар салгаж гэрлүү оруулахад Ш хүзүү нь өрөөсөн тал руу буюу зүүн талруугаа гилжийгээд хамарнаас нь нилээн цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 268 тоот дүгнэлт, гэмтэл согог үндэсний төвийн өвчний түүх зэрэг баримтуудаар гэм буруутай нь тогтоогдсон.

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Ш-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Б.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Ш-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ш-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ш нь оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Э.БОЛОРМАА