| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/01379/И |
| Дугаар | 183/шш2024/02929 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 183/шш2024/02929
2024 оны 07 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/02929 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, баг, Хайрхан баг, -р байр, 14 тоот хаягт оршин суух, Хотгойд овогт Лын Н./РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 00-р хороо, 0 тоот хаягт байрлах, ТТХ ХХК/РД:00000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хайрганы үнэ 7 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Лхамбаасан нар оролцов.
Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Н. нь хариуцагч ТТХ ХХК-д холбогдуулан хайрганы үнэ 7 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ТТХ ХХК Шарын гол суманд өнгөрсөн жилийн намар тендерээр төсвийн зам тавьсан. Зам тавихад өөрсдийнх нь материал дутсан учраас надаас Шарын голын ард талд Хонгор сумын нутаг Буурт гэдэг газраас 20 машин хайрга авсан. Тэр 20 машин хайрганы үнэ болох 7 200 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Намар нь ажлын гүйцэтгэлийн 80 хувийг авчхаад мөнгийг өгчихнө гэж хэлэхээр нь би бичиг цаас үйлдээгүй өгчихсөн. Мөнгийг нь одоо хүртэл авч чадахгүй 7, 8 сар явж байна. Төгс зам ХХК-ийн надад хийж өгсөн итгэмжлэл байгаа. Түүнийг шүүхэд өгсөн байгаа гэжээ.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Төгс зам ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23/60 тоот итгэмжлэл олгох тухай албан бичгийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.
Хариуцагч талаас ТТХ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Татварын албаны аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, Татварын албаны аж ахуй нэгжийн татварын тайлан, итгэмжлэл, ТТХ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.
Шүүхээс 2024 оны 06 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч талын хүсэлтээр Naranbaatar Lkhagvajav фэйсбүүк хаягаас Бат-Эрдэнэ Баагийнаа фэйсбүүк хаяг руу илгээсэн 2023 оны 06 сарын 16-ны өдрийн албан бичигт үзлэг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хайрганы үнэд 7 200 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.
2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 8 болон 9 сард 360 м.куб хэмжээ бүхий хайргыг нэг м.кубыг 20,000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн байна (нэхэмжлэгчийн тайлбар, шүүхээс үзлэг хийсэн 2023 оны 06 сарын 14-ны өдрийн итгэмжлэлд 20,000 төгрөг гэж бичсэнээр). Хариуцагч талаас уг хайргыг хүлээн авсан эсэх, хайрганы үнэ дээр эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
4. Иргэний хуулийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй бөгөөд Иргэний хуулийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасны дагуу талууд хэлцлийг амаар хийж болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 360 м.куб хайргыг хариуцагчид нэг м.кубыг 20,000 төгрөгөөр тооцож хариуцагчид 7,200,000 төгрөгөөр нийлүүлэхээр, хариуцагч хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй байгаагаас талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагджээ.
6. Хариуцагч нь хайрганы үнэ 7,200,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Шүүхээс 2024 оны 02 сарын 27-ны өдөр Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох баримтаа гаргах боломжтой байсан хэдий ч энэ үүргээ биелүүлээгүй тул хуулийн дагуу нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон болохыг дурдья.
7. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243.1-т заасны дагуу хайрганы үнэд 7,200,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй.
8. Шүүх 2024 оны 06 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулсан, тус хуралдаан дээр хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хариуцагч гарын үсгээ зурсан байх хэдий ч хариуцагч 2024 оны 07 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
9. Нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хайрганы үнэд 7,200,000 төгрөгийг хариуцагч ТТХ ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Л.Н.т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ