Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/522

 

 

 

 

 

 

    2022           05             17                                       2022/ДШМ/522

 

       Н.М-т холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ж.Б,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,          

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2110013970784 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Н.М, 1986 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ....................оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны подвалд оршин суух, /РД:............................/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/569 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйпийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг биелүүлээгүй тул хорих ялаар сольж, 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн;

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” хүнсний дэлгүүрийн орчим иргэн В.О-тай маргалдаж, улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас В.О нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиж эмчилгээ хийгдэж, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тархины хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ........ тоотод нас барсан хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овгийн Н.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.М-ийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Мт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М-ийн урьдчилан цагдан хоригдсон 177 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Н.М-ээс 2.966.770 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Х-д олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 9-18 насны 3 охины хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны подволд түрээсээр өрх толгойлон амьдардаг. 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэрийн ойролцоо “.....” хүнсний дэлгүүрийн орчим, хохирогч В.О гэх эмэгтэйтэй маргалдаж хэл амаар доромжилсонд нь биеэ барьж чадалгүй түлхсэндээ маш их харамсаж байна. Тухайн үед намайг доромжлон зодохоор дайрсан учир би өөрийгөө хамгаалах зорилгоор түлхсэн минь ийм хэрэг болж хүний алтан амь үрэгдсэнд маш их эмзэглэж байна. Б.Л мэдүүлэг өгөхдөө “түлхэж унагаасан гээд, нэг болохоор маргалдаж түлхэж унагаасныг хараагүй” гэсэн байна.

Хэдийгээр, хүний амь эрсдэлд оруулсан гэмт хэрэгт шүүгдэгч байгаа ч тухайн үед гэнэт олон хүмүүс гэрээс минь хүчээр цагдаагийн хэлтэст очсон тул би шокын байдалд орж юу асуусан, юу гэж хариулснаа мэдэхгүй байсан. “Талийгаач тархины дутмагшил, тархины тураал хэвтрийн хатгаагаар нас баржээ” гэх мэдүүлэг байгаагаас үзвэл тухайн үед архины хараат хүмүүстэй архи ууж багахан доромжлохыг тэсвэрлэж чадахгүй маргалдаж өөрийгөө хамгаалах зорилгоор түлхснээс болж өсвөр насны 3 охиноо өөрийн эгч Н.О-д орхиж, 7 жилийн хорих ялаар шийтгүүлж байгаадаа маш их гэмшиж байна. Би талийгаачийг санаатайгаар гэмтээн амь насыг хохироох гэсэн зорилготой байгаагүй. Талийгаач над руу чиглэсэн дайрсан үйлдлийг холдуулан өөрийгөө хамгаалах гэж түлхсэн нь үнэн. Миний байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Н.М-ийн өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өчигдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгчээс хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн 1 хуудас баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөх хүсэлтэй байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд хэргийн прокурорт буцаах саналтай оролцсон. Хэрэг болдог өдөр хэргийн газарт хохирогч, шүүгдэгч болон талийгаачийн хамтран амьдрагч Л нарын 3 хүн байсан. Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон явдлыг харсан, эсвэл хараагүй, урд нь алхаад явж байсан зэргээр өөр өөрөөр эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэхүү гэмт хэрэг тохиолдлын шинжтэй, хохирогчийн буруутай үйлдлээс үүссэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын хамгийн доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэв.

 

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирол, хор уршгийг төлсөн учир ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Хор уршигт гарсан зардал буюу эмчилгээ, оршуулгатай холбоотой зардал нь хор уршигтай холбоотой зардал учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хохирол төлөгдсөн гэдэг байдлаар ял шийтгэл хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.М-ийг  2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” хүнсний дэлгүүрийн орчим иргэн В.О-тай маргалдаж, улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас В.О нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиж эмчилгээ хийгдэж, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тархины хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг биелүүлээгүй ноцтой зөрчил гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж хуульчилсан байна.

Түүнчлэн, Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцид гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстой талаар дурдсан бөгөөд уг конвенцын  3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхдэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ.” гэж тус тус зааж хүүхдийн эрхийг нэн тэргүүнд хангаж байхыг зарчим болгожээ.

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалтад хорих газарт ял эдэлж байгаа гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаалахаар заасан бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тухайн хүүхдэд хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалахтай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг тухайн дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр,

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүүхэд хамгааллын үндсэн зарчим, стандартыг удирдлага болгоно” гэж тус тус заажээ.

Прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхэд бүхэлд нь хяналт тавих үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал болох түүний хүүхдүүдийн талаарх нотлох баримтыг хэрэгт цуглуулж бэхжүүлээгүй байгаа нь дээр дурдсан хууль, Олон улсын гэрээ, конвенцид заасан хүүхдийн эрх ашиг зөрчигдсөж болзошгүй буюу тэдний эрхийг хязгаарласан зөрчил гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд,

гэрч Н.О-ын “...М-ийн 3 хүүхэд нь эцгүүдийнхээ ээжүүд дээр өсөж байгаа байх. Сүүлийн нэг жилийн хугацаанд хаагуур юу хийж явж байгаа талаар мэдэхгүй байна...” /1хх 70/,

гэрч Н.Б-ын “...өмнө нь нэг хүнтэй гэр бүл болж, 2 хүүхэдтэй болж байсан гэж ярьдаг, одоо хүүхдүүд нь эгч дээр нь байдаг гэж байх шиг байсан, бага охин нь бол 2 дахь салсан нөхөртэй нь хамт амьдардаг гэж байсан...” /1хх 72/,

гэрч Т.Б “...М нь миний охины ээж нь байгаа юм. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй...” /1хх 75/ гэсэн зөрүүтэй мэдүүлгүүд авагджээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М нь 9-18 насны охидууд маань эгч Н.О дээр байгаа гэж мэдүүлж байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.М-ийг хэдээс хэдэн насны хэдэн хүүхэдтэй, тэдгээрийн төрсний гэрчилгээ, хаана хэнтэй, хэний асрамжид амьдарч байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдал тогтоогдлоо. Хүүхдүүдийн талаар хэрэгт ямар нэгэн баримт цуглараагүй тул  давж заалдах шатны шүүхээс хүүхдүүдийн асрамжийн талаар шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн магадлалд заасан асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.М-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасан тул шүүгдэгч Н.М-ийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.М-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Н.М-т холбогдох хэргийг прокурорт очтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ