Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч С.А, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Б нарт холбогдох эрүүгийн 201710010113 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, дээд боловсролтой, уулын ашиглалтын мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, С.А,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Г.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч С.А нь 2016 оны 10 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотоос Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгааралсан бараа болох 300 блок буюу 3000 хайрцаг Эссэ лайтс нэртэй янжуур тамхийг худалдан авч Г.Б-р 2017 оны 04 сарын 19-ний өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 90-62 УБЭ улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 04 сарын 19-ний өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 90-62 УБЭ улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд хязгаарласан бараа болох 300 блок буюу 3000 хайрцаг Эссэ лайтс нэртэй янжуур тамхийг нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот тавилгын дэлгүүрээс гэртээ тавилга худалдаж аваад авсан тавилгаа ачуулах гээд зогсож байтал Өвөрмонгол залуу над дээр ирээд “надад Эссэ лайтс төрлийн янжуур тамхинууд байна, цагаан сарын үеэр зарж чадвал хямд үнээр чамд заръя, нэг хайрцагийг нь 1700 төгрөгөөр тооцоод өгье, ашиг нь гайгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би тамхи зарж үздэг юм уу гэж бодоод гэрийн тавилга авах мөнгөнөөсөө хасаад эхний ээлжинд 3 сая төгрөг түүнд бэлнээр өгөөд 6 хайрцаг Эссэ лайтс төрлийн янжуур тамхи худалдаж авахаар тохиролцсон бөгөөд захиалга өгснөөс хойш хэд хоногийн дараа Улаанбаатар хот руу явуулна, чи өөрөө тосоод аваарай гэсэн. Ингээд би гэртээ очоод бараа захиалсан Өвөрмонгол залуу өөрийнхөө гар утасны ви чатаар холбогдоход бараа чинь тэгэж байгаад гарнаа, одоо арай болоогүй байна, битгий санаа зов, цагаан сараас өмнө нь явуулчихна гэж хэлэхээр нь нэг их юм бодолгүй ингэж уддаг юм байлгүйдээ гэж бодоод хүлээгээд байж байсан. Тэгсэн 2017 оны 04 сард нөгөө Өвөрмонгол залуутай ви чатаар холбогдсон чинь би чиний барааг хүнд өгөөд явуулчихлаа, бараагаа Улаанбаатар хотоос тосоод аваарай гэж хэлсэн. Ингээд би бараагаа хэзээ ирэх юм бол гээд хүлээгээд байж байтал хэд хоногийн дараа нөгөө Өвөрмонгол залуу над руу ви чатаар холбогдоод чиний захиалсан бараа чинь хил дээр саатуулагдсан байна, өгч явуулсан жолоочтой нь яриад юу болсон талаар асуучих гээд гар утасны дугаарыг өгсөн. Тэгээд утсаар нь холбогдсон чинь  нэг эрэгтэй хүн утсаа аваад “надад өгсөн ачаан дунд хайрцагтай тамхинууд байна, би уг нь тамхи байгаа гэдгийг мэдээгүй гаалийн хяналт шалгалтаар оруулсан чинь гараад ирлээ, тамхинууд чинь одоо хил дээр саатуулагдчихлаа” гэхээр нь би “ямар учиртай яагаад хураалагчихваа, уг нь Улаанбаатар хотоос зөв зүгээр тосоод аваарай гэж хэлсэн шүү дээ, татвар мөнгийг нь төлөөд хил гааль дээрээс тосоод авах боломжтой байдаг уу” гэтэл “би сайн хэлж мэдэхгүй байна аа, хураан авсан хүмүүстэй нь сайн ярьвал авч болох байх” гэхээр нь 2017 оны 05 сарын 09-ний өдөр Замын-Үүд суманд ирэхэд цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирсэн. Миний хувьд уг нь жолоочтой нь уулзаад хил дээр торгуулын арга хэмжээ авхуулаад тамхиа авъя гэж бодсон боловч улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагддаг хориотой зүйл болохыг ирээд мэдсэн. Бараа анх захиалсан үед Өвөрмонгол залуугаас ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардагддаг эсэхийг лавлаж асуухад “ямар ч асуудал байхгүй, хилээр оруулах тал дээр битгий санаа зов, бүх юм зүгээр, манай тамхинууд стандартын шаардлага хангасан, сайн бараанууд байгаа” гээд байсан гэжээ. /хх-ийн 47/

- Шүүгдэгч Г.Б-н мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн тайлбартаа: Би танил Ш гэгчийн 90-62 УБЕ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлийг гуйж аваад БНХАУ-н Эрээн хот, Замын-Үүд сумын хооронд ачаа тээвэрлэхэд 2017 ны 04 сарын 17-ны өдөр БНХАУ-н Эрээн хот руу очсон тэнд ачаа олдохгүй 1 хоносон. БНХАУ-ын Эрээн хотод байх ТЭЗҮ нэртэй каргоны ажилтан Э гэх хятад хүнтэй таарахад тэр хүн таны машинд ачаа ачъя Замын-Үүдийн улаан Б гэх хүний каргон дээр хүргээд өгөөрэй гээд 25 хайрцаг ачаа ачсан. Ачсан хайрцагтай зүйлсийн заримыг нь задлаж үзэхэд гал тогооны хэрэгсэл, бэлэн хувцас зэрэг байсан. 2017 оны 04 сарын 18-ны өдөр Монгол улсын хилээр орж ирээд гаалийн байцаагчид ачаа нэг бүрээ шалгуулахад тэдгээр 25 хайрцаг ачаанаас 6 хайрцаг нь Эсээ тамхи байсныг гаалийн байцаагч хураасан. Би тэр хүнээс ямар эд зүйл байгаа талаар асуухад бэлэн хувцас, гал тогооны хэрэгсэл гэж хэлсэн би тэдгээр 25 хайрцагнаас 2-3 ширхэгийг нь задалж үзэхэд бэлэн хувцас, гал тогооны хэрэгсэл байсан тамхи гарч ирсэн 6 хайрцаганд юу байгаа талаар тухайн үед асуухад гутал байгаа гэж хэлсэн болохоор би задалж үзээгүй. Би ачаагаа гаалийн байцаагчид шалгуулахад хамгийн эхний шалгасан хайрцагнаас тамхи гарч ирсэн тэгээд хайрцаг тус бүрийг үзэхэд 6 хайрцагт тамхи байсан гэжээ. /хх-ийн 131-132/

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Бид хоёрын хувьд багаасаа шороо идэж өссөн, хар багийн найзууд байгаа юм аа, ямар учраас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар тодорхой сайн мэдээгүй ээ, 2 хоногийн өмнө над руу өөрөө утсаар залгаад “найз нь Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэс дээр байна” гэхээр нь санаа зовоод өнөөдөр ирлээ, тэгсэн “2016.10 сард Эрээнд явж байхдаа Өвөрмонгол залуутай танилцаад нөгөө залуу нь хямд үнээр эссэ тамхи авах уу гэхээр нь тэгье гэж хэлээд захиалсан гэсэн, тэгээд нөгөө Хятад нь тамхийг нь өгөлгүй байсаар байгаад хэд хоногийн өмнө хүнээр өгч явуулсан чинь нөгөө захиалсан тамхинууд нь хил дээр хураагдсан” гэж надад тайлбарласан, өөр зүйлийн талаар яриагүй. ...Хувийн зан байдлыг хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, найз нөхөд олонтой, бусадтай нийтэч, зөв боловсон харьцаатай, бага зэрэг ичимхий, элдэв хорт муу зуршилгүй, ажилч хичээнгүй, хүнд тусархаг, гэр бүлдээ халамжтай сайн залуу би хувьдаа дүгнэдэг. Зээлээр худалдаж авсан орон сууц болон авто угаалгын газар байдаг. Үгүй, яагаад ийм зүйл хийх болсныг огт мэдэхгүй гэжээ. /хх-ийн 24/

-Гэрч Б.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Улсын хилээр тамхи оруулсан ирсэн гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн, тэрнээс би огт мэдээгүй байж байгаад өнөөдөр өөрөөс нь сонслоо, надад ойлгуулахдаа Эрээн хотоос тамхи захиалсан чинь нөгөө захиалсан хүн нь хэл чимээгүй байж байгаад нэг өдөр шууд машинд өгөөд явуулчихсан гэж байсан. ... Хувийн зан байдлын хувьд ажилч хичээнгүй, биеэ даасан, олонтой нийтэч, хүнд тусархаг, элдэв муу хорт зуршилгүй, өрөвч нинжин сэтгэлтэй, амьдралын төлөө гэсэн тууштай зүтгэлтэй, үнэнч шударга сайн залуу гэж боддог. Эд хөрөнгийн талаар нь сайн хэлж мэдэхгүй, миний мэдэхийн Багануур дүүрэг 3 өрөө орон сууцад амьдардаг, хувиараа авто угаалгын газар ажиллуулдаг. Бид хоёр тус тусдаа амьдралтай учраас юу хийгээд хаагуур явдаг талаар нь сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч гэсэн тамхи зарлаа гээд сонсогдож байгаагүй гэжээ. /хх-ийн 25-26/

-Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн үдээс хойш АЗШНЦ 1-ийн гаалийн хяналтын бүсэд БНХАУ-ын Эрээн хотоос орж ирсэн 90-62 УБЭ 469 маркийн автомашинд гаалийн хяналт шалгалт явуулахад мэдүүлэгч буюу жолооч нь бэлэн хувцас 8 боодол, ахуйн бараа /хүүхдийн тоглоом/ 3 хайрцаг гэж мэдүүлсэн боловч нэг бүрчлэн ачаа бараанд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн гол хэсэгт үл мэдэгдэх битүү баглаа боодолтой /гадуураа цагаан шуудай, дотуураа ногоон шуудайтай давхар цаасан хайрцагт/ овор ихтэй ачаа бараа харагдахаар нь тухайн автомашиныг улсын хилээр оруулж ирсэн Б гэгчээр буулгуулан задалж үзэхэд дотроос нь Эссэ Лайтс маркийн 300 блок буюу нийт 60,000 ширхэг янжуур тамхи гарч байсан. Ингээд би жолоочоос энэ хэний ямар учиртай бараа болохыг тодруулж асуухад “Би энэ барааг мэдэхгүй байна, надад Эрээнээс хүн ачуулахдаа ахуйн бараа л гэж ачуулсан, би өөрөө ачаа барааг задалж үзээгүй” гэж тайлбарласан бөгөөд дээрх 300 блок тамхийг гаалийн хяналтын бүсэд түр саатуулаад хил дээр тээврийн хэрэгслийг нэг хонуулаад маргааш өдөр нь гаалийн зөрчлийн албанд холбогдох материалыг бүрдүүлж зохих байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн. Гаалийн хяналт шалгалт явуулахаас өмнө нь Б-с асуухад байхгүй гэж хэлсэн. Саад учруулж, эсэргүүцсэн зүйл байхгүй, харин ачаа барааг буулгаж үзье гэхэд их дурамжхан байдалтай удаанаар буулгасан, учир нь ачаа барааг буцааж хийхэд төвөгтэй байдаг юм шиг санагдсан. Мэдүүлэгч нь ачаа барааг мэдэх, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хэрвээ мэдээгүй, үнэн зөв мэдүүлээгүй тохиолдолд мэдүүлэгч өөрөө хуулийн хариуцлага хүлээдэг. Тээврийн хэрэгсэлд байхад нь аваагүй, дотор зааланд тамхийг оруулж ирээд гэрэл зургийг авсан гэжээ. /хх-ийн 27/

-Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Миний нөхөр Г.Б нь 1979 онд Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд төрсөн би түүнтэй  1996 онд гэр бүл болсон бид 4 хүүхэдтэй. Манай гэр бүл 1999 онд Замын-Үүд суманд ирж ажиллаж амьдрах болсон бөгөөд нөхөр маань Замын-Үүдэд ирээд ачигчаар ажиллаж байгаад 2016 оноос хувийн авто машинтай Замын-Үүд БНХАУ-ын Эрээн хот хоёрын хооронд ачаа, хүн тээвэрлэдэг болсон. Миний нөхөр зан байдлын хувьд архи согтууруулах ундааны зүйл тэр болгон хэрэглээд байдаггүй, эхнэр хүүхдэдээ халамжтай , биднийг тэжээж амьдрал ахуйгаа залгуулах гэж хил хооронд тээвэр хийдэг гэжээ. /хх-ийн 126/

-Гэрч Т.Ш-с мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Г.Б-г танина бид хоёр танилын хүрээнд л хоорондоо харилцдаг. Тиймээс тухайн үед Баттулга ах миний өмчлөлийн 90-62 УБЭ улсын дугаартай УАЗ 469 машиныг худалдаж авна түр унаж хэрэглье гэж надаас аваад хил хооронд ачаа тээвэрлэж байгаад дээрх асуудалд орсон. Би Б ахаас машины мөнгөө нэхэхэд тэр урагшаа гарч чадахгүй шалгагдаж байгаа машинаа буцааж авбал ав гэж хэлэхээр нь би түүнээс дээрх автомашиныг буцааж авсан. Энэ машин нь миний найз Б.Н гэж хүний нэр дээр байдаг юм. Б.Н нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Энэ машин нь эвдрэлтэй засварт байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь БНХАУ-н Эрээн хотын замын цагдаад хураалгачихсан авч чадахгүй байгаа. Би энэ тээврийн хэрэгслийг 2016 онд худалдаж авсан бөгөөд Улаанбаатар дугаар авах шаардлагатай байсан юм миний  хаяг Дорноговьд бүртгэлтэй учраас Улаанбаатар хотод амьдардаг найз Б.Н-н нэр дээр шилжүүлж авч байсан гэжээ. /хх-ийн 135/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-15/

- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 16/

-Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лаборатори хими хор  судлалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 30/

-Мэргэжлийн хяналтын байцаагчийн 25-03-073/07 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/

- Шинжээчийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн дүгнэлт: 1.Улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 25-03-73-07 тоот дүгнэлт, лабораторийн химийн шинжилгээгээр Esse lights нэрийн янжуур тамхи нь нүүрстөрөгчийн дутуу исэл  20 мг/ш байгаа нь Янжуур тамхи техникийн ерөнхий шаардлага MNS 5024:2013 стандартын 5.7 заалтыг /химийн үзүүлэлтийн 2-р хүснэгтэнд заасан/ шаардлагыг хангахгүй байна. 2.Тус “ESSE lights” нэрийн янжуур тамхи нь хаяг шошгын зөрчилтэй, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн гэх бичигтэй боловч бар кодыг уншихад үйлдвэрлэгч тодорхойгүй /Bar code: 88011967/ хуурамчаар код ашигласан, үйлдвэрлэгдсэн огноо тодорхойгүй байна. 3.Тамхи нь улсын хилээр нэвтрүүлэхэд хориглосон буюу хязгаарласан бодис барааны жагсаалтанд ордоггүй. Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.14 дэх заалт тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны төрөлд багтдаг. Тамхины хяналтын тухай хуулийн 6 зүйлд тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавих шаардлагыг тусгасан байдаг. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д /хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол  учруулж байгаа буюу урчруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, .....холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах ...г.м/ заалт, янжуур тамхи Техникийн ерөнхий шаардлага MNS5024:2013 стандартын 5.7 заалтыг /химийн үзүүлэлтийн 2-р хүснэгтэнд заасан/ шаардлагыг хангахгүй байна гэжээ. /хх-ийн 32-33/

-Шинжээчийн 60 дугаартай дүгнэлт: 1.Esse lights тамхи 300 блок буюу нийт 3000 ширхэгтэй нэг ширхэг нь 2900 төгрөг болно. 1 блок нь 29000 төгрөг болно. Нийт 300 блокны 8,700,000 төгрөг болно гэжээ. / хх-ийн 35 /

-Шүүгдэгч нарын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын 2-р баг, Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар болон бусад лавлагаа, тоот, тодорхойлолт, бичиг баримтууд /хх-ийн 53-119, 133-134/

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 120-121/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч С.А нь 2016 оны 10 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотоос Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгааралсан бараа болох 300 блок буюу 3000 хайрцаг Эссэ лайтс нэртэй янжуур тамхийг худалдан авч Г.Б-р 2017 оны 04 сарын 19-ний өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 90-62 УБЭ улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 04 сарын 19-ний өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 90-62 УБЭ улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд хязгаарласан бараа болох 300 блок буюу 3000 хайрцаг Эссэ лайтс нэртэй янжуур тамхийг өөрөө хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.М “2017 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн үдээс хойш АЗШНЦ 1-ийн гаалийн хяналтын бүсэд БНХАУ-ын Эрээн хотоос орж ирсэн 90-62 УБЭ 469 маркийн автомашинд гаалийн хяналт шалгалт явуулахад мэдүүлэгч буюу жолооч нь бэлэн хувцас 8 боодол, ахуйн бараа /хүүхдийн тоглоом/ 3 хайрцаг гэж мэдүүлсэн боловч нэг бүрчлэн ачаа бараанд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн гол хэсэгт үл мэдэгдэх битүү баглаа боодолтой /гадуураа цагаан шуудай, дотуураа ногоон шуудайтай давхар цаасан хайрцагт/ овор ихтэй ачаа бараа харагдахаар нь тухайн автомашиныг улсын хилээр оруулж ирсэн Б гэгчээр буулгуулан задалж үзэхэд дотроос нь Эссэ Лайтс маркийн 300 блок буюу нийт 60,000 ширхэг янжуур тамхи гарч байсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн дүгнэлт, шинжээчийн 60 дугаартай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лаборатори хими хор  судлалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, Мэргэжлийн хяналтын байцаагчийн 25-03-073/07 дугаартай дүгнэлт зэрэг баримтуулаар тогтоогдож байна.

Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмын 3-т зааснаар “Тамхи импортлогчдод тавигдах шаардлагад” мөн журмын 3.2-т “Эрүүл мэндийн дүгнэлтийг гаргахад дараахь бичиг баримтыг бүрдүүлж  ирүүлнэ Үүнд: 3.2.1-д хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түнчлэн 3.4-т Тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас, 3.5-т Импортлох тамхины нэр, төрөл, тоо хэмжээгээр онцгой албан татварын тэмдгийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тус тус авсан байхыг” шаарддаг. Шүүгдэгч нарын хувьд дээрх журмыг зөрчсөн байна. 

Шүүгдэгч Г.Б нь уг тамхийг мэдээгүй гэж мэдүүлж байгаа боловч өөрийн тээврийн хэрэгсэлд ямар бараа тээвэрлэж байгаагаа мэдэх эрх, үүрэг нь Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т “барааг бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх ....” гэж заасан. Түүнчлэн гэрч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “Мэдүүлэгч нь ачаа барааг мэдэх, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хэрвээ мэдээгүй, үнэн зөв мэдүүлээгүй тохиолдолд мэдүүлэгч өөрөө хуулийн хариуцлага хүлээдэг” гэжээ. Иймд шүүгдэгч Г.Б нь өөрийн эзэмшилд байсан 90-62 УБЭ улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд хязгаарласан бараа болох 300 блок буюу 3000 хайрцаг Эссэ лайтс нэртэй янжуур тамхи байсан эсэхийг мэдээгүй гэж мэдүүлж байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.Б, С.А нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.А, Г.Б нарыг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б, С.А нарт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б, С.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 300 блок буюу 3000 хайрцаг Эссэ лайтс /ESSE lights/  нэртэй янжуур тамхи тогтоол хүчин төгөлдөр болмогч устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА