| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00314/И |
| Дугаар | 140/ШШ2024/00320 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 140/ШШ2024/00320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******** багт оршин суух *********овогт Д**********ийн О********ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О****** /цахимаар/, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 оны 10 дугаар сарын 18-нд Сэлэнгийн Шаамар сумд хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Завхан аймгийн ********** сумын Саруул Зам нэгдэлд засварчнаар ажиллаж байгаад цэрэгт явах болсон учир 1983 оны 6-р сарын 20-ны өдрийн 18-р тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ тушаалуудын лавлагаа гарч ирэхгүй байгаа. Үүнээс хойш цэрэгт явсан гурван жилээс бусад ажилласан жилүүдийн лавлагаанууд 1988 оны 06 дугаар сарын 01 хүртэл гарсан бөгөөд 1988 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Саруул зам нэгдлээс Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт шилжин ажилласан тушаалуудын лавлагаа гарч ирэхгүй байгаа. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр бичилт хийсэн боловч заавал шүүхээр тогтоолгох шаардлага гарсан.
Иймд намайг 1982 оны 10 дугаар сарын 18-наас 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ********* сумын ********** нэгдэлд авто засварчнаар, 1988 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-н хүртэл тус сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн уурын зуухны механикчаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.О******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б************ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул Зам нэгдэлд авто засварчнаар,
-1988 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймаг Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын харьяа *********** сум дахь нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд уурын зуухны механикчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1982 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нээлгэж бичилт хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Г.Б***********ийн өгсөн мэдүүлгийн: ...намайг 1982 онд Завхан аймгийн *******сумын Саруул зам нэгдэлд малчнаар ажиллаж байхад О******** нь мөн нэгдэлд авто машины засварчнаар ажиллаж байсан. Тэгээд дараа нь сумынхаа нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд засварчнаар ажилласан. ... гэх хэсэг,
гэрч Ш.Ж*********ийн өгсөн мэдүүлгийн: ...Д.О********* нь намайг ********* сумын *********** нэгдэлд үйлдвэр бригадын дарга байхад анх ажилд орж байсан 1982 онд сантехникч, цахилгаанчин байсан, дараа нь 1987 онд байх оныг нь санахгүй байна НААҮГ-ын харьяа уурын зууханд бид хоёр хамт ажиллаж байсан 1990 он дуустал хамт ажиллаж байсан Бид нэг сумд нэг газар хамт ажиллаж амьдарч байсан хүмүүс... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Б.О*********ын дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилох, ажлаас чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.О*********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Гэгээн овогт Д***********ийн О**********ыг 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ********** сумын ************* нэгдэлд авто засварчнаар,
-1988 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймаг Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын харьяа *********** сум дахь нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд уурын зуухны механикчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.О*********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ