Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/521

 

 

 

 

 

 

    2022           05             17                                     2022/ДШМ/521

 

 

        Ц.О-д холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч М.Д,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/578 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр Ц.О-д холбогдох 1902000000305 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Ц.О, 1977 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ........................тоотод оршин суух бүртгэлтэй боловч ......................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................./;

Шүүгдэгч Ц.О нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалахыг зохион байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар сургуулийн баруун талд байрлах .....дугаар байрны .... дүгээр орцны ..... давхарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж, мөн өдрөө уг бодисоо Ё.Х гэгчид 5.000.000 төгрөгөөр худалдаалж, Чингэлтэй дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... дугаар сургуулийн орчимд “...............”-ын гадна мөнгийг бэлнээр шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд шүүгдэгч Ц.О-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэнг нотолж тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үйлдэл, үйл баримтыг шалгаж эхлүүлсэн бол нотолбол зохих асуудлын хүрээнд тухайн асуудлыг бүрэн гүйцэт шалгаж, гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжийг шүүхэд бүрдүүлэн ирүүлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаар яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ц.О нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалахыг зохион байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн .....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... дугаар сургуулийн баруун талд байрлах ...... дугаар байрны ..... дүгээр орцны ..... давхарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж, мөн өдрөө уг бодисоо Ё.Х гэгчид 5.000.000 төгрөгөөр худалдаалж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн орчимд “...............”-ын гадна мөнгийг бэлнээр шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагч нь энэ хэрэгт шүүгдэгч Ц.О-ыг яллаж буй нотлох баримтуудыг гэрч Ж.О-ын мэдүүлэг, шүүгдэгчийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, дамжмал бусад нотлох баримт болох бусад гэрч нарын мэдүүлэг, мөн энэ хэрэгт Ё.Х-г гэрчээр асуугаагүй, харин сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэсэн болно. Уг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Яллах дүгнэлтэд Ё.Х-гийн сэжигтнээр /4хх 120-121/ өгсөн мэдүүлэг, яллагдагчаар /4хх 160-168/ өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож ирүүлсэн боловч уг хоёр мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүтэй, аль мэдүүлэг нь үнэн зөв эсэх, Ё.Х-г энэ хэрэгт гэрчээр асуугаагүй байх тул түүний тусгаарласан хэрэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар шүүх үнэлэх боломжгүй юм. Иймд уг эрүүгийн хэрэгт Ё.Х-г гэрчээр хууль сануулан мэдүүлэг авч, нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх, уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Мөн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 /гэмт хэргийг гүйцэтгэгч/, 3.3 дугаар зүйлийн 1 /гэмт хэргийн зохион байгуулагч/ дэх хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 байрны 1 дүгээр орцны 4 давхарт “шавар” нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэт нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж, мөн өдрөө худалдаж, бэлнээр мөнгийг шилжүүлэн авсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн гэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдэн шүүхийн хэлэлцүүлэгт прокурор “...хамтран оролцсон этгээд байхгүй энэ талаар шүүх дүгнэлт хийгээд хэргийг шийдвэрлэх боломжтой...” гэсэн боловч, түүний үйлдэл оролцоог нарийн тогтоогоогүй, гэмт хэргийг хэрхэн яаж зохион байгуулсан, хэрхэн гүйцэтгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул хэргийг буцаасантай холбогдуулан хамтран оролцсон байдлыг зөвтгөн ирүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.О-д холбогдох эрүүгийн 1902000000305 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, Ц.О-ын нэр дээр бүртгэлтэй Ү-................. дугаартай Баянгол дүүргийн ..... дугаар хороо, ......дугаар хорооллын ...... дугаар байрны ...... тоот, Ү-....................... бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн ......дүгээр хороо, ..... дүгээр ...... мянгат ....... тоот дахь үл хөдлөх хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7/9202 дугаартай дээрх 2 хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хэвээр үлдээж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, мөн шүүгдэгч Ц.О-ын Е-........дугаартай гадаад паспортыг хэргийн хамт хүргүүлж, Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос Ё.Х-гийн сэжигтнээр өгсөн “...өчигдөр буюу 2018 оны 4 сарын 23-ны өдөр хүмүүсээс зүс мэдэх О-д “шавар” гэх мансууруулах бодис байгаа гэх сураг дуулдсан, ...нийт 5 сая төгрөг бүрдүүлэн О-ын ажиллаж байгаа гэх .... дугаар сургуулийн урд талд байх гоо сайхны салон дээр очин уг салонд ороод дотор ажиллаж байсан хүмүүсээс “О гэх хүн ажилладаг уу” гэхэд О “энд ажилладаг” гээд цаанаас О гарч ирсэн юм. Тэгээд бид 2 салоноос гараад үүдэнд нь уулзан “найз, нөгөөдөхөөс чинь авах санаатай байна” гээд өөрт байсан 5 сая төгрөгөө О-д өгөөд өөрийн 93...... дугаарыг өгсөн. Тэгээд О-аас салаад явж байхад миний утсанд танихгүй дугаараас ирсэн мессеж уншихад “.... дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байх ....давхар хуучны байрны ....дүгээр давхрын интернетийн шугаман хоолой дотор байгаа” гэх мессеж ирсний дагуу би .... дугаар сургуулийн баруун талд байх ..... давхар ягаан өнгийн ....орцтой байрны .... дүгээр орц буюу хамгийн хойд талд байх орцоор орон ..... давхарт гаран интернетын шугамын гадна талын хамгаалалт бүхий хуванцарыг татахад дотор талд нь гялгар ууттай зүйл байхаар нь аваад гялгар уутнаас гаргаж үзэхэд 5 ширхэг зуйван хэлбэртэй “шавар” гэх мансууруулах бодис байсан юм....” гэх мэдүүлэг,

яллагдагчаар “...би ингээд 5 сая төгрөг цуглуулаад telegram цэсээр нагаа шавар зардаг гэх хүний утасны дугаараар холбогдтол 5 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байдаг 3-4 давхар байшингийн дотор талд байх салон дээр очиж “О байна уу гэж асуу” гэсэн. Би заасан газар нь очиход дотор нь 3-4 хүн байсан бөгөөд “О байна уу” гэж асуутал “байна” гээд гарч ирсэн. Би О гэх эмэгтэйг бол зүс л мэддэг байсан. Тэгээд салоны гадаа О-тай уулзаад 3 сая төгрөгийг задгайгаар, 2 сая төгрөгийг нь бор цаасан ууттай өгсөн. О юу ч хэлэлгүй аваад буцаад орсон...’’ гэсэн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж дүгнэсэн.

Дээрх мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт тусгагдсан бусад нотлох баримт буюу гэрч нарын мэдүүлэг болон 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн ..... дүгээр хороо, ....... дугаар байрны ..... тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, Ё.Х-гийн мэдүүлгийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл, гэрч Ж.О-аар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №476 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар давхар батлагддаг бөгөөд дан ганц Ё.Х-гийн мэдүүлгээр шүүгдэгч Ч.О-ын үйлдлийг яллаагүй болно. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2. 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэхгүй гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн нөгөө талаас энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх мөрдөн шалгах ажиллагааны болон нотлох баримтын онцлог зэргийг харгалзан үзсэнгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж хуульчилснаас үзэхэд яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтууд нь бүгд хуулийн хүчин төгөлдөр буюу нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх учиртай. Гэтэл шүүх Ё.Х-гийн дээрх 2 мэдүүлгийг хууль сануулаагүй авсан мэдүүлэг тул үнэлэх боломжгүй гэж ойлгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан. Хэрэв шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамласныг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

Шүүгдэгч Ч.О-д холбогдох хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад удаа дараа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн хуулийн заалтад нийцээгүй, шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд 2021/ДШМ/959 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж хуульчилсан болохыг дурдаж байна.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт Ё.Х-г дахин гэрчээр асуух шаардлагатай гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа” гэв.

 

Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.О тэрхүү хар тамхи мансууруулах бодис байсан газрыг Ё.Х-д зааж өгсөн гэх баримт хэрэгт байхгүй. Ё.Х телеграмаар дамжуулан гадаадаас энэхүү бодисын тухай мэдээлэл аван, мөнгийг нь Ц.О өгсөн. Ц.О шавар гэх бодисыг хараагүй, мэдээгүй талаараа мэдүүлсэн, түүний биед шинжилгээ хийж, гэрт нь нэгжлэг хийсэн хар тамхи илрээгүй. Шүүгдэгч тэрхүү бодис байсан газрыг мэдэхгүй, зааж өгөөгүй, өөрт мөнгө өгсний дараа телеграмаар мэдээлэл авсан хүнээсээ байршлыг нь заалгуулж очиж авсан байх гэж ярьдаг. Гэтэл прокурор шүүгдэгчийг Ё.Х-д байршлыг нь зааж өгсөн мэтээр дүгнэдэг нь үндэслэлгүй. Энэ хэргийн гол нотлох баримт нь Ё.Х-гийн мэдүүлэг гэж прокурорын зүгээс үздэг. Гэтэл Ё.Х-гаас мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөр өөрөөр мэдүүлдэг. Ялангуяа тухайн бодисын байршлыг хэнээс хэрхэн мэдсэн талаараа зөрүүтэй мэдүүлсэн байдаг учир хууль сануулан дахин гэрчээр асуух нь үндэслэлтэй юм. Мөн хар тамхийг хэн тэнд нуусан, байршлыг хэн зааж өгсөн талаар нарийн тогтоох шаардлагатай байтал нотлох баримтгүй хийсвэрээр миний үйлчлүүлэгчийг тэрхүү мөнгийг авсных нь төлөө энэ хэргийг зохион байгуулсан, худалдаалсан, хадгалсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч тэрхүү мөнгийг авахдаа ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдээгүй, салсан нөхөрт өгөөрэй гэхээр нь авсан талаараа хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.О-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалахыг зохион байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......дугаар сургуулийн баруун талд байрлах ...... дугаар байрны ....дүгээр орцны ..... давхарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж, мөн өдрөө уг бодисоо Ё.Х гэгчид 5.000.000 төгрөгөөр худалдаалж, Чингэлтэй дүүргийн....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ дугаар сургуулийн орчимд “.............”-ын гадна мөнгийг бэлнээр шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж “...яллах дүгнэлтэд Ё.Х-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн хоёр мэдүүлэг агуулгын хувьд зөрүүтэй, аль мэдүүлэг нь үнэн зөв эсэх, Ё.Х-г энэ хэрэгт гэрчээр асуугаагүй байх тул түүний тусгаарласан хэрэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар шүүх үнэлэх боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 /гэмт хэргийг гүйцэтгэгч/, 3.3 дугаар зүйлийн 1 /гэмт хэргийн зохион байгуулагч/ дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.О-ыг гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн гэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн боловч түүний үйлдэл оролцоог нарийн тогтоогоогүй, гэмт хэргийг хэрхэн яаж зохион байгуулсан, хэрхэн гүйцэтгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хамтран оролцсон байдлыг зөвтгөн ирүүлэх нь зүйтэй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурьдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үйл баримтыг дүгнэж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээ шийдвэрлэж, шүүгдэгч Ц.О-ын гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шүүх хуралдаанаар тодруулж хууль зүйн дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Түүнчлэн, өмнөх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ДШМ/959 дугаартай магадлалд “...Анхан шатны шүүх шүүхэд ирүүлсэн гэмт хэргийн хэмжээ хязгаараас хальж, хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж Ц.О-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан чиг үүргийг улсын яллагч хэрэгжүүлж шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг нотлох боломжтой бөгөөд энэ нь “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ...” гэж тус тус дүгнэж, Ц.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/578 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ