Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 1720000490041 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  О.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Н” ХХК-ны Замын-Үүд дэх салбарын ахлах ажилтнаар ажиллаж байхдаа өөрийн итгэмжлэн хариуцсан цахилгаан бараа зарж борлуулсан орлого болох 7.737.722 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Н” салбарын ахлах ажилтнаар ажиллаж байсан ба 2017 оны 06 сарын 20-ны өдөр Н-н санхүүгийн албанаас гэнэтийн тооллого хийхэд 7.737.722 төгрөгний бараа бүтээгдэхүүн дутсан, тухайн асуудалд наад төлбөр тавьсан бөгөөд уг мөнгийг би төлөх ёстой. 4 сая төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн. Манай эмээ Д.Б гэх хүн хоолойны хорт хавдар өвчтэй гэнэт эмчилгээ хийлгэх гээд мөнгөний хэрэг гараад түр орлогын мөнгөнөөс аваад хэрэглэсэн байсан юм, хөргөгч, зурагт, угаалгын машин гэх зэрэг зүйлүүд зарж борлуулаад мөнгийг нь 2017 оны 06 сарын 19-ны өдөр аваад банкнаас зээл аваад 1-2 хоногийн дараа буцаагаад төлөх гэж байтал 2017 оны 06 сарын 20-ны өдөр гэнэтийн тооллого хийсэн, тухайн мөнгө санхүүгийн баримтаар дутаасан асуудлаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 17/ 

-Иргэний нэхэжлэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би “Н” –орон нутагт хариуцсан салбарын менежерийн ажлыг 2012 оны 06 сараас хойш эрхлэн ажиллаж байгаа, Дорноговь аймгийн ЗамынҮүд суманд салбараа 2014 онд нээгээд анхны ажилтнуудын нэг нь О.Б орсон юм, тэрээр орсон цагаасаа хойш ажил төрөлөө сайн эрхэлдэг байсан бөгөөд 2017 оны 06 сарын 20-ны өдөр тус салбарт гэнэтийн тооллого хийхэд 7.737.722 төгрөгний бараа бүтээгдэхүүн дутаасан байсан. Энэ талаар О.Б тайлбарлахдаа хүнд зээлээр өгөөд мөнгийг нь аваагүй байгаа гэж байснаа сүүлдээ зарсан худалдсан мөнгөө өөрөө хувьдаа хэрэглэсэнээ хүлээн зөвшөөрсөн. О.Б-с 4 сая төгрөг шилжүүлсэн байсан, ингээд үлдэгдэл 3.737.722 төгрөгнөөс түүний 2017 оны 07 сарын цалингаас суутгал хийж 357.919 төгрөгийг хасаад үлдэгдэл 3.379.803 төгрөгийг байгууллагын Хаан банкин дахь дансруу 2017 оны 09 сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Иймд одоо Б-с нэхэмжлэх өр төлбөр байхгүй тооцоо хаагдсан гэж үзэж болно грэжээ. /хх-ийн 8-10/

- Гэрч Б.О-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: О.Б нь миний төрсөн хүү байгаа юм. 3 настай байхад нь манай ээж Д.Б аваад өсгөсөн, өргүүлсэн гэхэд болно. Түүнээс хойш манай ээжтэй хамт өссөн хүүхэд байгаа юм. Некстын салбар Замын-Үүдэд байгуулагдах үед нь ажилд орсон, манай ээж Б нь хоолойны хорт хавдар өвчтэй гээд эмчилгээтэй байгаа бөгөөд эмээгийнхээ эмчилгээний төлбөрт тус нэмэр болоод л байсан би түүнийг өөрөө ажилтай цалин мөнгөтэй болохоор нь болж байгаа юм байлгүй гэж бодож байсан. Гэтэл 2017 оны 08 сарын дунд үеэр би өрөнд орчихлоо надад 4 сая төгрөг өгөөч гээд би малчин зээл авч өгсөн юм. Би яг хэдэн төгрөг дутаасан эсэх тэр талаар мэдэхгүй байна, ямар ч байсан эмээгийнхээ эмчилгээнд тус нэмэр болсон одоо 3.737.722 төгрөгний өр байгаа түүнийг би мал мах зарж борлуулан өрийг нь дарж цаадах байгууллагыг нь хохиролгүй болгоно гэжээ. /хх-ийн 12/

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 3/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 19-21/

-2014 оны Нэкст электроникс ХХК-ны Ерөнхий захирлын ажилд авах тухай тушаал, жинхлэн ажиллуулах тухай тушаал, албан тушаал дэвшүүлэн ажиллуулах тухай тушаал, ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 36-39/

- Нэкст электроникс ХХК-ны өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 43-44/

-Шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хх-ийн 45/

-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 46-47/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч О.Б нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Н” ХХК-ны Замын-Үүд дэх салбарын ахлах ажилтнаар ажиллаж байхдаа өөрийн итгэмжлэн хариуцсан цахилгаан бараа зарж борлуулсан орлого болох 7.737.722 төгрөгийг хувьдаа завшсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “НЭКСТ Электроник” ХХК-ны төлөөлөгч Г.Б-ний “...2017 оны 06 сарын 20-ны өдөр тус салбарт гэнэтийн тооллого хийхэд 7.737.722 төгрөгний бараа бүтээгдэхүүн дутаасан байсан. ... сүүлдээ зарсан худалдсан мөнгөө өөрөө хувьдаа хэрэглэсэнээ хүлээн зөвшөөрсөн. О.Б-с 4 сая төгрөг шилжүүлсэн байсан, ингээд үлдэгдэл 3.737.722 төгрөгнөөс түүний 2017 оны 07 сарын цалингаас суутгал хийж 357.919 төгрөгийг хасаад шлдэгдэл 3.379.803 төгрөгийг байгууллагын Хаан банкин дахь дансруу 2017 оны 09 сарын 27-ны өдөр шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н “...Гэтэл 2017 оны 08 сарын дунд үеэр би өрөнд орчихлоо надад 4 сая төгрөг өгөөч гээд би малчин зээл авч өгсөн юм. Би яг хэдэн төгрөг дутаасан эсэх тэр талаар мэдэхгүй байна, ямар ч байсан эмээгийнхээ эмчилгээнд тус нэмэр болсон одоо 3.737.722 төгрөгний өр байгаа түүнийг би мал мах зарж борлуулан өрийг нь дарж цаадах байгууллагыг нь хохиролгүй болгоно” гэх мэдүүлэг, Нэкст электроникс ХХК-ны өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, шүүгдэгчийн хохирол төлсөн баримт зэргээр гэм буруутай болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч О.Б-н үйлдсэн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэж байх хугацаанд үйлдэгдсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г баримтлан шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзээд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул түүнд торгуулийн ял оногдуулах боломжтой байна. 2017 оны 01 сарын 01-нөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолсон тул торгуулийн ялыг энэ хэмжээгээр тооцон бодох нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч О.Б-н үйлдэл холбогдолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-г баримтлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-г болгон өөрчлөн зүйлчилсүгэй.    

2. Шүүгдэгч О.Б-г аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгийг завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар шүүгдэгч О.Б-г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА