Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/616

 

 

Б.Жхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

хохирогч Н.Шийн өмгөөлөгч М.Билгүтэй,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Шийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Жхолбогдох эрүүгийн 2210 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ж, 

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нутгийн буяны 3Б байрны гадаа Н.Шмашинаа зогсоолд буруу байрлуулсан гэх шалтгаанаар маргалдаж биед нь халдан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жоногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Жоногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Жаас 388.900 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Шд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Шийн өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Ш нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Журьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Ш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, гэж хуульчилсан ба хохирогч миний биед учирсан хор уршиг арилаагүй байна. Тус шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт миний бие нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Эм Би Жи Мед” ХХК-ийн нэхэмжлэх” гэсэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд үнийн дүн нь зөрүүтэй байсан. Тус эмнэлэгийн нягтлан нь ажлын хариуцлага алдсан гэдгээ хүлээн зөвшөөрч дахин баримт гаргаж өгсөн. Уг ажилтны хариуцлагагүй байдлаас болоод миний эрх зүйн байдал дордож байгаа юм. Гэмт хэрэг нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан ба одоог хүртэл баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зэрэг гэмтлийг эмчлүүлж чадаагүй байна. Дээрх гэмтлүүд нь заавал мэс заслын хагалгаагаар эмчлэгдэх боломжтой гэж эмч нар оношилсон. Уг хагалгааны зардал нийт 3.440.000 төгрөг болох юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Жаас гаргуулж өгнө үү.” гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний зүгээс хохирогч Н.Шийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, гэж хуульчилсан ба хохирогчийн биед учирсан хор уршиг арилаагүй байна. Шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Эм Жи Мед” ХХК-ийн нэхэмжлэх” гэсэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд үнийн дүн нь зөрүүтэй байсан. Тус эмнэлэгийн нягтлан нь ажлын хариуцлага алдсан гэдгээ хүлээн зөвшөөрч дахин баримт гаргаж өгсөн. Уг ажилтны хариуцлагагүй байдлаас болоод хохирогчийн эрх зүйн байдал дордож байгаа юм. Хагалгааны зардал нийт 3.440.000 төгрөг болох юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Жаас гаргуулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хохирогчийн хор уршгаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Тухайн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хохирогчийн хэлэлцүүлэх баримт үнийн зөрүүтэй байгаа нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Н.Шийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нутгийн буяны 35-Б байрны гадаа Н.Шмашинаа зогсоолд буруу байрлуулсан гэх шалтгаанаар маргалдаж биед нь халдан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

хохирогч Н.Шийн “...би “Нутгийн Буян” хотхоны орчим машинаа тавьчихаад айл руу орж цэвэр усны шүүлтүүр суулгаж байтал миний утас руу нэг дугаараас залгаад машинаа холдуул гэж хэлсэн. Би гараад машинаа холдуулах гээд хөдлөхөд нэг залуу наана чинь машин тавьдаггүй шүү дээ, гражийн хаалга гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг залууд “өө би мэдсэнгүй ээ машин ухраад гарахаар нь оронд нь зогсчихсон юм аа уучлаарай” гэж хэлээд машинтайгаа ухраад гарах үед үл таних залуу машины хаалга онгойлгож чи надаас уучлалт гуйх ёстой гэж хэлээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би уг залууд “би чамаас яасан гэж уучлалт гуйдаг юм” гэж хэлтэл миний баруун шанаа тус газарт шууд 3-4 удаа цохисон. Тэгээд намайг заамдаж машинаас чирч буулгасан. Буугаад машины гадаа намайг заамдаж бид хоёр барьцалдаж байтал намайг дахиад гурван удаа цохисон. Тэгтэл хажуугаар явж байсан хоёр хүн бид хоёрыг салгасан. ...Дүгнэлт дээр гэмтлийг “Сонота-7” маркийн машинтай Б.Ж гэх залуу учруулсан. “Мед траума” эмнэлэгт тархины зураг 130.000 төгрөгөөр авхуулсан. Учирсан хохирлыг баримтын дагуу нэхэмжлэх болно. ...” /хх 20-21/, 

гэрч Ч. “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найз залуугийн хамт гэрээсээ гараад граж руугаа ороод бид машиндаа суугаад гарах үед гражийн хаалгыг нэг машин таглаад тавьсан байсан. Уг таглаж тавьсан машины эзэн рүү залгаад машинаа холдуулаач гражийн хаалга таглаж тавьсан байна гэж хэлэхэд “за за” гэж хэлээд утсаа тасласан. 15 орчим минут хүлээсэн, гэр рүүгээ ороод ...буцаад доошоо граж руу яваад ортол манай найз залуу үл таних залуугийн куртикнээс заамдчихсан зогсож байсан. Би очоод найз залуудаа юу болоод байгаа юм бэ, явъя гэж хэлтэл энэ хүн чинь тавихгүй байна гэж хэлсэн. Нөгөө залууд нь “чи машинаа холдуулаад болоо биз дээ юу хүсээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “чадахгүй ээ, тавихгүй” гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо хэрэлдээд орилоод байсан. Тэгээд явъя гэхэд нөгөө залуу манай найз залууг тавихгүй байсан учир би салгах гэтэл тавихгүй байсан.” /хх 34-35/,

яллагдагчаар Б.Жын “...Би тухайн өдөр гэрээсээ гараад доошоо граж руугаа ороод машиндаа суугаад гартал гражийн хаалгыг машин таглаад тавьсан байсан. Тэгээд залгаж машинаа холдуул гэж хэлтэл 10 орчим минутын дараа ирсэн. Тэгээд энд машин тавьдаггүй гэж хэлээд ядаж уучлал гуйх зүйл байхгүй юу гэж хэлтэл чамаас яасан гэж уучлал гуйдаг юм, албатай юм уу гэж хэлсэн. Бид хоёр маргалдсан. Би заамдаж аваад нааш цааш нь болгосон. Тэгтэл уг залуу машинаасаа буугаад ирсэн. Тэгээд харилцан заамдалцаж тавихгүй байхаар нь гар руу нь дээрээс доош дарж салгасан.” /хх 59-60/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2346 дугаартай “...Н.Шийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл...” учирсныг тогтоосон дүгнэлт /хх 37-38/,

 “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 44-48/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.  

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.   

Шүүгдэгч Б.Жын хохирогч Н.Шийг цохиж, түүний биед “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Жын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохируулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Хохирогч Н.Ш нь “...миний биед учирсан хор уршиг ...баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зэрэг гэмтлүүд нь заавал мэс заслын хагалгаагаар эмчлэгдэх боломжтой гэж эмч нар оношилсон. Уг хагалгааны зардал нийт 3.440.000 төгрөгийг Б.Жаас гаргуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх, хохирогч Н.Шийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 288.900 төгрөг /хх 41-42/, шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн үзлэгийн баримт 40.000 төгрөг /хх 101/,  “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон гинж, бугуйн цагны үнэ 60.000 төгрөг /хх 44-48/ нийт 388.900 төгрөгийг шүүгдэгч Б.Жаас гаргуулж шийдвэрлэжээ.  

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Шийн өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1.200.000 төгрөгийн нэхэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Эм Би Жи Мед” эмнэлгийн 344.000 төгрөгийг нэхэмжлэхийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Ш нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.    

Хохирогч Н.Шийн хагалгааны зардал гэж нэхэмжилж буй 3.440.000 төгрөгийн “Эм Би Жи Мед” эмнэлгийн нэхэмжлэх нь он сар өдөр зөрүүтэй, дангаараа хохирогчийн эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхүйц нотлох баримт болж чадахгүй байх тул тус хохирлыг эмчлүүлсэн зардлаа нотлох баримтаа гарган нэхэмжлэх нь зүйтэй байна.    

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Шийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Шийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОЧМАНДАХ

 

                                   ШҮҮГЧ                                                    Б.БАТЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                                    Б.АРИУНХИШИГ