| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2015/0977/З |
| Дугаар | 128/ШШ2016/0142 |
| Огноо | 2016-02-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2016/0142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, байрлах Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Засгийн газрын ХI хаягт байрлах Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ...Х*******ыг зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолын Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, Г.Э*******, М.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Б.И*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэдрээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14 дүгээр тогтоол гаргаж, тус банкыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Ийнхүү тогтоохдоо Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалт, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ыг тус тус үндэслэсэн байдаг.
Уг тогтоолыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад түүнийг гаргасан үндэслэл буюу манай банкыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болохыг хэрхэн яаж тогтоосон үндэслэл, судалгааны талаар Засгийн газрын 298 дугаар тогтоолоор баталсан журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу тус банкны зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 3/2813 тоот албан бичгийг илгээсэн. Манай гаргасан хүсэлтийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/770 тоот албан бичгээр хариу ирсэн бөгөөд түүнийг нь тус банк 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан.
Тэрхүү албан бичигт Тус газар нь ... Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан ... журмын дагуу танай байгууллагыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох судалгааны ажлыг хийсэн болно. Уг судалгаагаар Худалдаа, хөгжлийн банкыг Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг үндэслэн тус газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон болно. Энэхүү судалгааны материалд танай байгууллагын нээлттэй мэдээллүүдийг ашигласан. Үүнд: 2013, 2014 оны санхүүгийн тайлан, танай байгууллагын вебсайт дахь бусад нээлттэй мэдээллүүд гэжээ.
Манай банкны зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг дараах үндэслэлүүдээр холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, манай банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж, хүчингүй болгуулахаар Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Нэгдүгээрт, тус банкыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон 14 дүгээр тогтоолын голлох үндэслэл болсон Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно гэж заасан байна. Энэ бол аж ахуй эрхлэгчийг зах зээлд давамгай байдалтай гэдгийг тогтоох ерөнхий үндэслэл.
Харин дээр дурдсанчлан Худалдаа, хөгжлийн банк нь бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай гэдгийг хэрхэн яаж тодорхойлох, түүний бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг ямар баримт материал, тооцоо судалгаанд үндэслэн тогтоох талаар нарийвчилсан үндэслэл, журам, аргачлалыг Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалтын дагуу Засгийн газрын 298 дугаар тогтоолоор баталсан журмаар тодорхой зохицуулжээ.
Тус журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтайг тодорхой үе шатаар тогтоох бөгөөд түүнд нь:
1. Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох;
2. Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох;
3. Зах зээлийн төвлөрлийг тогтоох;
4. Зах зээлийн хүчийг тодорхойлох үе шатууд хамаарахаар байна.
Түүнээс гадна дээрх үе шатуудад бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүчийг тодорхойлохдоо ямар баримт материал, тооцоо судалгаа цуглуулах, ашиглах, ямар аргачлал, журам баримтлах ёстойг тус журмын 3-6 дугаар зүйлүүдэд тун тодорхой нарийвчлан заасан байна.
Тухайлбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь тус банкны бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо тус журмын 3 дугаар зүйлд заасан эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухай бараа бүтээгдэхүүний стандарт,... бусад холбогдох мэдээлэл, зах зээлийн судалгаа, шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт, бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйлийн тооцоолол, судалгааг хийх, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоохдоо тус журмын 4 дүгээр зүйлд заасан судалгааг хийх, зах зээлийн төвлөрлийг тооцохдоо тус журмын 5 дугаар зүйлд заасан судалгаа, тооцооллыг хийх, зах зээлийн хүчийг тодорхойлохдоо тус журмын 6 дугаар зүйлд заасан тооцоолол, судалгааг хийх ёстой байна.
Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь дээрх журамд заасны дагуу холбогдох тооцоолол, судалгааг хийгээгүй атлаа тус банкыг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоосон нь хууль бус байна.
Худалдаа, хөгжлийн банк нь Монголбанкны 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 тоот банкны үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний үндсэн дээр Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн үйлчилгээ; зээлийн үйлчилгээ; төлбөр тооцооны үйлчилгээ; өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах; гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах; үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах; үнэт зүйл хадгалах; гадаад төлбөр тооцоо хийх; үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах; санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа; хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх үйл ажиллагааг тус тус эрхэлдэг.
Дээр дурдсан тус банкны эрхлэх үйл ажиллагаа тус бүр дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Засгийн газрын 298 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүчийг хэрхэн яаж тодорхойлон тогтоосон нь тодорхойгүй, тийм атлаа тус банкыг бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай гэж үзэж, Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны зах зээлд давамгай байдалтай гэж тооцсон нь хууль бус байна.
Хоёрдугаарт, Засгийн газрын 298 дугаар тогтоолоор баталсан журмын 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт Аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг ... тогтоох мэдээллийн эх сурвалж нь шударга өрсөлдөөн, гааль, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт болон зохих журмын дагуу бэлтгэсэн санал асуулга, ярилцлага, баримт бичгүүд, судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн цахим хуудаст тавигдсан мэдээлэл, санхүүгийн мэдээ, тайлан зэрэг байна гэж заасан байдаг.
Гэтэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 14 дүгээр тогтоолоор тус банкыг зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоохдоо дээр дурдсан гааль, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт болон зохих журмын дагуу бэлтгэсэн санал асуулга, ярилцлага, баримт бичгүүд, судалгааг цуглуулж ашиглахгүйгээр, тэдгээрт үндэслэхгүйгээр зөвхөн манай банкны 2013, 2014 оны санхүүгийн тайлан, нийтэд нээлттэй мэдээлдэг цахим хуудасны нээлттэй мэдээллүүдийг ашигласан болох нь тус газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/770 тоот албан тоотоор нотлогдож байна.
Энэ нь тус газрыг хууль тогтоомжид заасан баримт материал, тооцоо судалгааг бүрэн дүүрэн цуглуулаагүй байж хөнгөн хийсвэр дүгнэлт хийж, хууль бус тогтоол гаргасан болохыг тодорхой харуулж байна.
Гуравдугаарт, тус банкыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоосон хууль бус тогтоолын улмаас Банкны тухай хуульд заасны дагуу эрхэлж буй тус банкны үйл ажиллагаанд Өрсөлдөөний тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалт үүсч, улмаар Банкны тухай хуулиар зөвшөөрөгдсөн банкны үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэн явуулах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх заалтыг баримтлан Худалдаа, хөгжлийн банкыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч тал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг мөрдлөг болгоогүй, мөн Х*******ыг давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон тус тогтоол нь тус банкны хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэсэн 2 ерөнхий үндэслэлийг дэвшүүлсэн байна. Үүнд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэгдүгээрт. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг мөрдлөг болгоогүй гэх үндэслэлийн тухайд:
Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүрэн эрхэд заасан байдаг.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтооход Өрсөлдөөний тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг мөрдлөг болгодог. Х*******ыг давамгайгаар тогтоохдоо ч мөн адил Өрсөлдөөний тухай хууль болон дээр дурдсан журмын дагуу явуулсан болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг дээрх журмын 7 дугаар зүйлийн 7.4-д заагдсан эх сурвалжийг бүрэн цуглуулаагүй, тэдгээр материалуудыг бүгдийг нь цуглуулж, судлах ёстой байсан мэтээр бичсэн байна. Гэвч уг журмын заалтын агуулга нь эх сурвалж болохуйц материалуудыг хэрэгжүүлэгчид ойлгомжтой байлгах үүднээс жишээ болгон жагсаасан төдий юм. Түүнээс биш эдгээр баримтыг бүгдийг нь цуглуулах үүргийг хэрэгжүүлэгч байгууллагад оноосон утга байхгүй юм. Иймээс эдгээр баримтыг 100 хувь цуглуулаагүй гэж буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй болно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь тус журмын 7 дугаар зүйлийн 7.4-д заагдсан эх сурвалж дундаас ажиллагаанд шаардлагатай баримт материалуудыг сонгон хэрэглэх бүрэн эрхтэй юм.
Хоёрдугаарт: Давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон уг тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэх үндэслэлийн тухайд:
Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсоноор тус байгууллагын хууль ёсны эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй болно. Жишээлбэл бусад аж ахуй эрхлэгчээс илүү татвар төлөх гэх мэт хориглолт хүлээдэггүй. Зөвхөн өрсөлдөөний хуулийг зөрчсөн тохиолдолд л тодорхой хариуцлагын асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож байгаа нь тухайн байгууллагаар өрсөлдөөний хуулийг чанд сайн мөрдүүлэх зорилго бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналтын нэгээхэн л хэлбэр юм. Иймээс Х*******ыг давамгай байдлаар тогтоосон уг тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Х******* ХХК-ийн Х*******ыг зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолын Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Х*******ыг Зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч-ээр тогтоохдоо Өрсөлдөөний тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын холбогдох заалтуудын дагуу тогтоосон бөгөөд энэ нь ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн эрх ашигт нөлөөлөөгүй, анхааруулах, урьдчилан сэргийлэх зорилготой билэгдлийн чанартай тул захиргааны акт биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлан маргаж байгаа боловч дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ. Мөн бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзнэ гэж тодорхойлжээ.
Нэгэнт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 14 дүгээр тогтоолоор Х*******ыг Зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч-ээр тогтоосон тул Өрсөлдөөний тухай хууль болон Банкны тухай хуульд зааснаар зарим үйл ажиллагаа явуулахыг хориглох, хууль ёсны эрхийг хязгаарлах зохицуулалтын дагуу тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй болох бөгөөд маргаан бүхий тогтоолын 2 дахь хэсэгт заасны дагуу тус банкны үйл ажиллагаанд хуулийн дагуу хяналт тавих, журамд зааснаар хариуцлага ногдуулах эрх зүйн үр дагаврыг бий болгож байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзлээ.
2. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-т аж ахуй эрхлэгчийн зах зээлд давамгай байдлыг тогтоох үе шатыг тодорхойлсон байна: Үүнд:
- Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох
- Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох
- Зах зээлийн төвлөрлийг тооцох
- Зах зээлийн хүчийг тодорхойлох
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь банкны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хангалтгүй хийсэн, шаардлагатай мэдээллийг авахаар хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Х******* ХХК-д болон Монгол банкинд тухайн асуудлаар хандаагүй, зах зээлийн судалгаа, шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт, бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйлийн тооцоолол, бодит судалгааг хийлгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчийн цахим хуудсанд байсан нээлттэй мэдээллүүд, жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан баримтууд дээр тулгуурлаж хийсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
- Х*******ны зах зээл дэх Бараа бүтээгдэхүүний хүрээг
а/ Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа,
б/ Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны хүрээнд тодорхойлсон гэх боловч:
- Монголбанкннаас олгосон 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар гэрчилгээнд Худалдаа, хөгжлийн банк нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хадгаламжийн үйлчилгээ; зээлийн үйлчилгээ; төлбөр тооцооны үйлчилгээ; өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах; гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах; үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах; үнэт зүйл хадгалах; гадаад төлбөр тооцоо хийх; үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах; санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа; хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.
Өөрөөр хэлбэл Х*******ны эрхлэх зөвшөөрөл бүхий 11 үйл ажиллагаанд дээрх журамд заасны дагуу бодит судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа зөвхөн зээлийн үйл ажиллагааны зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүчийг өндөр байна хэмээн тус банкны эрхлэх бүх үйл ажиллагаанд хориглолт, хязгаарлалт тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.
- Мөн банкны зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тодорхойлохдоо Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь нэг зах зээл гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.
- Х******* нь нийт 49 салбар тооцооны төвтэй, үүнээс хөдөө орон нутагт 12, Улаанбаатар хотод 37 салбар үйл ажиллагаа явуулж байхад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүхэлд нь давамгай байдалтай гэж тогтоосон нь Монгол банкнаас олгосон зөвшөөрлийн дагуу бусад хөдөө орон нутагт салбар нэгжүүдээ нээх гэх мэт эрхийг хязгаарласан үйлдэл болжээ.
- Зах зээлийн төвлөрлийг тооцохдоо хариуцагч байгууллага төвлөрлийн коэффициент /CRn/ гэсэн зах зээлд эзлэх хувь хэмжээний нийлбэрийг тодорхойлдог томьёоллыг ашиглажээ. Энэ нь
Зах зээлийн төвлөрөл
CRn
Тайлбар
Өндөр
70%100%
CRn=78%
Х******* ХХК-24%,
Х*******-23%, Голомт банк ХХК-18,7%,
Хас банк -9,7%
24%+23%+18,7%+9,7%=78%
Дээрх 4 банкны зах зээлийн төвлөрлийн хувийг нэмж, 78% болгоод өндөр төвлөрөлтэй гэж тооцсон
Дунд
45%n 70%
Х******* ХХК-24%,
Х*******-23%,
Энэ 2 банкны зах зээлийн төвлөрлийг нэмбэл =47%
Бага
CRn 45%
Х*******-23%,
Хэдийгээр Өрсөлдөөний тухай хуулинд Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран ... гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ гэж заасан ч тухайн маргаан бүхий тогтоолоор Х******* ХХК, Х******* ХХК-иудыг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тодорхойлсон бөгөөд дээрх томьёололд ашигласан Голомт банк ХХК, Хас банк ХХК-иудыг давамгай байдалтай гэж үзээгүй байдлаас харахад Х******* ХХК, Х******* ХХК-иудын зах зээлийн төвлөрлийн хувь нь нийлээд дунд, Х******* ХХК дангаараа бага түвшинд байна гэж үзэх боломжтой.
- Х******* ХХК-ийн зах зээлийн хүчийг тодорхойлохдоо дээрх журмын Лернерийн индексийг /0,61ашиглан /банкны зах зээлийн хүч нь/ J1 байх тул өндөр байна хэмээн тодорхойлжээ.
- Гэвч Х******* ХХК-ийн зах зээлийн хүч буюу J1-ийг гаргахын тулд журамд Лернерийн индексийн гол утга нь ашгийн нормын хэр хэмжээг тодорхойлоход оршино гэсэн томьёоллоор:
Бүтээгдэхүүний үнэ буюу хүүгийн орлогоос Дундаж зардлыг хасаад хүүгийн орлогод хуваахад J1 буюу зах зээлийн хүчийн хэмжээ гардаг байна.
Харин хариуцагч дундаж зардлыг тооцохдоо үйл ажиллагааны зардлыг зээлдэгчийн тоонд харьцуулсан нь буруу бөгөөд энэ нь үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгжийн хүч нь ижил түвшинд байлгах тооцоолол болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны зардлыг зээл авсан хүний тоонд хуваах биш, нийт бүтээгдэхүүний хэмжээ буюу гаргасан зээлийн хэмжээнд хувааснаар тухайн зээлийг олгохын тулд ямар зардал гаргасныг харьцуулснаар дундаж зардал нь бодитойгоор тооцоологдох шинжийг агуулж байна. Ингэж тооцоолоход Х*******ны зах зээлийн хүч буюу J1 нь 0,9-өөс бага гарах боломжтой юм.
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт ...Банкны активыг авч үзсэн шалтгаан нь Актив бол тухайн банкны хөрөнгийг илэрхийлдэг тэнцлийн томоохон хэсэг юм.. гэжээ.
Зах зээлийн өрсөлдөөний ерөнхий зарчим нь тухайн аж ахуйн нэгж өөрийн үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, ашиг орлогоо сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгох бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн зорилгод аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулахад орших бөгөөд банкны зах зээлд актив өндөртэй, өрсөлдөх чадвартай гэдэг байдлаар зах зээлд давамгай байдалтай гэж тогтоох ойлголт биш юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын заалтаар өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын зах зээлийн өрсөлдөөнд хяналт тавьж, үндэслэл бүхий судалгаа шинжилгээ, дүгнэлтийг үндэслэн уг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа нь бүхэлдээ, эсхүл тодорхой нэг үйл ажиллагааны зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч нь тухайн зах зээлд давамгай байдалтай байгааг ялгамжтай байдлаар тогтоох нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Иймд нэхэмжлэгч Х******* ХХК-ийн Х*******ыг зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолын Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1.6, 20 дугаар зүйлийн 20.3.2, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолын Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА