Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгч Ч.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ч.У-д холбогдох эрүүгийн 201710010152 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа, эрх зүйн менежмент мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Т овогт Ч.У,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ч.У нь 2017 оны 02 сарын 05-ны өдөр Монгол улсын хил буюу Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгааралсан бараа болох 237 кг хонины махыг олон улсын галт тэрэгний 7-р галт тэрэгний 3-р купены дээврийн хэсэгт нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би 2017 оны 02 сарын 05-ны өдрийн өглөө эрт 07:30 цагт Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэргэнд суусан юм. Тухайн үед би хувиараа ажилтай явж байсан. Вагондоо суугаад замдаа явж байгаад орой 17 цаг өнгөрч байхад танихгүй 2 өвөрмонгол эрэгтэй манай тасалгаанд орж ирээд хэдэн хайрцагтай зүйл шууд орон доогуур хийчихсэн, тэгэхээр нь энэ юу болж байгаа юм бэ гэсэн чинь жоохон байж байгаад авчихъя, хийх газар байхгүй байна гэсэн, тэгээд ойролцоогоор 3 орчим минутын дараа нэг өвөрмонгол эрэгтэй хүн намайг дуудаад вагоны коридорт уулзаад хайрцагтай юмнуудаа би танай өрөөнд аргалаад янзлаад тавьчихъя, баригдахгүй ээ, хэрвээ баригдвал миний ачаа гээд хэлээд өгөөч гээд 200 юань өгье гэсэн, хориотой зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд тэр өгсөн 200 юанийг нь авчихсан юм. Тэгээд нөгөө хүн чинь надад мөнгө өгөөд л яваад өгсөн. Хаашаа явсаныг нь би мэдээгүй, тэгээд үргэлжлүүлээд замдаа явсаар орой 19 цагийн үед Замын-Үүдэд ирсэн. Тэгээд цагдаа, цэргүүд орж ирээд өрөө болгоныг шалгаж байсан, тэгээд манай тасалгаанд орж ирээд орны доод тал, лүүк энэ тэрийг хүртэл шалгаад нөгөө өвөрмонгол хүний хайрцагтай зүйлсийг гаргаад ирсэн. Тэгээд энэ хэний бараа юм гээд гэхээр нь би миний бараа гэсэн, тэгсэн чинь намайг буу гээд буулгасан, нөгөө мөнгө өгсөн өвөрмонгол хаана байгаа юм бүү мэд, ахиж надтай таараагүй, уулзаагүй, тэр орой үзэгдэж харагдаагүй, вагон нь ч удалгүй 2 цаг гээд хөдлөөд яваад өгсөн гэжээ. /х-ийн 17-19/        

-Шүүгдэгч Ч.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

-Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тухайн өдрийн албаны даргын баталсан хуваарын дагуу ОУ-ын галт тэргэнд хяналт шалгалт хийх явцад хилийн цэргийн албан хаагчид зөрчил илрүүлэн надад мэдэгдсэн юм. Уг зөрчлийг хүлээн авч шалгахад 237 кг малын бог мах байсаныг зөрчлийн тэмдэглэл үйлдэн түр саатуулан прокурорын байгуулагад шилжүүлсэн. Уг малын махыг Ч.Ундармаа гэх эмэгтэй авч явсан чи тухайн үед зөрчлийн тэмдэглэлд бичсэн байгаа. Хувь хүний хувьд 5 кг хүртлэх махыг өөрийн хүнсний хэрэгцээ болгож нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олгодог зөвшөөрөл гэрчилгээ авсан тохиолдолд улсын хилээр нэвтэрч болно. Ч.У-н хувьд ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй. Ч.У нь тухайн үедээ бог малын мах авч явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан гэжээ. /хх-ийн 38/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/

- Хилийн мэргэжлийн хяналтад бараа, бүтээгдэхүүнийг шилжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6/

- Бодис, бараа, бүтээгдэхүүнийг түр саатуулах 000128 дугаартай мэдэгдэл /хх-ийн 8/

-Зөрчлийн тухай тэмдэглэл /хх-ийн 9/

-2017 оны 02 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: 1.Мэдэрхүйн шинжилгээгээр  74 хэсэг 1152 кг мах нь зориулалтын агуулахад хадгалаагүй, сав баглаа зориулалтын бус, шинэлэг байдлаа алдаж өнгө үнэр орсон, механик болон үс шороо тоосоор бохирлогдсон нь шинжилгээнд тэнцэхгүй. Мэдэрхүйн шинжилгээгээр адуу, хонины ястай болон цул мах байна. 2.Эрүүл болон халдварт, гоц халдварт өвчтэй бүс нутгаас нийлүүлсэн гарал үүсэл нь тодорхойгүй, чанар байдлаа алдсан тул ашиглах боломжгүй. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай 14.1.2.мал, малын гаралтай түхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах, 14.1.7 улсын бүртгэлтэй, сорилтын дүгнэлт, тохирлын гэрчилгээтэй эм, биобэлдмэл түүний омгийг гадаадаас оруулах , мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тууварлах, худалдан борлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах. 3.Малын мах нь Монгол улсын хилээр нэвтрүүлэх хязгаарласан бараа бүтээгдэхүүнд орно. Холбогдох эрх бүхий байгууллагаас баримт бичиггүй бол хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай 11.1.2.экспортын шаардлага хангаж буйг нотолж эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх. 4.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13-р зүйлд Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох. Монгол улсад мөрдөгдөж байгаа  MNS 1111:2007 “Үхэр, өсвөр үхэр, адууны өрөөл, тал өрөөл, хонь, ямааны гулууз мах. Техникийн ерөнхий шаардлага”, MNS 5023:2001 “Мах махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага” стандарт. 5.Тухайн мах нь нөхцөл байдлаас шалтгаалж амархан суудаж нян үүсгэн өвчний эх үүсвэр болох тул богино хугацаанд устгалд оруулах шаардлагатай гэжээ. /хх-ийн 12-13/         

 - Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-23, 26/

- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 33/

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны тайлан /хх-ийн 40-47/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч Ч.У нь 2017 оны 02 сарын 05-ны өдөр Монгол улсын хил буюу Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгааралсан бараа болох 237 кг хонины махыг олон улсын галт тэрэгний 7-р галт тэрэгний 3-р купены дээврийн хэсэгт нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Б-н “Уг зөрчлийг хүлээн авч шалгахад 237 кг малын бог мах байсаныг зөрчлийн тэмдэглэл үйлдэн түр саатуулан прокурорын байгуулагад шилжүүлсэн. Уг малын махыг Ч.У гэх эмэгтэй авч явсан чи тухайн үед зөрчлийн тэмдэглэлд бичсэн байгаа. Хувь хүний хувьд 5 кг хүртлэх махыг өөрийн хүнсний хэрэгцээ болгож нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олгодог зөвшөөрөл гэрчилгээ авсан тохиолдолд улсын хилээр нэвтэрч болно. Ч.У-н хувьд ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй.” гэх мэдүүлэг, 2017 оны 02 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт,  Хилийн мэргэжлийн хяналтад бараа, бүтээгдэхүүнийг шилжүүлсэн тухай тэмдэглэл, бодис, бараа, бүтээгдэхүүнийг түр саатуулах 000128 дугаартай мэдэгдэл зэрэг баримтуулаар тогтоогдож байна.

Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 11.1.2-т “экспортын шаардлага хангаж буйг нотолж эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх”-аар, түүнчлэн мөн хуулийн 13-р зүйлд “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэхийг хориглох”-оор хуульчилсан. Шүүгдэгч Ч.Ундармаагийн хувьд дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн, хазгааралсан бараа болох 237 кг хонины махыг олон улсын галт тэрэгний 7-р галт тэрэгний 3-р купены дээврийн хэсэгт нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Эрүүгинй хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г баримтлан шүүгдэгчийн “...эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ундармаад зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Эд мөрийн баримт болох 237 кг хонины махыг хэрхэн шийдвэрлэсэн ажиллагаа нь Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгааг /хх-ийн 35/ дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ч.У-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.У-д оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ундармаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА