| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/04435/И |
| Дугаар | 183/ШШ2024/02395 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2024/02395
2024 оны 05 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2024/02395 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, * дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-85, өөрийн байранд байрлах, регистрийн 00000 дугаартай, ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, * дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, өөрийн байранд байрлах, регистрийн 00000 дугаартай, ХК-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 34,178,104 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/11132017/0000 дугаартай захирамжаар манай компаниас ХХК-д 9,803,656,327.81 төгрөг төлөх шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Х хүсэлтээр ХХК нь манай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийсэн ба Х нь уг хөрөнгийн үнэлгээг хийхэд төлсөн 34,178,104 төгрөгөө манай компаниас гаргуулан авсан. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд манай компани өөрийн хөрөнгөнөөс хэсэгчлэн худалдаж Х 9,803,656,327.81 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Гэвч ХХК-ийн үнэлгээг манай компани хүлээн зөвшөөрөлгүй 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс уг үнэлгээг хүчингүй болгосон. Тухайлбал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/12023/0000 дугаар шийдвэрээр ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. НИХДЗШШ-ийн 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 210/MA2023/0000 дугаар Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүх 2023.07.04-ны өдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т "Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон..." бол уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилжээ. Иймд ""ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь 3 шатны шүүхээр хүчингүй болсон нь тогтоогдсон тул манай компаниас Х хөрөнгийн үнэлгээний төлбөр гэж суутгуулан төлсөн 34,178,104 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХХК-ийн нэхэмжлэлтэй ХК-д холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 34,178,104 төгрөг гаргуулах тухай" иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00000 дугаартай захирамжаар хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/2016/***/1 тоот зээлийн гэрээ, ЗГ/2016/***/2 тоот зээлийн шугамын гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 9,803,656,327.81 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХХК, Н. Н нар нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд графикийн дагуу төлж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 24,623,216 төгрөгийг хариуцагч нар 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах, хариуцагч нар зээлийн төлбөрийг графикийн дагуу сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нар нь дээрх шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тул банк Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2018/00000 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ГХ2018/00000 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож уг захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл (Хөрөнгө үнэлэх)-д заасны дагуу хөндлөнгийн үнэлгээчин буюу " ХХК-иар барьцаа хөрөнгүүдийг үнэлүүлсэн бөгөөд үнэлгээний зардал нь 34,178,104 төгрөгийн зардал гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйл (Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал)-ийн 118.3-д "Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ" гэж, мөн зүйлийн 118.4-д "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно гэж тус тус заажээ. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу үнэлгээний байгууллага буюу хөндлөнгийн үнэлгээчин ХХК нь ХК-д 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөрөнгийн үнэлгээний төлбөр болох 34,178,104 төгрөг төлөх №158/000 дугаартай нэхэмжлэх ирүүлж банк уг нэхэмжлэхийн дагуу үнэлгээчний төлбөр буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шат дахь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлсөн. Банкны хувьд нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн үнэлгээний төлбөрийг суутгаж авахдаа хууль тогтоомж зөрчөөгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй бөгөөд төлбөр төлөгч Н. нь банканд бичгээр гаргасан хүсэлтдээ "... ХХК-т төлөх улсын тэмдэгтийн хураамж болох 24,623,216 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох 1,000,000 төгрөг, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний төлбөр болох 34,178,104 төгрөгийг "с" ХХК-иас төлөх үлдэгдэл төлбөрөөс суутган авч ТАГ-ын 0000000 тоот дансанд төлөхийг зөвшөөрч" гэж бичгээр хүсэлт гаргасан. Банк шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд гарсан зардал болох дээрх төлбөрийг суутган авахдаа харилцагчийн зөвшөөрлөөр суутган авсан бөгөөд Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-д "харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх" гэж, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т "Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх..." гэж тус тус заасны дагуу харилцагчийн зөвшөөрлөөр гүйлгээг хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Банк Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан зардлыг төлбөр төлөгч буюу ХХК, Н. нараас төлүүлэхдээ түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу гүйцэтгэсэн нь банк хууль тогтоомж зөрчсөн болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан нь үнэн. Хариуцагч мөнгө төлсөн нь үнэн. Тэр зүйл дээр маргаагүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлээ тайлбарлаад байх шиг байна. Тийм биш. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд энэ асуудал нь хүчин төгөлдөр бус өмчлөх эрхтэй гэж заасан байдаг. Мөнгийг манайхаас авсан нь танайх аваад хөрөнгийн үнэлгээндээ өгсөн эсэх нь танай асуудал. Магадгүй өнөөдрийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлага хангагдаж гарлаа гэж үзэхэд үндэслэлгүй гэдгээрээ нөгөө талаасаа шүүхээр явах эрхтэй. ХХК-д мөнгө төлөөгүй учраас хандаагүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн газраасаа мөнгөө нэхэж байна. Мөнгө нэхэх үгүй эсэх нь танай асуудал. Бид бол хуулийнхаа дагуу мөнгөө нэхэж байна. Тийм учраас манай нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус шүүхийн шийдвэр болсон. Нотлох баримт өгсөн гэж яриад байх шиг байна. Тэр нь 2021 оны асуудал. Д ХХК-ийн үнэлгээ нь хүчин төгөлдөр бус болсон нь 2023 он байдаг. Хуулийн дагуу төлбөр авахыг хүлээн зөвшөөрч байсан хэдий ч хууль зөрчсөн гэдэг нь 2023 онд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хс ХХК-иас зээл авсан байдаг. Тухайн зээлээ төлөөгүй, банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд талууд эвлэрэх санал гаргаад 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар талууд эвлэрч тус эвлэрлээр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор зээлийн төлбөрөө төлж барагдуулах нөхцөлтэйгөөр эвлэрсэн. Тэгээд цааш үргэлжлээд ХХК нь сайн дураараа зээлийн төлбөрийг төлөөгүйн улмаас банк бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн байдаг. Хаан банкны хүсэлтээр ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн гэж яриад байх шиг байна. Үүнд тайлбар хэлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд ямар тохиолдолд хөрөнгө үнэлэх талаар тодорхой заасан байдаг. Мөн хуулийн 55.2.2.үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийн үнэлгээ хийлгэн гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Х нь ХХК сонгоод танайх үнэлээд манайх мөнгөө төлнө гэсэн тохиролцоо байхгүй. Энэ нь хуульд заасан талууд хөрөнгийн үнэлгээ дээр тохиролцоогүй улмаас хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ хийх нөхцөл хуулиар бүрдсэн байдаг. ХХК ийг Хаан банк ч сонгодоггүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааныхаа дагуу эрх бүхий этгээд томилно гээд хуульд заагаад өгсөн байдаг.Маргааны гол агуулга нь хүчингүй болсон хөрөнгийн үнэлгээний төлбөрийг Х гаргуулах гэсэн байдаг. Ямар зохицуулалт байдаг вэ гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3.Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ. Мөн хуулийн 118.4.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно гэж заасан байдаг. Хуулийн дагуу төлбөр авагч эхлээд хөрөнгийн үнэлгээний зардлыг төлсөн. ХХК-д зээлийн төлбөрөө төлөхдөө хөрөнгийн үнэлгээний төлбөрөө Хаан банканд эргүүлж төлсөн байдаг. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь 492 байсан . Хөрөнгө олж авах этгээд үүрэг нь дуусгавар болсон эсэх хоёр үндсэн шаардлага тавигдах шаардлагатай байдаг. Х ХХК-д 34,000,000 төгрөг байхгүй. Яагаад гэвэл бид түр дамжуулах үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түр ажиллагааны өмнө зардлыг нь банк хөрөнгийн үнэлгээний компанид өгсөн. Хөрөнгийн үнэлгээ хийгдсэний дараа төлбөр төлөгчөөс эргүүлж авсан үйлдэл байдаг. Үр дүндээ банк хөрөнгө олж авсан биш урьдчилж төлсөн мөнгөө эргүүлж авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үүрэг дуусгавар болоогүй,хүчин төгөлдөр хэвээрээ байна. Хөрөнгийн шилжүүлэг нь хуулийн дагуу явагдсан байна. Хууль өөрөө хүчин төгөлдөр үйлчилж байна. гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний 210/МА2023/0000 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/0000 дугаар хуралдааны тогтоол, ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шилжүүлгийн баримтын хуулбар, нэхэмжлэгчээс шүүхэд олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 28-ны 24/27 дугаартай шүүхэд олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/3526 дугаар итгэмжлэлийн хуулбар, хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/3632 дугаар итгэмжлэлийн хуулбар, хариуцагчаас 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 29/3633 дугаар итгэмжлэлийн хуулбар, хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, Н.Ж Хк ХК-д гаргасан өргөдлийн хуулбар, нэхэмжлэх баримтын хуулбар, -ийн 34/66/21 дугаартай Санамж бичиг, ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 34/2130 дугаар албан бичиг, хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг тус тус ирүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 34,178,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хаан банкны хүсэлтээр ХХК нь манай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийсэн ба уг хөрөнгийн үнэлгээний зардал 34,178,104 төгрөгийг манай компаниас ХХК суутган авсан. Харин дээрх хөрөнгийн үнэлгээ нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т "Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон..." уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан тул ХХК-иас 34,178,104 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/0000 дугаартай захирамжийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийг ХХК-иар үнэлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д "Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ" гэж, мөн зүйлийн 118.4-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно. гэж тус тус заасны дагуу Хаан банк зардлыг эхлээд төлсөн бөгөөд хожим хариуцагчаас гаргуулахад хариуцагч п, Н. нарын зөвшөөрлийн үндсэн дээр суутгалыг хийсэн. Мөн ХХК-иар үнэлгээ хүчингүй болсон нь ХХК-д хамааралгүй. гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/0000 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч ХК-д 9,803,656,327 төгрөгийг төлж барагдуулахаар шийдвэрлэжээ. Хариуцагч дээрх шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Х ХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2018/0000 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ГХ2018/00000 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож уг захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд * дүүрэг, 2 дугаар хороо, ***, 00 тоот хаягтай 4,664 м.кв газартай, 9,482,52 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай Сохо олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгын үнэлгээний зардал 34,178,104 төгрөг болжээ.
Харин дээрх ХХК-ийн ** дүүрэг, 2 дугаар хороо, **, 00 тоот хаягтай 4,664 м.кв газартай, 9,482,52 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай Сохо олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг үнэлсэн үнэлгээ нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 7-ны өдрийн 183/ШШ2023/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 сарын 19-ний өдрийн 210/МА2023/0000 дугаартай магадалалаар хүчингүй болсон байна.
5.Талууд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/0000 дугаартай шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа, үнэлгээ хүчингүй болсон, үнэлгээний төлбөр 34,178,104 төгрөг болох талаар маргаагүй.
Харин үнэлгээний зардал 34,178,104 төгрөгийг хариуцагч Х авсан эсэх, тус төлбөрийг банк төлөх үүрэгтэй эсэх талаар маргаж байна.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д "Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ" гэж, мөн зүйлийн 118.4-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно. гэж тус тус заасан.
Төлбөр авагч ХК нь үнэлгээний зардал 34,178,104 төгрөгийг төлж барагдуулжээ. ХК нь үнэлгээний зардлыг төлбөр төлөгч ХХК-иас авахдаа тэдний бусдад төлөх төлбөрөөс суутган авсан, ингэхдээ суутгуулагчийн зөвшөөрлөөр хийсэн болох нь Н.н ХК-д гаргасан өргөдлөөр тогтоогдож байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Х нь хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн зөвшөөрлөөр суутгал хийсэн байна.
7.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж заасан.
Хөрөнгө үнэлгээний ХХК-ийн гүйцэтгэсэн * дүүрэг, 2 дугаар хороо, ****, 00 тоот хаягтай 4,664 м.кв газартай, 9,482,52 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай Сохо олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг үнэлсэн үнэлгээ хожим хүчингүй болсон боловч тус үнэлгээ хүчингүй болсон үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд хамааралгүй байна.
Тодруулбал, ** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 7-ны өдрийн 183/ШШ2023/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 сарын 19-ний өдрийн 210/МА2023/0000 дугаартай магадалалаар шинжээч нь үйлчилгээний обьект болон газрыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй, газрын үнэлгээг тооцохгүйгээр барилгын үнэлгээг тогтоосон нь эргэлзээтэй буюу үндэслэл муутай гэж дүгнэсэн байх тул үнэлгээ хүчингүй болсон үйлдэлд ХК-ийг буруутгах боломжгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч ХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 34,178,104 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,841 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА