Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/618

 

 

 

 

 

 

      2022          06            15                                          2022/ДШМ/618

 

      

Г.Э-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаан:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Д.Доржсүрэн, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/540 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2110000000653 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Г.Э, 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хамтран амьдрагч, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................../;

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 960 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

Шүүгдэгч Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн .......... дугаар хороо, .................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Э-ыг бусадтай хардаж, баруун гараараа хамар руу нь цохиж, үсдэж чирч, хөлөөрөө дэвсэх зэргээр 3 хоногийн турш зодож, эрүүл мэндэд нь элэгний баруун дэлбэнд няцрал, элэгний гялтан хальсны язрал, урагдал, хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун дээд, доод зовхи, хацар шанаа, зүүн чамархай, зүүн хацар, дээд уруул, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, өвчүү, зүүн хөх, нуруу, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун зулайд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар Б овогт Г.Э-ыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, энэ ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 07 жил 11 сар 08 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-ын эдлэх 07 жил 11 сар 08 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Э-ын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70/дал/ хоногийг түүний биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Г.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Э нь хохирогчид 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, шүүгдэгч Г.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Г овогтой Э би 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хэрэг үйлдсэн, 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хорих 461 дүгээр хорих ангид хоригдсон. Ингээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр таслагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан. Ингээд шүүхээс эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийн ялыг нэмж нэгтгэн 7 жил 11 сар 8 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхээс /ШЦТ/540 дугаартай шийтгэх тогтоол гардаж авсан. Г.Э би 1983 оны 2 дугаар сарын 17-нд Хэнтий аймгийн ............. суманд төрсөн. Бага насандаа цэцэрлэг яслаар хүмүүжиж, дунд сургуулиа 2001 онд Нийслэлийн ............ дугаар дунд сургуулийг “В” дүнтэй төгссөн. Ингээд бие даан амьдралд гарч 2002 онд .............. курст шалгалт өгч тэнцээд сургуульд нь орж сурч төгсөөд Нийслэлийн ................... хамгаалалттай ............дугаар ангид орж эргүүлийн цагдаагаар 2002-2004 он хүртэл ажиллаж байсан. Түүнээс хойш оёдолчин, харуул хамгаалалт, туслах ажилтан зэрэг ажилуудыг 2019 оны 10 дугаар сар хүртэл хийж байсан. Мөн 2005 онд хүнтэй танилцаж гэр бүл болоод 2006 онд хүүхэдтэй болоод 2010 онд гэр бүл салаад хүүхдээ өөр дээрээ авч өсгөж байгаа. Хэргийн хувьд гэрч Э.Б, хохирогч Э.Э нарын мэдүүлсэн мэдүүлэг дээр 2018 онд хохирогч Э.Э-ын 8 сар орчим жирэмсэн байхад нь миний хүүхэд биш гэж зодож гэдэс рүү нь өшиглөж зулбуулсан гэх мэдүүлгүүд нь огт худлаа гүтгэсэн мэдүүлгүүд байна. Тухайн үед Э.Э 4-5 сар орчимтой байхдаа зулбаж байсан нь үнэн. Бие засаж байхдаа доошоо цус алдаж сандаргаж эхлэхэд нь түргэн тусламж дуудаж, эмнэлэг рүү хамт авч очиж эмнэлэгийн тусламж авсан. Эмч нь тухайн үед яасан талаар надаас асууж байсан. Ямар шалтгаанаас болоод зулбасныг мэдэхгүй байна. Би Э.Э-ыг эмнэлгээс гаргаж, гэрт нь хоол цай зөөж эргэж байсан. Жирэмсэн байх үедээ архи их уудаг байсан. Өрхийн эмнэлгээс нь хяналтандаа ор гэж удаа дараа утасдаж байсан. 3-4 сар орчимтой байхдаа хяналтанд очиж орсон. Би Э.Э-ыг зодож, миний буруугаас болж зулбасан зүйл огт байхгүй. Энэ өгсөн мэдүүлгүүд нь намайг шүүхийн өмнө улам харгис хэрцгий авиртай төрсөн үрээ ч хайрлахгүй алсан мэт харагдуулж байна. Үүнд нь би их гомдож байна. Би үйлдсэн хэргийн тал дээр байцаалтаас прокурор, шүүхийн шат хүртэл гэм буруу дээрээ маргаагүй. Би эмэгтэй хүнийг зодож хүнд гэмтэл учируулсандаа маш их гэмшиж байна. Хохирогчид түүний эмчилгээний зардалд 594.643 төгрөг гэж шүүхээс дүгнэсэн байна. Миний зүгээс 1.450.000  төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Миний ар гэрийн хувьд тэтгэвэрт гарсан ээж, дунд сургуулийн сурагч хүүтэйгээ хамт амьдардаг. Ээж маань Нийслэлийн ......... дүгээр сургуульд ........... ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан. Даралт нь ихэсдэг, ууц нуруугаар нь өвддөг бие муутай болсон хүн байдаг. Хүү маань Нийслэлийн ................ дугаар дунд сургуулийн ......... дугаар ангид сурдаг, сурлага сайтай, төлөв даруу хүү байдаг. Дүү маань тусдаа гэр бүлтэй. Аав маань .......... онд өвчний улмаас өөд болсон. Манайх айлын хашаа түрээсэлж гэрт амьдардаг. Ээж, хүү хоёрт маань надаас өөр тусалж дэмжих хүн байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч болон түүний гэр бүлийнхнээс албан ёсоор уучлалт гуйж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял оногдуулсан. Өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбод сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 7 жилийн хорих ял оногдуулсан. Шүүх 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 11 сар 08 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг  7 жил 11 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосон. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоол шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 11 сар 8 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй” гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.Э-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ............. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Э-ыг бусадтай хардаж, баруун гараараа хамар руу нь цохиж, үсдэж чирч, хөлөөрөө дэвсэх зэргээр 3 хоногийн турш зодож, эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнд няцрал, элэгний гялтан хальсны язрал, урагдал, хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун дээд, доод зовхи, хацар шанаа, зүүн чамархай, зүүн хацар, дээд уруул, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, өвчүү, зүүн хөх, нуруу, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун зулайд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Г.Э Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар /1хх 122/  эдлээгүй үлдсэн 11 сар 08 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан байх бөгөөд энэ хугацаа 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах эсэхэд шүүх  хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 

Түүнчлэн, шүүх Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.А /1хх 129/-ын “шүүгдэгчийн гэр бүлийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шаардлагыг хангасан үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгана” гэж хуульчилсан хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай “Г.Э нь тус хорооны ....... тоотод оршин суудаг бөгөөд ам бүл 3. эх, хүүхдийн хамт амьдардаг. Өрхийн дотор нь ажилтай иргэн байхгүй, эх Ө.Ч нь өндөр насны тэтгэвэрт, хүү Э.Т нь ерөнхий боловсролын ......дугаар сургуулийн ...... дугаар ангид суралцдаг. Өрхийн орлого 350.000 төгрөг бөгөөд нэг хүнд оногдох орлого 11.666.6 төгрөг. Амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой өрх болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, шүүгдэгч Г.Э-ын төрсөн хүүхэд болох 2006 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, насанд хүрээгүй Э.Т /РД:.................../-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх 118-119/ авагджээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй” гэж, түүнчлэн хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг Хүүхдийн эрхийн тунхаглалд заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг мөрдөгч, прокурор хангах ёстой.

 

Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах” гэж заасан байх тул насанд хүрээгүй Э.Т-ийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх, 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ЦХШЗ/83 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Г.Э-ыг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 /хоёр/ хоногийг яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцохоор тогтоожээ /1хх 42/. Харин шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад Г.Э-ын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70/дал/ хоногийг түүний биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан хоригдсон хоногийг буруу тооцсон байна.

Дээрх нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Э-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Э-ын “ял хөнгөрүүлэх талаар” гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Э нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/540 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардан авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр давж заалдах гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэлбэрээр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ тус тус гаргажээ. Харин анхан шатны шүүх, Г.Э-т холбогдох хэргийг 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр буюу 7 сарын дараа давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлсэн алдаа гаргасан байгааг магадлалд тэмдэглэж, цаашид энэ төрлийн алдаа, зөрчил гаргахгүй ажиллахыг анхааруулж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/540 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ