Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Б.Цэрэнханд, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Иргэдийн төлөөлөгч Д.М

Хохирогч М.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.О-д холбогдох эрүүгийн 1720000220033 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод танил М-нд түр оршин суух, Б овогт С.О

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч С.О нь 2017 оны 07 сарын 08-ний орой 23 цагийн үед Өргөн сум 1-р баг “Хонины аав” гэх газарт нутаглах Г-н гэрт М.Э, У.Г нартай архи уух явцдаа маргалдаж, гэрт байсан хутгаар У.Г-н гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 07 сарын 08-ний орой 23 цагийн үед Өргөн сум 1 дүгээр баг “Хонины аав” гэх газарт нутаглах Г-н гэрт М.Э, У.Г нартай архи уух явцдаа маргалдаж, хутгаар М.Э-н цээж болон нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Надад ах, дүү, хамаатан садан, эхнэр хүүхэд байдаггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй учраас Дорноговь аймгийн сумдуудаар айлын мал маллаж амьдардаг юм. 2017 оны 05 сараас Дорноговь аймгийн Өргөн сумын Хонины аав гэх нэртэй газар зусаж байсан. П гэж айлын малчнаар ажиллах болсон. П-н төрсөн дүү Г нь тэднийхтэй 1 км орчим зайтай газар саахалт амьдардаг бөгөөд би Г-н мал маллах ажилд нь хааяа тусалдаг юм. 2017 оны 07 сарын 08-ны орой П-н хонийг хотлуулж байхад Г над руу яриад “би сумын төв дээр байна манай гэрт очоод хонь хотлуулаад өгөөч” гэсэн. Би Г-н гэрт яваад очтол тэднийд Г-н дүү нь болох Э ирчихсэн байсан ба хонийг нь хотлуулсан. Харанхуй болчихсон байхад Г сумын төвөөс хүрч ирсэн, тэр ирэхдээ нэг шил архитай хүрч ирсэн. Г, Э бид гурав түүний авчирсан архийг хувааж уусан. Г ууж байснаа “чи манай ах П-г дээрэлхээд байна уу” гээд ундаа ууж байсан шаазан аягаа над руу шидээд толгойд оноход аяга хагарсан. Би хагарсан аяганы хэлтэрхийг хамаж хог руу хийсэн тэгэхэд Г “одоо чамайг ална” гээд гэрийн баруун орны гудсан доороос эвхдэг хутга гаргаж ирээд хутгаа дэлгээд намайг заамдаж боогоод гэрийн баруун талын орон дээр унагаахаар нь би доороос нь босож гэрийн хаалгаар гарах гэхэд Э миний араас зуураад татсан, тэгэхэд Г хаалга алдлаад зогссон. Э намайг тонгорч унагаасан. Э, Г нар хоёулаа нийлээд тал талаас өшиглөөд байсан. Орны доор хар иштэй улаан өнгийн лентээр ороосон хутга баригдахаар нь би Э-н цээж рүү нь 1 удаа хатгаад, Г-н баруун гуя руу нь нэг удаа хатгасан. Тэгэхэд Г П-нх руу тусламж дуудна гэд явсан. Удалгүй П ах дүү нарынхаа хамт ирсэн гэв.   

-Хохирогч У.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: С.О нь миний төрсөн ах П-н малыг нь маллалдаг юм. Манайх П ахынхтай саахалт амьдардаг. С.О өдөр болгон манайд ирж хоол идчихээд, зурагт үзэж байгаад явдаг, заримдаа хоноод явдаг. Миний үеэл ах Э манайд хонь хяргах ажилд туслах гээд ирчихсэн байсан. 2017 оны 07 сарын 08-ны өдөр би 21 цагийн орчим сумын төвөөс 1 шил 0,75 л Ерөөл архитай гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд Э, О хоёр байсан би тэр хоёрт баяр болж байгаа юм чинь гээд нэг шил архиа задлаж хувааж ууж байгаад О Э-д архинаас бага өглөө гэж ууралсан. Өөртөө их хийгээд Э бага хийж өгөөд байсан юм. Э, О хоёр маргаж байгаад хоорондоо зууралцаад гэрээс гарсан. Э О-г майкаар нь түүнийг хоолойг боосон би тэр хоёрын дундуур орж салгасан. Би Э-г гэрийн зүүн талын орон дээр “унт” гээд хэвтүүлсэн, тэгэхэд О “би чамайг ална” гээд гэрийн зүүн урд хэсэгт байх шүүгээн дотороос улаан өнгийн лентээр ишийг ороосон хар иштэй хутга, шар иштэй хоёр хутгыг авсан Э-г орон дээр хэвтэж байхад цээжний баруун хэсэгт нэг удаа хатгасан, хутаглуулсан шархаа дараад тонгойход дал орчим дахин хатгасан. Би гэрт байсан дээлний бүсээр Э-н цээжийг боож өгчихөөд О-г “чи хүн аллаа болиоч” гэхэд “яадаг юм бэ энийг чинь алах гэж байгаа юм чинь чамайг ч гэсэн алчихъя” гээд над руу баруун гартаа хутга барьчихсан дайрсан. Би хутгатай гарыг нь мушгиад хутгыг нь хаяуулж газар унагаагаад дээр нь гарсан, тэгэхэд О намайг доороо хийгээд гутлынхаа түрийнээс дахин хутга гаргаж ирээд миний баруун гуянд хоёр удаа хатгасан, би түүнийг “чи хүн алчихвал өөрөө хэрэгт орно шүүдээ, би түргэн дуудаад ирье” гээд нилээд гуйсан. Тэгэхэд О “тэгээд хурдан яваач” гэхэд нь би гэрээс гараад мотоциколтой дүү Б-нд очиж болсон явдлын талаар хэлж эмнэлгийн түргэн тусламж дуудуулсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 16-17/           

 -Хохирогч М.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Өргөн суманд үеэл дүү Г-н гэрт хонь хяргах ажилд нь туслах гээд оччихсон байсан юм. 2017 оны 07 сарын 08-ны өдөр 20 цагийн үед О хүрч ирж хонь хотлуулсан. Тэгэхэд Г сумын төвөөс ирэхдээ 1 шил 0,75 л Ерөөл архи авч ирсэн. Тэгээд бид гурав Г-н авчирсан архийг хувааж уусан. Тэгээд О надад архинаас бага хийж өглөө гээд бид хоёр хоорондоо маргалдаж зууралцаад гэрээс гарахад Г биднийг салгаж буцааж гэрлүү орсон. Би гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байхад О шүүгэн дотроос хутга авч намайг ална гэж дайраад цээж рүү нэг удаа хатгасан. Би шархаа бариад доош тонгойход миний нуруунд дахин хатгасан, би цус алдаж ухаан орж гараад байсан. Г миний шархийг боож өгсөн. О, Г хоёр хоорондоо маргалдаад ноцолдод байсан түүнээс хойш болсон явдлын талаар би санахгүй мэдэхгүй байна. Г бид хоёр О-г цохиж зодох гэсэн үйлдэл гаргаагүй. Г О-г хутгална гэж тонгорго барьж дайрсан үйлдэл гаргаагүй, мөн зуухны тагаар цохиж зодоогүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 19-20/            

-Хохирогч М.Э шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгт: Тухайн өдөр би нэлээд согтоллтой байсан. Миний ч буруу байгаа л байх. 3 удаа хагалгаанд орсон, одоо биеийн байдал гайгүй байгаа. О-с нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй гэв.

-Гэрч У.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 сарын 09-ний өдөр 02 цагийн орчим гэрт манай ах Г мотоциколтойгоо ирсэн “ах нь хутгалуулчихлаа хэсгийн төлөөлөгч рүү утсаар залгаж хэл, түргэн дууд, тэнд бас нэг хүн үхлээ хурдан очьё” гэсэн. Би мотоциколтой П ахынх руу очиж “түргэн дуудаад өг О, Э, Г ах хоёрыг хутгалчихсан байна” хэлчихээд буцаад гэрлүүгээ очсон. Манай эхнэр А, Г, туслах малчин Э тэр 3 Г ахынх руу явчихсан байсан. Шууд Г ахынд очсон нөгөө хэд бүгдээрээ ирчихсэн байсан. Гэрлүү ороод очиход эвдэрч хэмхэрсэн юм байхгүй, цус болсон эд зүйл байхгүй шал цэвэрхэн байсан. Э зүүн орон дээр цагаан хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан ба хөнжлийг нь сөхөж үзсэн цээж нь нил цус болчихсон байсан. О манай туслах малчин Э хоёр маргалдаж байгаад Э О-н нүүрлүү нь 1 удаа гараараа цохисон удалгүй хэсгийн төлөөлөгч ирсэн. Г баруун гуяндаа хутгалуулчихсан байсан ба “О нь Э бид хоёрыг хутгалчихлаа Э үхэх гээд байна түргэн дууд” гээд байсан гэжээ. /хх-ийн 21- 22/       

-Гэрч У.П мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 07 сарын 09-ний шөнө 02 цагийн орчим манай төрсөн дүү Б мотоциколтой манайд ирсэн ба “О нөгөө Э, Г хоёрыг хутгалчихжээ” гээд ирсэн. Шууд хэсгийн төлөөлөгч рүү ярьсан. Г-н гэрт очиход Э зүүн орон дээр хөнжил нөмрөөд хэвтэж байсан ба хөнжлийг нь сөхөөд үзсэн цээж нь бөөн цус болчихсон сайн ярьж чадахгүй нилээн их цус алдсан шинжтэй хэвтэж байсан. О нь зүүн урд шүүгээний наана завилаад суучихсан байсан. О өөрөө түргэн ирж байна уу гээд байсан. Б бид хоёр биед нь хутга байж магадгүй гээд дарж унагаж байгаад үзсэн хутга янз бүрийн юм байхгүй болохоор нь тавьчихаад О-г хараад суусан. “Хутга чинь хаана байна” гэсэн “би гадаа нуучихсан байгаа өгөх хүндээ өгнө“ гээд байсан. Өөр зүйл болоогүй ба удалгүй хэсгийн төлөөлөгч ирсэн. Хутга нуусан газрыг заалгуулахад гэрийн баруун талын хаяанд хар иштэй улаан ленттэй хутгыг олсон ба нөгөө хутгыг гэрээс баруун тийшээ 10 м бургасан дотороос олсон гэсэн гэжээ. /хx-ийн 28-29/

-Гэрч Ш.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 сарын 09-ний шөнө 02 цагийн орчим Г мотоциколтойгоо ирсэн ба “О, Э бид хоёрыг хутгалчихлаа түргэн дууд тэнд нэг хүн үхлээ худан очъё” гэсэн. Б мотоциколтой П-д очих гээд явсан. Г, А бид хэд машинтай Г-н гэрт ирэхэд гэрээс зүүн урагшаа машины гэрэлд О гартаа нэг юм барьчихсан зогсож байсан. Г “та хэд машинаасаа битгий буугаарай наад О чинь 2 хутагтай явж байгаа нэг хутга нь гутлынх нь түрийнд байгаа” гэж байсан “П, Б хоёрыг ирэхээр хамт оръё” гээд байсан. Г нилээд айчихсан байсан Г-н гэрийн гадаа зогсолгүй шууд П-д очих гээд явж байсан чинь П, Б хоёртой таараад буцаад Г-н гэрт ирсэн. Эхлээд П араас нь бид хэд орсон. Э зүүн орон дээр цагаан хөнжил нөмөрчихсөн хүнтэй юм ярьж чадахгүй дохиод байсан ба хөнжлийг нь сөхөж харахад гэдсийг нь бүсээр боочихсон байсан, бүс нь цус болчихсон байсан. О шорон яриад “би мааньтад байсан ба энэ хоёрыг хутгалсан” гээд миний өөдөөс салаавч гаргаад байхаар нь нүүрлүү нь нэг удаа гараараа цохисон өөр зүйл болоогүй. Удалгүй хэсгийн төлөөлөгч ирсэн гэжээ. /хх-ийн 30-31/           

- Шинжээчийн 272 тоот дүгнэлт: 1.С.О-н биед цээжний ар талд болон хүзүүний ар хэсгээр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хx-ийн 35/

- Шинжээчийн 205 тоот дүгнэлт: 1.У.Г-н баруун гуяны гадна хэсэгт хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр  үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 42/

-Шинжээчийн 4136, 7615 тоот дүгнэлтүүд /хх-ийн 47-53, 64-65/

-Шинжээчийн 325 тоот дүгнэлт: 1.С.Э-н биед хэвлий цээжний хөндий нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, хөндийт эрхтэний гэмтэл, зүүн талд эгэмний урд шугамаар шарх, зүүн мөрний үеэнд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Дээрх гэмтлүүдийн хэдлий цээжний хөндийн нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, хөндийт эрхтэний гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн талд эгэмний урд шугамаар шарх, зүүн мөрний үеэнд шарх, гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 70/

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 2/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-11/

-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/

-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136/

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 137-139/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 145-146/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч С.О нь 2017 оны 07 сарын 08-ний орой 23 цагийн үед Өргөн сум 1-р баг “Хонины аав” гэх газарт нутаглах У.Г-н гэрт М.Э, У.Г нартай архи уух явцдаа маргалдаж, гэрт байсан хутгаар У.Г-н баруун гуяны гадна хэсэгт хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн хутгаар М.Э-н хэвлий цээжний хөндий нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, хөндийт эрхтэний гэмтэл, зүүн талд эгэмний урд шугамаар шарх, зүүн мөрний үеэнд шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтанд өгснө мэдүүлэг, гэрч У.Б-н “...Гэрлүү ороод очиход эвдэрч хэмхэрсэн юм байхгүй, бус болсон эд зүйл байхгүй шал цэвэрхэн байсан. Э зүүн орон дээр цагаан хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан ба хөнжлийг нь сөхөж үзсэн цээж нь нил цус болчихсон байсан.” /хх-ийн 21-22/, гэрч У.П-н “...Г-н гэрт очиход Э зүүн орон дээр хөнжил нөмрөөд хэвтэж байсан ба хөнжлийг нь сөхөөд үзсэн цээж нь бөөн цус болчихсон сайн ярьж чадахгүй нилээн их цус алдсан шинжтэй хэвтэж байсан. О нь зүүн урд шүүгээний наана завилаад суучихсан байсан.” /хх-ийн 28-29/ гэх мэдүүлэг, гэрч Ш.Э-н “...О гартаа нэг юм барьчихсан зогсож байсан. Г “та хэд машинаасаа битгий буугаарай наад О чинь 2 хутагтай явж байгаа нэг хутга нь гутлынх нь түрийнд байгаа” гэж байсан “П, Б хоёрыг ирэхээр хамт оръё” гээд байсан. Г нилээд айчихсан байсан. ... О шорон яриад “би мааньтад байсан ба энэ хоёрыг хутгалсан” гээд миний өөдөөс салаавч гаргаад байсан” /хх-ийн 30-31/ гэх мэдүүлэг, шинжээчийн 205, 325 дугаартай дүгнэлтүүд, согтуурал шалгасан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн.

Хохирогч М.Э, У.Г нарыг хутгалж бие махбодид нь хөнгөн, хүнд хохирол тус тус учруулсан шүүгдэгч С.О-н үйлдэл нь хууль бус болохыг өөрөө ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.О зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт бусадад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулах эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх үндэслэтэй байна.      

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Б овогт С.О-г хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүлийн 4-т зааснаар шүүгдэгч С.О-т оногдуулсан 3 жил 6 сар 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүлийн 1-д зааснаар шүүгдэгч С.О-н цагдан хоригдсон 72 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй ажлын хэсэг нь 15 см урттай хутга 1 ширхэг, цагаан иштэй ажлын хэсэг нь 16,5 см урттай хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                                    А.ЦЭРЭНХАНД

                                                                        Д.АДЪЯАСҮРЭН