Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр

Орчуулагч Г.Анхбаяр

Шүүгдэгч Я.Я.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яанг Яи Яонг /YANG YIYONG/-д холбогдох эрүүгийн 1720001390069 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 29-ны өдөр БНХАУ-ын Хун Нам хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засварчин мэргэжилтэй, БНХАУ-д оршин суух хаягтай, Я.Я.Я,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Я.Я.Я нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгааралсан бараа болох 5,6 грамм алтыг өөрийн өмсөж явсан гутлынхаа ул хэсэгт нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Я.Я.Я мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт алтны уул уурхайн чиглэлийн компанид техникийн засварчинаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 09 сарын 29-ны өдөр тэнд хувиараа алт олборлодог Монгол улсын иргэнээс уг алтыг 1200 юаниар худалдаж авсан юм. Тэгээд уг алтаа 2017 оны 10 сарын 05-ны өдөр Замын-Үүд боомтоор БНХАУ-руу авч гарах гэж байгаад улсын хил дээр саатуулагдсан гэжээ. /хх-ийн 3-4/        

-Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Монгол улсын хилээр хууль бусаар алтыг гаргаж байгаа үйлдэл нь Монгол улсын валютын нөөцөд хохирол учруулж байгаа гэж үзэж байгаа тул уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Өнөөдрийн байдлаар хууль эрх зүйн хүрээнд алтыг улсын хилээр тодорхой нөхцөл журмыг хангасан тохиолдолд хувь хүн, хуулийн этгээдэд хилээр гаргахыг зөвшөөрдөг бөгөөд энэ нь ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортонд гаргана гэж заасан байдаг, мөн 2001 оны УИХ-ын 85-р тогтоолоор төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан байдаг бөгөөд уг үндсэн чиглэлээр дотоодын алтны зах зээлийг чөлөөлсөн байна. Үүний хүрээнд МУ-ын санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Алт олборлогч байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд татварын хяналт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 117-р дугаар тушаал батлагдсан байдаг. Энэхүү тушаалын 3а-д зааснаар алт олборлодог иргэн, аж ахуй нэгж байгууллагууд алтыг бие даан экспортлоход улсын сорьцын хяналтын албаар сорьцийг тогтоолгож, татварын албатай нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийгдсэн нөхцөлд гаалийн бүрдүүлэлт хийж байх журам тогтоон мөрдүүлэх гэсэн заалтыг тусгасан байдаг. Иймд дээрх БНХАУ-ын иргэн нь алтны сорьцыг тогтоолгоогүй, татвар төлөөгүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүйгээр алтыг улсын хилээр авч гарсан үйлдэл нь МУ-д дагаж мөрдөх ёстой хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл юм. 4,67 гр алтыг улсын орлогод авах саналтай байна гэжээ. /хх-ийн 27-28/    

-Гэрч Ш.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 09 цагийн орчим АЗШНЦ1-ийн гарах чиглэлийн зорчигчийн хэсэгт Гаалийн хяналт шалгалт хийж байхдаа БНХАУ-ын иргэн Я.Я.Я нь өмсөж явсан баруун хөлний хар гутлын уланд 5,6 гр шар өнгийн металлыг биеийн рентген ашиглаж илрүүлсэн. Надад тухайн үед яагаад гутландаа  шар өнгийн металл эд зүйл хийсэн юм бэ гэж иргэнээс орчуулагчаар дамжуулан асуулгахад Баянхонгорт алтны уурхайд ажиллаж байхад ажлын талбайгаас шорооноос гарч ирсэн алтыг дурсгал болгох зорилгоор би авч явж байсан гэсэн хариу өгсөн гэжээ. /хх-ийн 32-33/

  -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 2/

- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай 03172029 дугаартай тогтоол, гаалийн байгууллагаас хийгдсэн ажиллагаа /хх-ийн 7-20/

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 23/

-Эд зүйлийг жигнэж, хэмжин хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 34/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35/

-Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх-ийн 42/  

-Монгол банкны Эрдэнэсийн санд Замын-Үүд цагдаа тушаасан 40200004 дахь алтны тооцоо /хх-ийн 46/     

 - Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн гадаад паспорт /хх-ийн 51-53/

-Шүүгдэгч Я.Я.Я-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлт /хх-ийн 63-64/

- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 65/

-Монгол банкны Б-1/1503 дугаартай иргэний нэхэмжлэгчээр Б.О-г томилсон албан тоот /хх-ийн 68/

- Хэргийг хялбаргуулсан журмаар хянан үийдвэрлэх тухай прокурорын 5/15 дугаартай тогтоол /хх-ийн 69/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 70/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч Я.Я.Я нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгааралсан бараа болох 5,6 грамм алтыг өөрийн өмсөж явсан гутлынхаа ул хэсэгт нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Б-н “2017 оны 10 сарын 05-ны өдрийн 09 цагийн орчим АЗШНЦ1-ийн гарах чиглэлийн зорчигчийн хэсэгт Гаалийн хяналт шалгалт хийж байхадаа БНХАУ-ын иргэн Я.Я.Я нь өмсөж явсан баруун хөлний хар гутлын уланд 5,6 гр шар өнгийн металлыг биеийн рентген ашиглаж илрүүлсэн.” гэх мэдүүлэг, Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг баримтуулаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монголбанкаар дамжуулан экспортод гаргаж болно.” гэж заасан байна. Шүүгдэгч Я.Я.Я-д ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй, Монгол банкнаар дамжуулан алт экспортлох зөвшөөрөл аваагүй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэг тайлбараар тогтоогдож байна. Шүүгдэгч Я.Я.Я нь алтыг өөрийн өмсөж явсан гутландаа нууж улсын хилээр нэвтэрч байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Я.Я.Я-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан 5,6 гр жинтэй шар өнгийн металлыг шинжилгээ хийлгүүлэхээр Үнэт металын сорьцын хяналтын газарт хайлуулж нэгэн төрлийн болгуулан жинлэж үзэхэд 4,8 гр болсон, 4,8 гр алтны цэвэр жин 4.67 байгаа нь хх-ийн 35 дугаар хуудсан дахь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Я.Я.Я яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 40200004 дахь алтны тооцоо /хх-ийн 46/ зэргээр алтны граммын хэмжээ нь багассанг дурьдах нь зүйтэй байна.     

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я.Я.Я-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Я.Я-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Я.Я.Я-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Я.Я.Я нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4,67 гр алтыг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлсүгэй. 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Я.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Э.БОЛОРМАА