Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/617

 

 

Г.А холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

шүүгдэгч Г.Г.А, 

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 200044 0863 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ГА

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1066 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч Г.Г.А нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байрны зогсоолд байршуулсан байсан “М.Х” ХХК-ийн өмчлөлийн “М” маркийн 1УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Ш.У2.004.276 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт хэргийг түргэтгэх зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Г.Г.Аийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.А оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Г.Г.Аээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Г.Аээс 2.004.276 төгрөгийг хохирогч Ш.Уолгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч  2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, 9 дүгээр гудамжны 7 тоотод хашаанд байршуулсан “М.Х” ХХК-ийн эзэмшлийн цагаан өнгийн 1УБП улсын дугаартай “сент” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.А буцаан олгож, шийтгэх тоггоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба Г.А урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж харамсаж байна. Уг гэмт хэргийн хохирол болох верна аксент маркийн автомашиныг бодитоор нь хохирогчид хүлээлгэн өгч хохирлыг барагдуулах саналыг шүүх хуралдаанд гаргахад шүүх хэт нэг талыг баримталж миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн хохирлын үнэлгээг дахин гаргуулмаар байна. Гэрч өнхийн смартаар шалгахад уг машин нь 2017 оноос хойш оношлогоонд ороогүй, 360.000 төгрөгийн торгуультай, машиныг асаах гэтэл асахгүй байсан гэх мэдүүлэг байхад хөрөнгийн үнэлгээ хийсэн компани нь уг машиныг асааж үзэж шалгалгүй үнэлгээ хийж, дүгнэлт гаргасан нь буруу гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 134-135, 139 дүгээр талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, торгууль, оношилгоо зэргийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээтэй холбоотой асуудлаар шүүгдэгч, хохирогч хэн аль нь маргаж байгаагүй, энэ талаар хэрэгт авагдсан баримт байдаггүй. Хөрөнгийн үнэлгээний компани үнэлгээг шууд харьцуулалтын аргаар буюу тандалтын аргаар дүгнэж гаргасныг үндэслэлтэй гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийг анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.А олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь тээврийн хэрэгсэл тодорхой хугацаанд тухайн авто засварын газарт байсан мөн хохирогч мэдүүлэгтээ тээврийн хэрэгсэл тоногдсон байсан учраас ашиглах боломжгүй гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад анхан шатны шүүхээс “М.Х” ХХК-ийн эзэмшлийн цагаан өнгийн 1УБП улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А буцаан олгож, шүүгдэгч Г.Г.Аээс 2.004.276 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Уолгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Г.Аийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Г.Г.А нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байрны зогсоолд байршуулсан байсан “М.Х” ХХК-ийн өмчлөлийн “М” маркийн 1УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Ш.У2.004.276 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Уын “...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байхад манай жолооны багш Энхтүвшин над руу утсаар залгаад “Тэнгэр” худалдааны төвийн эсрэг талд байсан 1УБП улсын дугаатай цагаан өнгийн “Верна Аксент” маркийн автомашин алдагдаад алдсан машинаа олчихлоо гэж надад хэлсэн. ...1УБП улсын дугаартай автомашин нь “ М.Х” ХХК-ийн нэр дээр байдаг бөгөөд жолооны багш Энхтүвшин ах одоогоор унаж байгаа. Хэдэн оны хэдэн сард үйлдвэрлэгдсэн хэдэн оны хэдэн сард Монгол улсад орж ирснийг нь хэлж мэдэхгүй байна. Манай машин хэвийн ажиллагаатай хулгайд алдагдахаас өмнө нь 1.800.000 төгрөгөөр бүх зүйлийг нь сольсон. Би худалдаж авсан гэх задаргааны хүмүүс хулгай хийсэн гэх хүмүүстэй холбоотой хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж авсан гэж бодож байгаа. Мөн хулгай хийсэн машиныг хулгай хийсэн газарт нь үлдээсэнд гайхаж байна. Машинаас ямар ямар эд зүйлс алдагдсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна...” /хх 49-50/,

гэрч Г. “...манай жолооны захирал яриад маргааш тээврийн хэрэгсэлтэйгээ ирээрэй гэсэн. Тэгээд тээврийн хэрэгслийг асаахаар 17 цагийн үед зогсоол дээр очиход байхгүй байсан. Тэгээд би 12 дугаар байрны 1 давхарт байдаг айлын хүнээс асуухад 13 цагийн үед ачлагын машин ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” /хх 56-57/,

гэрч Г.Мн “...Би тэр машиныг хулгайн машин гэдгийг нь анх мэдээгүй. Тэр үед нөгөө машин ачуулсан залуу гэрчилгээг нь үзүүлэхээр нь би хальт улсын дугаарыг нь тулгаж үзсэн. Надад тухайн залуустай нийлж машин хулгайлж ачсан зүйл байхгүй. Тэр залуу халааснаасаа түлхүүр болон гэрчилгээ гаргаж ирсэн. Бас тэр залуу машиныг онгойлгож үзүүлсэн. Тэгээд би тухайн машиныг ачаад Шархадны эмнэлгийн тойргийн тэнд нэг айлын хашааны гадна аваачиж буулгасан. Ачлагын мөнгө болох 60.000 төгрөгийг тэр машиныг авч байгаа задаргааны залуу надад бэлнээр өгсөн.” /хх 66-67/,

гэрч Х.Уя “...бид 2-т миний машин байгаа юм, түрүүний уулздаг залууд засуулах гэж байгаа юм гэж л ярьж байсан. Би тухайн үед Гэгээ буюу Г.Аийг машин хулгайлж байгаа гэдгийг нь мэдээгүй. Тэр машиныг ачуулах гээд явж байхдаа нэг хүн рүү ахаа би очоод машинаа авах гээд явж байна гээд утсаар ярихаар нь би итгэсэн...” /хх 69-70/,

яллагдагчаар Г.Г.Аийн “...Ачилтын компаний ажилтан намайг хулгайн машин ачуулах гэж байгаа гэдгийг мэдээгүй. Өмнө нь намайг “Внт” маркийн авто машинтай байсан гэдгийг мэддэг юм. Тэгээд би жолоочид нь өөрийн машин гэж хэлээд ачуулсан юм. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй, мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх 91-92/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 78-80/, “М” маркийн 1УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаа /хх 134-135, 139/, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /хх 140-141/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-44/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Г.Аийг гэмт хэргийг түргэтгэх зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ. 

Шүүгдэгч Г.Г.Аийг согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байрны зогсоолд байршуулсан байсан “М.Х” ХХК-ийн өмчлөлийн “М” маркийн 1УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Ш.У2.004.276 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Г.Г.А нь “...Уг гэмт хэргийн хохирол болох “верна аксент” маркийн автомашиныг бодитоор нь хохирогчид хүлээлгэн өгч хохирлыг барагдуулах саналыг шүүх хуралдаанд гаргахад шүүх хэт нэг талыг баримталж миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн хохирлын үнэлгээг дахин гаргуулмаар байна. Мөн хавтаст хэргийн 134-135, 139 дүгээр талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, торгууль, оношилгоо зэргийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилж, шилжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх 76/, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /хх 140-141/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-44/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл  /хх 81-82/ зэрэг баримтаас дүгнэвэл шүүгдэгчийн хулгайлсан машин хохирогчид шүүх хуралдаан хүртэл буцаагдаагүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.  

Харин, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох “М.Х” ХХК-ийн өмчлөлийн “М” маркийн 1УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.А буцаан олгохоор шийдвэрлэснийг энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Тодруулбал, хохирогч Ш.У нь шүүх хуралдаанд “...машиныг яаж тоносонг мэдэхгүй тул хохирлоо мөнгөн дүнгээр авах нь дээр болов уу.” гэж мэдүүлсэн тул “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 2.004.276 төгрөгөөр үнэлсэн мөнгөн дүнгээр хохирлыг тооцож хохирогчид хохирлыг олгохоор шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж заасны дагуу “М.Х” ХХК-ийн өмчлөлийн “М” маркийн 1УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэж дүгнэж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Г.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Г.А нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Р.Буяндэлгэрийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 49 дүгээр гудамжны 777 тоотод хашаанд байршуулсан “М.Х” ХХК-ийн эзэмшлийн цагаан өнгийн 1УБП улсын дугаартай “В” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.А буцаан олгосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 49 дүгээр гудамжны 777 тоотод хашаанд байршуулсан “М.Х” ХХК-ийн эзэмшлийн цагаан өнгийн 1УБП улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашиныг улсын орлого болгосугай.” гэж өөрчилсүгэй.   

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Аийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОЧМАНДАХ

 

                                   ШҮҮГЧ                                                    Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ