Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/02060

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/02060

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ж нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Р ХХК

 

Хариуцагч: Ш ХХК,

 

Хариуцагч: Д.Б холбогдох

 

Өмчлөгчөөр тогтоолгож орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц*******,

Хариуцагч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж******* нь өмчлөгчөөр тогтоолгож орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р ХХК, Ш ХХК, Д.Б нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Нэхэмжлэгч миний бие 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр "Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ"-г Ш ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр эрх шилжүүлэгч Ш ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 3 өрөө орон сууцыг эрх хүлээн авагч Б.Ж******* надад 133,076,000 төгрөгт тооцож худалдахаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээний 2.2-т зааснаар 133,076,000 төгрөгийг Шинэ өнгө төрх ХХК-ийн захирал Д.Б Хаан банкны тоот данс руу 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Улмаар тухайн орон сууцны эзэмшлийг хүлээн авч, өнөөдрийг хүртэл миний бие эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. Ш ХХК-иас байрны өмчлөх эрх шилжүүлэх талаар шаардлага тавьж байсан боловч "удахгүй, нэр дээр шилжүүлнэ" гэсэн тайлбар тавьдаг байсан. Ш ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Р ХХК-тай 20108 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, гүйцэтгэгч Ш ХХК нь 317,124,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч Р ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,300,000 төгрөгөөр үнэлэн 156,032,000 төгрөгийн орон сууц, Б блокын 2 дугаар орцны 16 давхарт 70.04 м.кв, 141 тоот орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,300,000 төгрөгөөр үнэлэн 161,092,000 төгрөгийн орон сууцыг тус тус бартерийн журмаар төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Миний бие дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн Ш ХХК-тай орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан болно. Өөрөөр хэлбэл, орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Улмаар 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Р ХХК болон Ш ХХК нар Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Маргаж буй орон сууцны эзэмшил, захиран зарцуулах эрхийг Р ХХК нь Ш ХХК-д шилжүүлж өгсөн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ" гэж заасан. Хариуцагч Р ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчаар Ш ХХК, Д.Б болон нэхэмжлэгч Б.Ж******* намайг тодорхойлсон. Р ХХК-ийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал "...2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 20/08 тоот өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнээс тус тус татгалзаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,  орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгаж, орон сууцнаас Б.Ж*******г албадан гаргуулах..." байсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/000000 дугаартай шийдвэрээр Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талуудын байгуулсан гэрээнүүд, маргаж буй орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн үйлдэл, тухайн орон сууцанд Б.Ж намайг бодитойр эзэмшиж, ашиглаж байгаа зэрэг үйл баримтад маргаангүй, харин Р ХХК-ийг гэрээ цуцлахаар шаардах эрхгүй, Б.Ж эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/00000 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан ба шийдлийн хувьд хэвээр үлдээсэн. Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ШХТ2023/00000 дугаартай тогтоолоор Р ХХК-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасны дагуу дээрх үйл баримтууд нь бүрэн нотлогдож байгаа болно. Гэтэл хариуцагч Р ХХК нь маргаж буй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо,  3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дур мэдэн өөрийн компанийн нэр дэр гаргуулан авч намайг хохироож байна. Нэхэмжлэгч миний хувьд гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэгч Б.Ж Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо,  3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо,  3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Ж нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Маргаан бүхий орон сууц нь анх Р ХХК болон Ш ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бий болж, улмаар Б.Ж******* миний бие Ш ХХК-ийн захирал Д.Бтай Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Ийнхүү орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар хариуцагч нарт хандахад "манайх гаргаж өгөхгүй, нөгөө компанитай учираа ол" гэх зэргээр нэг нэгэн рүүгээ явуулдаг. Иймээс Ш ХХК болон Д.Б нарыг хамтран хариуцагч гэж тодорхойлсон болно, гэжээ.

 

Хариуцагч Р ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Ж*******гийн нэхэмжлэлтэй Р ХХК, Ш ХХК, Д.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Р ХХК болон Ш ХХК-ийн хооронд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 20/08 тоот Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Шинэ өнгө төрх ХХК нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо,  1-р орцны өрлөг шаврын бүх ажлыг 305,792,904 төгрөгөөр хийж гүйцэтгэх, Р ХХК нь ажлын хөлсөнд дүйцүүлэн Богд вилла төслийн А блокийн 6 даврхын 118 тоот хаягт байрлах 67.84 мкв талбай бүхий орон сууцыг 156,032,000 төгрөгөөр, Б блокийн 16 давхрын 141 тоот хаягт байрлах 70.04 мкв талбай бүхий орон сууцыг 161,092,000 төгрөгөөр тооцон төлөхөөр тус тус тохиролцсон. Улмаар орон сууцнуудын эзэмших, ашиглах эрхийг Ш ХХК, түүний захирал Д.Б шилжүүлэн өгсөн. Гэтэл Ш ХХК нь гэрээгээр тохирсон хийж гүйцэтгэх ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс шалтгаалж өөр этгээдээр тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд дутуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг яаралтай төлж барагдуулах талаар хариуцагчид мэдэгдэхэд бодитой үр дүн гараагүй. Ш ХХК-ийн захирал Д.Б 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/62 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг нь үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 30- ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг Ш ХХК-тай байгуулж, гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг тогтоож өгсөн боловч мөн адил ямар нэгэн үр дүн гараагүй болно. Нэхэмжлэгч Б. нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч Ш ХХК биш гэдгийг тус компанитай 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулж байх үедээ мэдэж байсан болох нь гэрээний агуулгаас тодорхой харагддаг тул түүнийг эд хөрөнгө эзэмших эрхийг шударгаар олж авсан буюу түүнд хууль ёсоор эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн Р ХХК нь иргэн Б.Ж*******тай аливаа гэрээ хэлцлийг байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмнө нь ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.

 

Хариуцагч Ш ХХК болон Д.Бс шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2020.04.16-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.27-ны өдрийн 183/ШШ2023/00000 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 210/МА2023/00000 дугаартай магадлал,

 

Хариуцагч Р ХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ж******* нь өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р ХХК, Ш ХХК, Д.Бат-Оюун нарт холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

1. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Р ХХК, Ш ХХК нарын хооронд өрлөг шаврын ажил гүйцэтгэх тухай 20/08 дугаар гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр орцны өрлөг шаврын бүх ажлыг Ш ХХК нь 317,124,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг Р ХХК  А блокын 6 дугаар давхрын 118 тоот хаягт байрлах, 67.84 мкв талбай бүхий орон сууцыг 156,032,000 төгрөгт, Б блокын 2 дугаар орцны 16 дугаар давхрын 141 тоот хаягт байрлах 70.014 мкв талбай бүхий орон сууцыг 161,092,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар дүйцүүлэн төлөхөөр тохиролцсон,

 

2. Талууд өмнөх өр төлбөрийг суутган тооцсоноор 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20/08 гэрээний үнийн дүн 305,792,904 байхаар тогтсон,

 

3. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Р ХХК, Ш ХХК нарын хооронд тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20/08 дугаар гэрээний дагуу Ш ХХК нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй болохыг хүлээн зөвшөөрч, гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 70,864,171 төгрөгөөр тогтоож, уг төлбөрийг гүйцэтгэгч 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 20-ны, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 23,621,390 төгрөгөөр төлөхөөр тохиролцож, талууд тамга тэмдгээр баталгаажуулж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн,

 

4 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ш ХХК-иас Р ХХК-д 70,864,171 төгрөгийг 2021 оны 09, 10, 11 саруудад хувааж төлөх агуулгатай хүсэлт хүргүүлсэн,

 

5. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Р ХХК нь 70.04 м.кв талбай бүхий 141 тоот орон сууцыг Д.Бд хүлээлгэн өгч, эд материал хүлээлцэх акт үйлдсэн,

 

6 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ш ХХК, Эн  ХХК нарын хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,  тоот хаягт байрлах, 70.04 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 133,076,000 төгрөгт худалдах худалдан авахаар тохиролцсон орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, эрх шилжүүлэгчийг төлөөлж, захирал Д.Б, эрх хүлээн авагч Б.Ж нар гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулж, төлбөр хүлээн авсан бэлэн мөнгөний орлогын баримт үйлдсэн,

 

7. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-200000000 дугаарт бүртгэлтэй, 70.04 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Р ХХК 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн,

 

8. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ж*******гийн эзэзмшлийн Хаан банкин дахь  дугаарын данснаас 70.04.мкв 1.9 сая Б блок 2-16 141 гэсэн утгатай 133,076,000 төгрөгийг  дугаарын данс руу шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон,

 

9. Харин хариуцагч Ш ХХК нь 305,792,904 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээс 70,864,171 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдсон бөгөөд улмаар 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ш ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг захиалагчийн тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй болохыг хүлээн зөвшөөрч, гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 70,864,171 төгрөгөөр тогтоож, уг төлбөрийг хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 23,621,390 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 23,621,390 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 23,621,390 төгрөгийг төлөх, дээрх хугацаанд төлөөгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг төлбөр авагчид төлөхөөр тохиролцсон,

 

10. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч ажил гүйцэтгэх гэрээний үүргийг орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч 70,864,171 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй тул энэ хэмжээнд цуцлагдаж, 234,928,733 төгрөгийг ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно гэж заасан тул нэхэмжлэгч дуусгавар болсон өмнөх Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний 7.5-д зааснаар орон сууцыг буцаан шаардах үндэслэлгүй болно. Тодруулбал, талууд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулснаар Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан буцааж өгөх үүргээр солигдсон гэж үзэх тул Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон,

 

11. Иймд нэхэмжлэгчийн орон сууцны эзэмшлийг буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан гэх тайлбар үндэслэлгүй,

 

12. Талууд дээрх байдлаар Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээг 70,864,171 төгрөгийн хэмжээнд цуцалж, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн, ийнхүү тохиролцох нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл болохыг мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан тул нэхэмжлэгч уг гэрээгээр тохиролцсон үүргийг шаардах эрхтэй болохоос уг гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг тухайн гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй,

 

13. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан тул Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 2.5-д орон сууцны өмчлөх эрхийг төлбөр төлөгдсөн тохиолдолд шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан, нэхэмжлэгч нь төлбөр төлөгдөөгүйтэй холбоотой орон сууцны эзэмших, ашиглах эрхийг буцаан шаардах эрхтэй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй,

 

14. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв боловч дүгнэлт нь буруу болсныг дээрх байдлаар залруулан дүгнэж, тухайн маргаанд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсгийг баримталсан нь буруу тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтласан,

 

15. Ш ХХК, Б.Ж нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо,  70.04 м.кв талбай бүхий орон сууцыг эрх хүлээн авагч Б.Жн өмчлөлд шилжүүлэх, эрх хүлээн авагч 133,076,000 төгрөгийг Д.Б дансанд төлөхөөр тохиролцож, эрх шилжүүлэгч Ши ХХК-ийг төлөөлж захирал Д.Б, эрх хүлээн авагч Б.Ж нар гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан,

 

16. Хариуцагч Б.Ж нь дээрх гэрээний үүргээ биелүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцны үнэд 133,076,000 төгрөгийг өөрийн ХААН банк ХХК дахь  тоот данснаас  тоот дансанд шилжүүлсэн болох хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, дансны хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдсон,

 

17. Харин Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо,  70,04 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Р ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ гарчээ. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд талууд үйл баримтын талаар маргахгүй,

 

18. Р ХХК маргаж байгаа орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн, түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгчийн хувьд шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй боловч мөн хуулийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ж эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан,

 

Дээр дурдсан байдлаар талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал, үйл баримтын талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.27-ны өдрийн 183/ШШ2023/00000 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 210/МА2023/00000 дугаартай магадлалаар эрх зүйн дүгнэлт хийсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийг Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 893,530 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж******* олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо,  3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Ж******* болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р ХХК, Ш ХХК, Д.Б нараас 893,530 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ