Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Шүүгдэгч В.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт В.Г холбогдох эрүүгийн 1720000250029 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, түр оршин суудаг, Х овогт В.Г,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч В.Г 2017 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суудаг иргэн Ө.У-н гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн Самсунг маркийн зурагт, 21 инчийн компьютерийн дэлгэцийг хулгайлж 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч В.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний 21:50 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар сургуулийн урд байрлах карго орчимд үл таних 2, 3 залуутай улаан бөглөөт гэх архи хувааж уугаад нилээд согтсон нэг мэдэхэд ганцаараа хаягийг нь мэдэхгүй гэр хорооллын гудамжаар алхаж явсан. Тэгээд Монгол гэртэй эзэнгүй бололтой айл харагдахаар нь ойролцоох газраас төмөр олж аваад тухай Монгол гэрийн цоожийг нь эвдээд дотогш орсон. Дотор эзэнгүй харанхуй байсан тул асаагуурын гэрэл асааж байгаад гэр доторх эд зүйлүүдийг харж байгаад 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт 1 ширхэг, компьютерийн дэлгэцийг нийт 2 ширхэг эд зүйлүүдийг аваад орон дээрээс бүтээлгэнд боогоод гэрийг задгай орхиод гэрээс гарч яваад Замын-Үүд сумын баруун талаар явдаг Каргоны засмал замын ойролцоо нуучихаад Замын-Үүд сумын төв рүү орсон юм. Маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нөгөө 42  инчийн хавтгай дэлгэцтэй зурагт 1 ширхэг, компьютерийн дэлгэцээ авах гээд очсон чинь байхгүй алга болчихсон байсан. Тэгээд би өөрөө Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь миний айлаас хулгайлсан 42  инчийн хавтгай дэлгэцтэй зурагт компьютерийн дэлгэц хоёр цагдаагийн жижүүрийн өрөөнд байсан. Тухай үед би архины мөнгө олох гээд согтуу байсан учир буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Цагдаагийн хэлтэс дээрээс уг хэргийн хохирогч эд зүйлээ эргүүлэн бүрэн бүтэн хүлээж авсан. Би тухайн үед гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би бусдын эд зүйл хулгайлсан хэрэгтээ гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэжээ. /хх-ийн 7-8/ 

-Хохирогч Ө.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээс гарч автозасварын гадаа очиж машиндаа засвар хийсэн. Намайг засвар хийж байхад манай эхнэр О 20 цагийн орчимд хүрч ирсэн бид хоёр хамт автозасвар дээр байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 15-ны 01 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хаалганы гадна талын цоож хөшиж эвдэлсэн ба хаалгаар шагайж үзэхэд гэрэл унтаалттай гэрийн баруун хойд талын тавилган дээр байсан 42 инчийн самсунг маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, гэрийн зүүн хойд талын суурин компьютерийн ширээн дээр байсан суурин компьютерийн хавтгай дэлгэц байхгүй байсан ба гэрийн эд зүйлийн ундуй сундуй болгосон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хулгайд алдагдсан гэх зурагт нь хавтгай дэлгэцтэй LCD самсунг маркийн зурагт тухайн зурагтыг 2014 оны намар банкны лизингээр 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Компьютерийн дэлгэцийг 6 жилийн өмнө БНХАУ-ын Эрээн хотоос 1200 юань буюу тухайн үеийн ханшаар 295 төгрөгөөр бодож 354.000 төгрөгөөр худалдан авч байсан. “.....Тэгээд буцаж ороод үүр цайж байхаар нь хулгай хийсэн хүний мөрөөр нь дагаж мөрдсөн. Тэгсэн каргоны урд талын уулзварын тэнд бутны ард нуучихсан байсан. Тэгээд би олж аваад цагдаа руу мэдэгдсэн. Цагдаагаас надад хүлээлгэж өгсөн. Би одоо эд зүйлээ олж авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй гэжээ. /хх-ийн 21-24/

- Гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “.....2017 оны 07 дугаар сарын 15-ны 01 цагийн орчимд нөхөр Ө.У-н хамт очиход гэрийн хаалганы цоож хөшиж эвдэлсэн байсан ба хаалгаар шагайж харахад гэрийн баруун хойд талын тавилган дээр байсан 42 инчийн хар өнгийн дэлгэцтэй зурагт мөн гэрийн зүүн хойд талын ширээн дээр байсан компьютерийн дэлгэц байхгүй байна гээд манай нөхөр Урансанаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэжээ. /хх-ийн 25/

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/

-  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/

-  Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19/

-  Шинжээчийн 073 тоот дүгнэлт /хх-ийн 29-32/

-  Шинжээчийн 102 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/

-  Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа / хх-ийн 45/

  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-53/

-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 57-58/

-Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68-69/

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлт /хх-ийн 80/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч В.Г 2017 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суудаг иргэн Ө.У-н гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн Самсунг маркийн зурагт, 21 инчийн компьютерийн дэлгэцийг хулгайлж 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.У-н “...2017 оны 07 дугаар сарын 15-ны 01 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хаалганы гадна талын цоож хөшиж эвдэлсэн ба хаалгаар шагайж үзэхэд гэрэл унтаалттай гэрийн баруун хойд талын тавилган дээр байсан 42 инчийн самсунг маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, гэрийн зүүн хойд талын суурин компьютерийн ширээн дээр байсан суурин компьютерийн хавтгай дэлгэц байхгүй байсан ба гэрийн эд зүйлийн ундуй сундуй болгосон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.  ...Тэгээд буцаж ороод үүр цайж байхаар нь хулгай хийсэн хүний мөрөөр нь дагаж мөрдсөн. Тэгсэн каргоны урд талын уулзварын тэнд бутны ард нуучихсан байсан. Тэгээд би олж аваад цагдаа руу мэдэгдсэн. Цагдаагаас надад хүлээлгэж өгсөн. Би одоо эд зүйлээ олж авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н  “...2017 оны 07 дугаар сарын 15-ны 01 цагийн орчимд нөхөр Ө.У-н хамт очиход гэрийн хаалганы цоож хөшиж эвдэлсэн байсан ба хаалгаар шагайж харахад гэрийн баруун хойд талын тавилган дээр байсан 42 инчийн хар өнгийн дэлгэцтэй зурагт мөн гэрийн зүүн хойд талын ширээн дээр байсан компьютерийн дэлгэц байхгүй байна гээд манай нөхөр У цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, зэргээр гэм буруутай болох нь тогтоогдсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч В.Г-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ өөрөө илчилж цагдаагийн байгууллага дээр ирсэн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт В.Г-г хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч В.Г-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ганбаатарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх эсэгт зааснаар шүүгдэгч В.Г-н цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Э.БОЛОРМАА