Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/619

 

 

 

 

 

 

      2022        06           15                                          2022/ДШМ/619

      

Л.С-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаан:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч А.С

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.С-ын гаргасан давж заалдах гомдлоор Л.С-т холбогдох 2205001910111 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Л.С, 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, авга ах, бэр эгч, 2 дүү нарын хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................................;

Урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 641 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 641 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар, 5 хоногийн хугацаагаар хорих ялаар,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сар 5 хоногийн ялаас эдпээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар захирамжаар 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 639 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

Шүүгдэгч Л.С нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” нэртэй хоолны газарт байхдаа хохирогч П.Б-ийн халааснаас “Хас” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.С-ын итгэмжлэн хариуцуулсан Голомт банкны виза картнаас 6 удаагийн үйлдлээр нийт 417.318 төгрөгийг авч, хувьдаа завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.С-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Л.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн Л.С-ын нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.С-ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоног, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 4 дүгэр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоног, нийт 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Л.С-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.С-аас 1.050.000 төгрөг гаргуулж, хохирогч П.Б-д, 417.318 төгрөг гаргуулж, хохирогч А.С-т тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан виза карт 1 ширхэгийг хохирогч А.С-т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнггүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолтой санал нийцэхгүй байна. Тогтоолын зарим хэсгийг нь хүчингүй болгож, дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаа учир уг гомдлыг гаргаж байна. Миний бие уг шийтгэх тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр биечлэн гардан авсан билээ. Уг гомдлыг минь хүлээн авна уу.

1. Миний бие хохирогч Б-ийн эзэмшлийн Хас банкны картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус зүйл ангиар шалгагдаж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие хохирогч Б-г урьд нь таньдаг байсан бид хоёр урьд нь хэд хэдэн удаа уулзаж хамт хонож байсан юм. Миний бие уг хэрэг гардаг өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн найз болох О-ын хамт Хархорин захын урьд байрлах “.....” нэртэй пабад сууж байтал миний утас руу Б эгч залгаж хаана байгаа юм эгч нь гадуур нэг найзтайгаа явж байна гэсэн тэгэхээр нь би найзтайгаа пабад сууж байна гэсэн чинь эгч нь яваад очих уу хаана байгаа юм гэсэн. Тэгээд би байгаа газраа зааж өгөөд сууж байтал удалгүй 1 цагийн дараа над руу залгаад буудал дээр нь ирсэн байна “гараад ир” гэсэн тэгэхээр нь би О найзынхаа хамт очиж уулзтал Б эгч түүний найз Б гэх хүнтэй хамт ирсэн. Тэгээд бид 4 бааранд ороод сууж байгаад 00 цагийн орчим тэндээс гараад хороололд очиж, буудалд орж хонохоор болоод буудалд орж хоёр ортой өрөө асуутал “байна” үнэ нь 50.000 төгрөг гэсэн тэгэхэд Б эгч картаа гаргаж өгч буудлын төлбөрийг төлсөн. Тэгээд бид 4 ороод сууж байтал Б эгч надад картаа өгөн “уух, идэх юм аваад ир” гэсэн тэгээд кодоо хэлж өгсөн. Тэр үед манай найз О, мөн Б нар байсан. Код хэлж өгөхөд сонсож байсан. Тэгээд би тус картыг аваад гарч уух, идэх юм аваад, эргэж орж ирээд картыг нь буцааж өгсөн. Тэр үед О карт хийж байгаа газрыг нь харж байсан. Тэгээд бид 4 ууж байгаад унтаад өгсөн. Харин өглөө сэрэхэд Б, Б бид 3 сэрсэн. О байхгүй байсан тэгээд Б эгч намайг “эгчийн дүү ундаанд яваад ирээч” гээд картаа гаргаж өгөх гэтэл карт нь байхгүй байсан. Б, Б 2 “тэр найз чинь карт аваад явчихсан байна” залгаадах гэхээр нь би О-ын 99...... гэх дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Б эгч нөхөр лүүгээ залгаад “дансанд хэдэн төгрөг байна” гэж асуутал “1.000.000 төгрөг гарсан байна. Би чамайг авсан юм бол уу гэж бодсон” гэж нөхөр хэлсэн талаар Б эгч, бид хоёрт хэлсэн. Тэгээд бид 3 буудлаас гараад Б гэрлүүгээ яваад бид хоёр хороололд байрлах “....” нэртэй хоолны газар орж хоол идэнгээ картны талаар ярилцаж хоол идээд тооцоо хийх гээд би картаа үзэхэд, би О-т картаа өгөөд, аваагүй байснаа санасан. Өөрт бэлэн байсан 30.000 төгрөгөөр тооцоо хийгээд бид 2 гарсан. Тэгээд би өөрийн гэртээ ирээд О луу залгаж асуухад “найз нь мөнгөний хэрэг гараад авсан юм. Намайг өөр хэрэгт шалгагдаж байгааг мэдэж байгаа биз дээ, найз нь удахгүй буцаагаад өгнө, чи түр аргалж байгаач” гэсэн тэгэхээр нь би “юу яриад байгаан бэ. Би бас шалгагдаж байгаа мэднэ биз дээ, би юу гэж аргалах юм” гэхэд, “чи аргалаад хэлчихээч таньдаг юм чинь” гэсэн тэгээд би өөрийн “Хаан банкны карт хаана байна” гэхэд “надад байгаа, найз нь хэд хоног хэрэглээд өгье” гэхээр нь “за тэг” гээд бид хоёр яриагаа дуусгасан. Удалгүй Б эгч над руу залгаад за яасан бэ манай нөхөр “чамайг цагдаад өгнө гээд байна” гэсэн тэгэхээр нь би “юу яриад байгаа юм, би авсан юм уу, яагаад намайг Цагдаад өгнө гэж байгаа юм” гэж асуутал “би нөхөртөө чамайг картнаас авсан байна лээ, өнөөдөр өгнө” гэсэн гээд хэлсэн юм тэгэхгүй бол тэр залууг чинь хэлэхээр буудалд хоносон гэдгийг мэдээд бас хоёуланг бүр дотно харилцаатайг мэдүүл миний амьдрал сүүрдэг юм байгаа биз дээ. Тэгэхээр нь “Б та хоёртой хамт хоносон” гээд хэлчихсэн. “Тэгээд ч манай нөхөр чамайг танина шүү дээ. Чи бид хоёрыг уулзаж хамт хонодог бүгдийг мэдэхгүй бас хардахгүй шүү дээ тийм учир надад тэгж хэлэхээс өөр арга алга” гээд утсаа салгасан. Тэгээд би О луу залгаад “Цагдаад өгнө гээд байна яах юм бэ” гэхэд О “чи аргалчаач наадах чинь цагдаад очсон ч хөнгөн хэрэг шүү дээ. Чи өөр дээрээ даагаад би хүнд хэргээр шалгагдаж байгаа шүү дээ. Чи бол хөнгөн хэргээр шалгагдаж байгаа юм чинь чи аваад хүлээгээд тэгээд би хохирлыг нь төлье бас чиний урьд хэргийн хохирлыг нь төлье” гэж хэлээд утсаа салгаад ахиж залгаад утас нь холбогдохоо байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагаас залгаад намайг ирж уулзах хэрэгтэй байна гэхэд би очоод уулзтал Б өргөдөл өгсөн байна. Чамайг шалгаж байцаалт, мэдүүлэг авах болно гэсэн, тэгээд би тухайн үед цагдаад “би аваагүй. О авсан” гэж хэлэхэд чи худал хэлж байна. Хохирогч чамайг авсан гэж гомдол гаргасан байна хэргээ хүлээхгүй бол цагдан хорих болно. Харин чамайг хэргээ хүлээгээд мэдүүлэг өгчихвөл батлан даалтанд гаргаж гадуур шийдэх болно чи угаасаа манай дээр бас шалгагдаж байгаа шүү дээ тэгээд нэгтгээд шийдүүлчвэл зүгээр шүү дээ гэхээр нь би тухайн үед батлан даалтанд гарчвал дараа нь болно гэж бодоод тухайн хэргийн мэдүүлгийг өгч худлаа зохиож өөр дээрээ хэргийг хүлээн авч шалгуулсан. Тэгээд би гарч ирээд Б эгч рүү залгаж “яагаад намайг авсан” гэж гомдол гаргасан талаар асуухад надад “манай нөхөр бичиж өгсөн. Угаасаа анхнаасаа чамайг авсан гээд нөхөртэй хэлсэн юм чинь өөр яах юм. Тэгээд ч чи тэр мөнгө, карт хоёрыг найзаасаа аваад өгчвөл гомдлоо буцаагаад авна шүү дээ” гээд утсаа салгасан. Дахин хэд хэд залгаад утсаа аваагүй. Мөн О миний эзэмшлийн 54........ гэсэн “Хаан” банкны картыг ашиглаж 980.000 төгрөгний гүйлгээ хийсэн байсан. Миний виза картны кодийг мэддэг юм. Тэгээд сүүлд байцаагч намайг дансныхаа хуулгыг авчирч өгөөрэй гэхэд О-аас картаа болон банкнаас дансны хуулга авч цагдаад өгөхөд О хэрэг гардаг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний дансанд 980.000 төгрөг хийж ашигласан байсан би тухайн үед дансны хуулга хараад мэдсэн юм. Тэгээд өөрийн картаа байцаагчад өгөн хураалгасан юм. Иймд миний уг гомдол гаргаж байгаа учир нь миний бие тус хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулж гэрчээр Б эгчийн найз гэх тухай үед хамт байсан Б гэх хүнийг мөн манай найз тухайн үед картыг хулгайлсан Оыг шалгуулах хүсэлтэй байна. Миний тухайн үед энэ хэрэг дээр хорих ял сонсоно гэж мэдээгүй учир тус хэргийг хүлээн шалгуулсан юм. Иймд уг хэргийг минь дахин мөрдөн байцаалтад буцааж тус Б, О гэх 2 хүнийг шалгуулж өгнө үү.

2. Намайг анхан шатны шүүх хуралдаанд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд мөн хавтас хэрэгт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байснаар тэмдэглэсэн байна. Иймд миний бие тус хэрэгт холбогдон мөн хорих ял эдэлж байгаагүй. Тус хэргийг Завхан аймгийн давж заалдах шатны шүүхээр 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр шүүх хуралдаанаар шийдвэрлүүлж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Прокурорын газарт нэмэлт ажиллагаа хийлгэж буцааж шийдвэрлэсэн. Мөн тус хэрэг нь надад холбогдолгүй болох нь тогтоогдож Тосонцэнгэл сумын прокурорын газар шалгагдаж тус хэрэгт 1 жил 1 хоногийн хорих ял эдлээгүй учир намайг эдэлсэнд тооцож, миний хувийн байдал, мөн эрх зүйн байдлыг дордуулж зөвхөн нэг талыг баримталсан. Хэрэг үйлдэн хүргүүлсэн байх учир тус ял шийтгэл эдэлсэн эсэхийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн миний бие уг ял эдлээгүй талаар анхан шатны шүүхэд биечлэн шүүх хуралдаанд хэлсэн билээ.

3. Хохирогч С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ намайг 12........... гэсэн тоот данснаас 6 удаагийн үйлдлээр нийт 417.318 төгрөгийн хохирол учруулсан гэж мэдүүлсэн байна. Иймд гомдол гаргаж дахин шалгуулах хүсэлтэй байна. Учир нь С нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр П, Б, П зэрэг мөн миний бие хамт “.......” гэх газар тоглож, тэр 4 архи ууж, тус 55.000, 14.100, 34.100, 5.500, 8.500 гэх мөнгөн дүнг тухайн тоглоомын газрын тооцоонд хийсэн юм. Мөн миний бие 300.000 төгрөгийг 1 удаагийн үйлдлээр авсан харин тэр бусад мөнгөн дүнгүүдийг аваагүй тухай мөрдөн байцаалтад дурдсан байгаа. Иймд миний бие тус өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “..........” гэх тоглоомын газар хамт байж С-ын картаар тооцоо хийсэн. П, Б, П гэх хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авахуулж мөн С-ын дансны мэдээлэл мөн хаана хаана уншуулсан, дансны хуулга мөн уншуулсан “........” гэх газрын камерын бичлэгийг шалгуулах хүсэлтэй байна. Иймд миний бие дахин шалгуулах хүсэлт нь Б-гийн мэдүүлэг хавтаст хэргийн 26 дугаар хуудас, С-ын мэдүүлэг хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас, ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хавтаст хэргийн 58 дугаар хуудас мөн 108 дугаар хуудас тус бүрийг мөрдөн байцаалтад буцаан шалгуулах хүсэлтэй байна. Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 1 жил 1 сарын хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Шүүгдэгч Л.С-ын өмгөөлөгч А.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Б-гийн нөхөр Б-ын “Хас” банкны виза картнаас 1.000.000 төгрөг, 50.000 төгрөг тус тус авсан гэх хэргийн тухайд Б урд өдөр нь буюу 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буудалд хамт хоноод  50.000 төгрөгийг өөрөө картнаасаа төлсөн гэдэг. Харин шүүгдэгч Л.С-аас 1.000.000 төгрөгийг авсан үйлдэл дээр “О-ын ятгалага, Б-гийн хүсэлтээр би авсан гэж хүлээсэн. Хүний хийсэн хэргийг хүлээгээд хохирсон” гэдэг. 1.050.000 төгрөгийг авсан уу, 1.000.000 төгрөгийг авсан уу гэдгийг нарийвчилж шалгаагүй. С мэдүүлэхдээ “... урьд өдөр нь Б буудалд хонохдоо “хоол идье” гэж хэлээд картныхаа нууц кодыг надад хэлж байсан. О ч бас мэдэж байсан” гэсэн учраас эдгээрийг тодруулах шаардлагатай байсан гэж үзэж байна. Хохирогч Сын “Голомт” банкны виза картны дансны хуулгыг харахад цаг хугацааны хувьд зөрүүтэй байдаг. Хохирогч С “2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр С болон бусад хүмүүстэй хамт билъярд тоглосон” гэдэг. Картнаас мөнгө гарсан байдлыг харахад 2021 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдөр мөнгө гарсан байдаг. Цаг хугацааны хувьд зөрүүтэй. Тэгэхээр С-ын хүлээн зөвшөөрөхгүй байгаа гүйлгээний хувьд урьд нь хохирогч өөрөө гүйлгээ хийсэн байснаа няталж шалгалгүй зөвхөн дансны хуулгыг хараад хохирол нэхэмжилсэн байж болзошгүй. Үүнийг нарийвчлан шалгаагүй. Хэдийгээр ял нэмж нэгтгээгүй ч гэсэн шүүгдэгч С-ын өөрийнх нь хэлж байгаагаар ял шийтгэлтэй байдал дээр Тосонцэнгэл сумын шүүхийн шийдвэр орсон байгааг хэлдэг. Энэ нь эрх зүйн байдлыг нь дордуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.2 дугаар зүйлд заасан яллах, цагаатгах нотлох баримтыг адил хэмжээнд цуглуулана гэсэн хуулийн заалт бүрэн хэрэгжээгүй байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, хохирогчтой харилцсан мессеж, хохирогч, шүүгдэгчийн дансны хуулга, Л.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон. Яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй, мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Уг эрхийнхээ дагуу яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс үзэхэд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэдэг. Хавтас хэрэгт Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоол, бусад шүүхийн шийтгэх тогтоолын биелэлт нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Өмнө нь ял эдэлж байсан гэж үзсэн. Шүүгдэгч С нь хохирогч С-ын картнаас 300 000 төгрөг авсан гэдэг. Хохирогч С-ын мэдүүлэгт “2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найзуудтайгаа биллъярд тоглосон. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны 00 цагийн үед гараад С-аар гэртээ хүргүүлсэн. Явж байх замдаа тамхи аваад ир гэж С-т хэлээд картаа өгсөн” гэдэг. Хохирогчийн дансны хуулга дээр 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 8 цаг 37 минут, мөн 12 цаг 13 минут, 4 цаг 15 минут, 4 цаг 17 минут, 5 цаг 55 минут, 15 цаг 55 минут гэсэн цагуудад картыг уншуулж зарлага гарсан. Хулгайлах, завших гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.С нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр” нэртэй хоолны газарт байхдаа хохирогч П.Б-гийн халааснаас “Хас” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.С-ын итгэмжлэн хариуцуулсан” Голомт” банкны виза картнаас 6 удаагийн үйлдлээр нийт 417.318 төгрөгийг авч, хувьдаа завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 2/,

Л.С-ын 54........ дугаартай “Хаан” банкны, Н.Б-ын 50........ дугаартай “Хас” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 3-4/, хохирогч А.С-ын “Голомт” банкны дансны хуулга /хх 115-117/,

хохирогч П.Б-гийн“...Номин их дэлгүүрийн орчим нутгийн дүү Л.С-тай уулзад, Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” нэртэй хоолны газар орсон, хоол захиалаад куртикнийхээ зүүн талын ханцуйны шуу хэсэгт байрлах цахилгаантай халаасанд виза картаа хийгээд куртикээ тайлаад сандал дээр тохоод суутал Л.С миний зүүн талд суугаад хоол хүлээж байтал гэнэт босоод гадуур хувцастайгаа гараад явахаар нь хүнтэй утсаар ярих гэж байна гэж бодоод хүлээж байтал захиалсан банштай цай ирээд 30-40 орчим минут хүлээсэн. Л.С буцаж орж ирэхгүй байхаар нь хоол гарчихсан хөрлөө орж ирж ид гэж хэлэх гээд 5 удаа залгатал утсаа аваагүй. Гэнэт сэжигтэй санагдаад виза картаа шалгатал алга болсон байхаар нь нөхөр рүүгээ утасдаад дансаа хаагаарай гэж хэлтэл данснаас мөнгө гараад алга болсон байсан. Тэгэхээр нь Л.С руу олон удаа залгасан. Утсаа авахаар нь “миний виза картыг аваад ир данснаас мөнгө гарсан байна. Чи миний мөнгийг бүгдийн авсан байна” гэж хэлэхэд “би мөнгийг чинь өгчихнө” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд дахиад залгатал утсаа авахгүй байсан...” /хх 25-28/,

хохирогч П.Б, шүүгдэгч Л.С нарын хоорондоо бичсэн утасны мессэж /хх 13/,

хохирогч А.С-ын “.........” төвд өөрийн найзууд П, Б, П, Б-ийн дүү болох С гэх залуугийн хамт биллиард тоглож архи ууж байгаад 00 цагийн үед тэр газраасаа гарах дөхсөн чинь манай найз Б нь хуурай дүү гэх С гэх залуугаар гэртээ хүргүүлнэ гээд түрүүлээд яваад өгсөн. Бид хэд биллиардны газраас гарч амжаагүй байхад С гэх залуу Б-ийг гэрт нь хүргэж өгчихөөд, бид нар дээр ирээд би таныг хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ..... улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг аваад манай гэр лүү явсан.  Нарны гүүрний доогуур тойрох үед замын цагдаа манай машиныг зогсоох үед С зогсолгүй шууд явсан, би тэр үед яагаад зогсоогүй талаар С-гаас асуухад С нь би жолооны үнэмлэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр .......... хотхоны автобусны буудал дээр цагдаа нарт баригдсан. Тэр үед С цагдаа нараас зугтаасан. Тэгээд би гэр лүүгээ орчихоод буцаж гарч ирээд хороололд байх ахындаа очиж хоноод маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ирээд унтаж байтал 16 цагийн үед манай эхнэр чиний картнаас мөнгө гараад байна гэхээр нь “Голомт” банк руу ярьж асуухад Натурт байрлах АТМ-с 300.000 төгрөг, Москва их дэлгүүрийн АТМ-с 55.000 төгрөг, эмийн санд 14.100 төгрөг уншуулсан байна. Мөн 34.000, 5.500, 8.500 төгрөгийн гүйлгээнүүд миний “Голомт” банкны ..................... тоот данснаас гүйлгээ гарсан байсан...” /хх 97-98/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 110-113/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Л.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан ялуудыг нэмж, нэгтгэн Л.С-ын нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.С-ын “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолын хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, Б, О гэх 2 хүнийг шалгуулж өгнө үү.

.... Завхан аймгийн давж заалдах шатны шүүхээр 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр шийтгэх тогтоол хүчингүй болж, тус хэрэг нь надад холбогдолгүй болох нь тогтоогдсон учир ял шийтгэл эдэлсэн эсэхийг дахин шалгуулах хүсэлтэй байна.

...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “.....” гэх тоглоомын газар хамт байж С-ын картаар тооцоо хийсэн. П, Б, П гэх хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авахуулж мөн С-ын дансны мэдээлэл мөн хаана, хаана уншуулсан дансны хуулга, мөн “...” гэх газрын камерын бичлэгийг шалгуулах хүсэлтэй тул хэргийг мөрдөн байцаалтад буцаан шалгуулах хүсэлтэй байна. Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 1 жил 1 сарын хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 2/, Л.С-ын .............. дугаартай “Хаан” банкны, Н.Б-ын .................. дугаартай “Хас” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх 3-4/, хохирогч А.С-ын “Голомт” банкны дансны хуулга, /хх 115-117/ хохирогч П.Б, шүүгдэгч Л.С нарын хоорондоо бичсэн утасны мессэж /хх 13/, хохирогч П.Б  /хх 25-28/, хохирогч А.С /хх 97-98/ нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 110-113/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул хэрэгт шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоол /хх 141-146/ хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолыг гарахад ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-ын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

                        

                         ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ