Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баруун хээрнүүд овогт Монхорын Арсланбаатарт холбогдох эрүүгийн 1720000940061 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух хаягтай, одоо тоотод оршин суух, Б овогт М.А,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч М.А нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 53 кг хонины махыг 06-21 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: 2017 оны 08 сарын 21-ны өдөр А.Н гэх танилынхаа 06-17 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн машиныг гуйж аваад ганцаараа машиныхаа доод талын арам хэсгээс 53 кг хонины махыг шуудайд хийгээд зүүсэн, мөн дотор кабин жолоочийн суудын доод талд 18 кг байгалийн өнгөт чулууг хийгээд улсын хилээр нэвтрэх гэж байгаад баригдсан. 53 кг махыг Сүхбаатар аймгийн Наран сумын гаралтай хүнээс Замын-Үүдэд байхдаа 1 кг-ын 4000 төгрөгөөр бодож авсан, харин чулууг нь Хэнтий аймгийн Бор-Өндөрт хөдөө найзындаа 2017 оны 05 сард очихдоо байгалаас түүсэн юм. Эдгээрийг авч гарах болсон шалтгаан нь үнэ хүргэж зарж борлуулах гэж явсан юм гэжээ. /хх-ийн 4/ 

-Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 сарын 21-ны өдөр 16 цагийн үед албан үүргээ гүйцэтгэж байх үед 06-17 ДГА улсын дугаартай саарал өнгийн УАЗ-31512 маркийн автомашинд үзлэг хийхэд жолооч нь М.А гэх хүн байсан бөгөөд уг машины жолоочийн суудал доор оймсонд боосон байгалийн чулуунууд, уг тээврийн хэрэгслийн гадна доод хэсэгт шуудайнд боосон мах зүүсэн байсан. Шалгах өрөөнд оруулан баталгаат жин дээр хиллэж зөрчлийн байцаагчийг дуудан ирүүлж шалгасан гэжээ. /хх-ийн 35/     

-Гэрч А.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 02 сард хүнээс 2.450.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч чадаагүй байгаа. 2017 оны 08 сарын 21-ны өдөр манай найз М.А нь Эрээн хотруу гарчихаад ирэе гэж хэлээд аваад явсан гэжээ. /хх-ийн 36/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 3/

- Гаалийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хойшлуулашгүй ажиллагаа хийсэн материал /хх-ийн 7-20/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25/

- Эд мөрийн баримтыг устгасан 382 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 28-29/

- Эд мөрийн баримт устгасан тэмдэглэл /хх-ийн 30-32/

- Шинжээчийн 2017 оны 08 сарын 24-ны өдрийн дүгнэлт: 1.Мэдэрхүйн шинжилгээгээр 53 кг малын мах нь сав баглаа зориулалтын бус, шинэлэг байдлаа алдаж өнгө үнэр орсон, шороо тоосоор бохирлогдсон, өмхийрч муудсан нь шинжилгээнд тэнцэхгүй. 2.Мэдэрхүйн үзэлгээр хонины мах болох нь танигдаж байна. 3.Эдийн засгийн үнэлгээ тогтоох боломжгүй. Тухайн мах нь хадгалалтын нөхцлөөс шалтгаалан муудаж бохирдсон, хүнсний шаардлага хангахгүй тул устгалд оруулах шаардлагатай. 4.Тухайн хонины мах нь бэлтгэж нийлүүлсэн бүс нутаг, гарал үүсэл тодорхойгүй байгаагаас үзэхэд халдварт, гоц халдварт өвчтэй бүс нутгаас нийлүүлсэн байж болзошгүй, чанар байдлаа алдсан тул цаашид хүнсний хэрэгцээнд ашиглах боломжгүй. /Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.2 дахь заалтын мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах, 14.1.7 дахь заалтын улсын бүртгэлтэй, сорилтын дүгнэлт, тохирлын гэрчилгээтэй эм, биобэлдмэл түүний омгийг гадаадаас оруулах, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээдэгдэхүүнийг тээвэрлэх, тууварлах, худалдан борлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах/ гэжээ. /хх-ийн 39-40/

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны тайлан / хх-ийн 46-53/

- Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60, 62/

- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 64/

- Шинжээчийн 115 дугаартай дүгнэлт /хх-ийн 67/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч М.А нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 53 кг хонины махыг 06-21 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.О-н “2017 оны 08 сарын 21-ны өдөр 16 цагийн үед албан үүргээ гүйцэтгэж байх үед 06-17 ДГА улсын дугаартай саарал өнгийн УАЗ-31512 маркийн автомашинд үзлэг хийхэд жолооч нь М.А гэх хүн байсан бөгөөд уг машины жолоочийн суудал доор оймсонд боосон байгалийн чулуунууд, уг тээврийн хэрэгслийн гадна доод хэсэгт шуудайнд боосон мах зүүсэн байсан.” гэх мэдүүлэг, гэрч А.Н “2017 оны 08 сарын 21-ны өдөр манай найз М.А нь Эрээн хотруу гарчихаад ирэе гэж хэлээд аваад явсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 08 сарын 24-ны өдрийн дүгнэлт, шинжээчийн 115 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтын устгасан тухай 382 тоот шүүгчийн захирамж, эд мөрийн баримт устгасан тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.А нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”, “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль” зэргийг зөрчиж, Монгол улсын хилээр малын махыг хууль бусаар гаргаж болохгүй гэдгийг ухамсарлаж байсан хэдийч, ашиг олох зорилгоор түүнийг хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч М.А зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан 53 кг хонины махыг Шинжээчийн 2017 оны 08 сарын 24-ны өдрийн дүгнэлтээр “....хадгалалтын нөхцлөөс шалтгаалан муудаж бохирдсон, хүнсний шаардлага хангахгүй тул устгалд оруулах шаардлагатай” гэх дүгнэлт, эд мөрийн баримтыг устгасан тус шүүхийн 382 тоот шүүгчийн захирамж, эд мөрийн баримт устгасан тэмдэглэл зэргээр шүүхийн өмнөх шатанд устгасан болохыг дурьдах нь зүйтэй юм. Түүнчлэн шүүгдэгч М.А гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 06-17 ДГА улсын дугаартай саарал өнгийн УАЗ-31512 маркийн автомашин нь гэрч А.Н эзэмшлийнх болох нь түүний хх-ийн 36 дугаар хуудсанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.А-с шинжээчийн 115 дугаартай дүгнэлт /хх-ийн 67/-ээр үнэлэгдсэн  тээврийн хэрэгсэлийн үнэ болох 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болох нь зүйтэй гэж шүүх үзлээ.      

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.А-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 1.500.000 төгрөгийг   шүүгдэгч М.А-с гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА