Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/шш2024/02070

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 09 өдөр  Дугаар 183/ШШ2024/02070 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Г.Төрболд, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Х

 

Хариуцагч: Б.Т нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 170,533,516 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямсүрэн, А.М*******

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С******* нь гэм хорын хохирол 170,533,516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Х*******, Б.Т******* нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Г.Х******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хорооллын баруун уулзварын орчимд Тоёота Приүс 30 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас автомашины замаас хазайн явган хүний зам дээр гарсны улмаас явган зорчигч Д.С*******ыг мөргөж эрүүл мэндэд нь ноцтой, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/000 дугаартай тогтоолоор Г.Х*******ыг гэм буруутайд тооцож тэнсэн харгалзах ялыг оноосон. Гэтэл хохирогч Д.С******* нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2709 дугаартай Шинжээчийн дүгнэлт"-ээр баруун шаант болон тахилзуур ясны ил хугарлын гэмтэлтэй бөгөөд уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн "хүнд" зэрэгтэй гэж тогтоогдсон. Хохирогч Д.С******* нь одоогийн байдлаар нийт 5 удаагийн мэс ажилбар буюу хагалгаанд орж, ид хөдөлмөрлөж хийж бүтээх насан дээрээ хөл дээрээ зогсох эсэх нь эргэлзээтэй нөхцөлд өдөр бүрийг эмнэлгийн орон дээр өнгөрөөж байна. Гэтэл хариуцагч Г.Х******* нь шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш утсаа авахгүй, эмчилгээний зардалд нэг ч төгрөг шилжүүлэхгүйгээс эмчилгээ тасалдаж, биеийн байдал хүндэрч болзошгүй байдалд байна. Мөн 2023/ШЦТ/000 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 6-д "....хохирогч Д.С******* болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б******* нар нь хохирол, хор уршигтай холбоотой бусад зардал болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн иргэний жармаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй.." гэж заасны дагуу хохирогч Д.С******* нь хуулийн дагуу гэм хорын хохирлоо нэхэмжилж байна. Түүнчлэн Д.С*******ыг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсаныг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 00000 дугаартай "Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр"-ээр тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаан дахь болон магадлах комиссын шийдвэрийн хугацаан дах хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг дараах байдлаар тооцон хариуцагч Г.Х******* болон Т******* нараас нэхэмжилж байна. Үүнд

1. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний даргуу Д.С*******ын хувийн багшийн нэмэлт орлого /7 хоногийн төлбөр нь 540,000/ хичээлийн 1 улирал буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нийт 4,320,000 төгрөг

2. У.Х******* эхнэрийн цалин /1 сарын 1,400,000/ 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд ГССҮТ-д сахиур хийж байх хугацаандаа нийт 2,800,000 төгрөг

3. "Мангут" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад эхнэр Ч.Х******* нь сахиур хийсэн бөгөөд уг хугацаанд ногдох эхнэрийн цалин хөлс 445,450 төгрөг

4. Д.С*******ын эрүүл мэндийн даатгалийн хураамж 179,100 төгрөг

5. 3 удаагийн гэрээр боолт хийлгэсэн төлбөр -100,000 төгрөг

6. Эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанд хөлсөлсөн өмгөөлөгчийн зардал 2,200,000 төгрөг

7. Хэргийн материал хэвлэсэн зардал 100,000 төгрөг

8. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Мөнгөн гүүр эмнэлэг"-ийн Суперпроб клиник лабораторид өгсөн шинжилгээний төлбөр - 18,000 төгрөг

9. Д.С*******ын 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлс - 7,980,000 төгрөг

10. Д.С*******ын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан тухай Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр" гарсан тул олох байсан орлого болох болох 1,140,000 төгрөгийг сар бүр

11. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан тул сар бүр тогтмол хэрэглэгдэх эм тариа 3,483,280 төгрөг, 12 сарын нийт эм тарианы зардал - 41,799,360 төгрөг болно.

Иймд 2023 оны 8 дугаар сарын 02-ны байдлаар тооцон нийт 96,433,834 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.С******* миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасны дагуу хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар болон сар болгонд ногдох үнийн дүнгээр хариуцагч Г.Х******* болон Б.Т******* нараас нэмэгдүүлэн нэхэмжлэлж байна, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс сүүлд 74,099,682 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хоол хүнс, шатахуун, эм тарианы зардлуудад нийт 12,500,092 төгрөг нэхэмжилснээс хоол хүнсний зардлыг хасаад үлдэх 7,376,680 төгрөг /3хх 66-88/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх /1сарын дундаж/ 1 сард мэс заслын эмчилгээ болон эм тариа, шинжилгээний төлбөр 2,216,170 төгрөг буюу нийт 15,513,190 төгрөг /3хх 643 хуудас/, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмнэлэгт байнгын хэвтэн эмчлүүлэх 1 сарын 700,000 төгрөг бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 7 сарын 4,900,000 төгрөг /3хх 64 хуудас/, шинжилгээний төлбөр 1 сарын 1,066,000 төгрөг бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 7,462,000 төгрөг /3хх 64 хуудас/, 2024 онд шаардлагатай мэс засалд ирээдүйд гарах зардал 27,520,000 төгрөг /3хх 64 хуудас/, үлдэх хэрэглээ, хоол хүнс, түрээсийн зардлыг хассан. Иймд нэхэмжлэгч нийт 170,543,516 төгрөг шаардснаас орон сууцны ашиглалтын зардал, хоол хүнс, шатахууны зарим зардлаас хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 60,543,516 төгрөгөөр багасгаж хариуцагч нараас үлдэх 110,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийтдээ 110,000,000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Үүнээс орон сууцны түрээс, ус, цахилгаан, хоол хүнсний зардлуудыг хассан гэж ойлголоо. Манай зүгээс эмчилгээтэй холбоотой зардлыг төлнө гэдгээ илэрхийлдэг. Ирээдүйд гарах зардлыг тухай бүрт нь аль болох шүүхэд хандуулахгүйгээр төлөөд явах боломжтой гэж манай үйлчлүүлэгч хэлсэн тул ирээдүйд гарах зардал нэхэмжилсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа үнийн дүн өндөр гараад ирэхээр хариуцагч төлөхөд маш хэцүү нөхцөл байдал үүсээд хоорондоо уулзахаар ойлголцохгүй байгаа. Мэдээж үйлчлүүлэгчийн маань хувьд гэм буруутайд маргаагүй, эрүүгийн хариуцлага оногдуулчихсан явж байгаа. Бид нар асуудлаас зугатаах гэж ерөөсөө оролдоогүй гэдгийг шүүх брэлдэхүүн болон нэхэмжлэгч талд хэлмээр байна. Ирээдүйд гарах зардлыг нэхэмжилж байгаа нь зохимжгүй буюу манайх хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч насны хувьд залуу хүн байгаа. Бодит гарсан зардлыг бага багаар нь төлөөд явъя гэж хариуцагч нарын зүгээс санаа бодлоо илэрхийлсээр ирсэн. Цалин хөлсний тухайд хөлсөөр ажиллах гэрээний дагуу 4,320,000 төгрөг нэхэмжилж байгаа. Нотлох баримтыг шинжлэн судлахад гарч ирэх байх. Хөлсөөр ажиллах гэрээ маань 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийгдээд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байдаг. Гэтэл зам тээврийн осол 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болсон байдаг. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахад тусгайлан судлуулна. Учир нь Х ХХК-ийн ирсэн тодорхойлолтоор нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан гэх тодорхойлолтыг ирүүлсэн байсан. Тэгэхээр Хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийх ажил болон энэ Х ХХК-ийн ажил хоёрт цаг хугацааны хувьд давхцал үүсээд байна. Тийм учраас нэхэмжлэгчийн цалин хөлсний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэр болон ээжийн цалин хөлс дээр манай зүгээс тайлбар байхгүй. Учир нь сахиур заавал хэрэгтэй, үүнийг ойлгож байгаа. Гэхдээ уг нь сахиур хийж байгаа хүмүүст цаанаас нь төлбөр мөнгийг өгдөг зүйл байдаг. Хоёрдугаарт, бид нотлох баримтын хэмжээнд ярих ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд цалин хөлс олгогдсон нь харагддаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Гэхдээ манайх 2 сарын цалин хөлсний төлбөр дээр татгалзахгүй. Эрүүл мэндийн даатгалын хураамжид 179,100 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нь энэ маань өөрөө зайлшгүй төлөх ёстой өөрсдийн зардал байдаг, нэг ёсондоо ажил олгогчийн зүгээс төлдөг, ажилгүй бол сайн дураараа төлдөг байгаа. Тиймээс ажилгүй байх хугацаандаа эрүүл мэндийн даатгал төлсөн төлбөрийг шүүх бүрэлдэхүүн харгаозан үзэхийг хүсье. 3 удаа гэрээр боолт хийсэн 100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн зардалд 2,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Би өөрөө эрүүгийн хэрэгтэй очиж танилцахад нэг ч хохирлын баримт өгөхгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр тухайн цаг үед хохирогчийн биеийн байдал тааруу, түүний ээж, эхнэр хоёр нь сахиж байсан байх. Тэгэхээр өөрсдөө оролцох боломжгүй байсан учраас өмгөлөөгчийн зардлыг төлсөн зарлын хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл заслын төлбөрт 5,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ нь төлбөр төлсөн баримт биш сэтгэл зүйчийн нэхэмжлэх хуудас л байдаг. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Иргэний хэрэгт өмгөлөөгчийн зардал 4,000,000 төгрөг нэхэмжилсэн тухайд иргэний хэрэгт өмгөөлөгч авсан нь нотлогдоогүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд эмчилгээтэй холбоотой баримтуудыг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн цалин хөлсийг зөвшөөрөхгүй. Хариуцагчийн хувьд эрүүгийн шүүх хуралдааны өмнө 11,805,835 төгрөгийн хохирлын төлбөрийг төлсөн. Үүнээс эм, эмнэлэгийн хэрэгсэлд 3,423,000 төгрөгийг төлсөн, бэлнээр 8,720,000 төгрөг өгсөн байгаа. Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас хойш 5,610,910 төгрөгийг дансны хуулгаар өгсөн. Өгсөн төлбөрүүдийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцно гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэх гэсэн төлбөр төлсөн баримт нь байхгүй зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад бензины баримт маш их байгаад байгаа. Үүнийг анхаарч үзнэ үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2023.02.01-ний өдрийн Хөлсөөр ажиллуулах гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ерөнхий боловсролын Күнз сургуулийн 2023.04.03-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, Мангут эмнэлэг уламжлалт анагаах ухааны тасгийн тодорхойлолт, Голомт банкны дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Г ХХК-ийн 2024.04.24-ний өдрийн тодорхойлолт, эм тариа худалдан авсан и-баримтууд, Монос Улаанбаатар нэхэмжлэх, 2021.08.18-ны өдрийн Түрээсийн гэрээ, Сэтгэл судлалын багш нарын холбоо, Мөрөөдлийн кактус сэтгэл зүйн урлангийн Сэтгэл зүйн дүгнэлт, Цахим зээлийн гэрээ, Хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ, зарлагын баримт, нэхэмжлэх, Хэрэйд шинэ констракшн ХХК-ийн тодорхойлолт, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.30-ны өдрийн 2023/ДШМ/000 дугаартай магадлал, тодорхойлолт, фото зураг, бэлэн мөнгөний орлогын баримт, Д.С*******ын эмчилгээнд 1 сард хэрэглэгдэх эм тариа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Капитрон банкны орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримт,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, Эд кзйд /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл, И-Баримтууд, шилжүүлгийн баримтууд зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С******* нь хариуцагч Г.Х*******, Б.Т******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 96,443,834 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 74,099,682 төгрөгөөр ихэсгэж нийт 170,543,516 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хоол хүнс, ашиглалтын зардал болох 60,543,516 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч нараас үлдэх 110,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж, үлдэх хэсгийг хэрэгсгэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...

1. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны Хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Д.С авах байсан цалин 4,320,000 төгрөг,

2. Д.С нэг сарын цалин 1,140,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нийт 18,240,000 төгрөг,

3. Д.С*******ын эхнэр Ч.Х******* 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сахиур хийсэн. Уг хугацаанд цалингүй чөлөө олгосон. Ч.Х*******ын олох байсан орлого буюу цалин 2,800,000 төгрөг,

4. Д.С*******ын ээж Д.Б*******ын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд сахиур хийсэн. Уг хугацаанд цалингүй чөлөө олгосон. Уг хугацааны цалин 3,245,450 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд сахиур хийсэн. Уг хугацааны цалин 538,000 төгрөг нийт 3,783,450 төгрөг,

5. Эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэл 179,100 төгрөг,

6. Гурван удаа гэрээр боолт хийлгэсэн төлбөр 100,000 төгрөг,

7. Хэргийн материал хэвлэсэн төлбөр 100,000 төгрөг,

8. 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны И-Баримтаар авагдсан 4,839,750 төгрөгийн баримтаас хоол хүнсний зардлыг хасаж, үлдэх эм тариа, шатахууны зардал 1,800,000 төгрөг,

9. Эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн зардал 2,200,000 төгрөг,

10. Сэтгэл санааны гэм хорын хохиролд 5,700,000 төгрөг,

11. Монос эмийн сангийн нэхэмжлэхээр авсан эм тарианы зардалд 414,900 төгрөг, 1,047,280 төгрөг, 179,800 төгрөг, нийт 1,641,980 төгрөг,

12. Монос эмийн сангаас и-баримтаар авсан эм тарианы зардал 2023.07.28-2023.11.27-ны хүртэлх хугацааны зардал уг баримтаар нийт 12,500,492 төгрөг шаардснаас хоол хүнстэй холбогдох зардлыг хасаж, үлдэх эм тарианы зардалд холбогдох 7,376,680 төгрөг,

13.Сэргээн засах эмчилгээний төлбөр 154,500 төгрөг,

14. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 908,000 төгрөг,

15. Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ өгсөн зардал 18,000 төгрөг,

16. Нанофарм эмийн сангаас авсан эмийн зардал 983,100 төгрөг,

17. Хэвтэн эмчлүүлсэн зардал Мангут эмнэлэг 300,000 төгрөг, 2023.11.29- 2024.06.01 хүртэлх хугацааны, хэвтэн эмчлүүлсэн зардал 1 сарын төлбөр 2,216,170 төгрөг 7 сарын төлбөр нийт 15,513,190 төгрөг,

18. Гэмтлийн дараах нөхөн сэргээх зардал - 2023.11.29- 2024.06.01 хүртэлх хугацааны, 1 сарын зардал 700,000 төгрөг, 7 сарын нийт зардал 4,900,000 төгрөг,

19. Шинжилгээний зардал - 2023.11.29 - 2024.06.01 хүртэлх хугацааны, 1 сарын зардал 1,066,000 төгрөг, 7 сарын нийт зардал 7,462,000 төгрөг,

20. 2024 онд мэс засалд орох зардал 27,520,000 төгрөг, /үүнд: ясанд бэхэлсэн тулгуур төмрийг авах мэс засал боолт болон памперсын хамт 5,000,000 төгрөг, хөлний зөрүүг тэгшлэх мэс засал 20,000,000 төгрөг, сувиллын зардал 2,520,000 төгрөг/

21. Иргэний хэргийн өмгөөлөгчийн зардал 4,000,000 төгрөг ... гэж тайлбарлан нийт 110,000,000 төгрөгийг шаардаж байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ... 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Д.С******* авах байсан цалин 4,320,000 төгрөг шаардсан. Уг хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажлын хөлсөнд нэхэмжлэгч 540,000 төгрөгийн цалин авсан гэж тайлбарлаж байх боловч уг ажлын хөлсөнд ногдох нийгмийн даатгал төлөөгүй. Иймээс уг гэрээний дагуу ажиллаж байсан гэдэг нь бусад баримтаар тогтоогдоогүй тул зөвшөөрөхгй,

- Д.С*******ын нэг сарын цалин 1,140,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нийт 18,240,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч уг ажилд ороод тогтвор суурьшилтай ажиллаагүй, шаардсан хэмжээний цалин авсан нь баримтаар тогтоогдоогүй тул татгалзаж байна.

- Сэтгэл санааны гэм хорын хохиролд 5,700,000 төгрөг гарсан болох нь баримтаар тогтоогдоогүй, дүгнэлтийг үндэслэн шаардсныг зөвшөөрөхгүй,

- Уг иргэний хэрэгт нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгч оролцоогүй. Нэхэмжлэгчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон тул иргэний хэргийн өмгөөлөгчийн зардалд 4,000,000 төгрөг шаардсныг зөвшөөрөхгүй,

- Ирээдүйд гарах хэвтэн эмчлүүлэх 2024.05.01-2024.06.01 хүртэлх хугацааны 1 сарын зардал 2,216,170 төгрөг, гэмтлийн дараах нөхөн сэргээх 1 сарын зардал 700,000 төгрөг, шинжилгээний 1 сарын зардал 1,066,000 төгрөг, 2024 онд мэс засалд орох зардал 27,520,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн өндөр байгаа тул ирээдүйд гарах нь тодорхойгүй зардлыг татгалзаж байна,

- Монос эмийн сангийн нэхэмжлэхээр нийт 1,641,980 төгрөгийн эм тариа авсан гэх шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь уг эм тарианы нэхэмжлэхийн дагуу төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул татгалзаж байна,

- Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд хуулийн дагуу 179,100 төгрөгийг өөрөө заавал төлөх үүрэгтэй. Иймээс уг шаардлагыг зөвшөөрөхгүй.

- Мөн эрүүгийн хэрэгт эм тарианд 3,400,000 төгрөг, бэлнээр 8,700,000 төгрөг төлсөн. Уг төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байх тул нийт 11,805,835 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй,

- Эрүүгийн хэргийн өмгөөлөгчид 2,200,000 төгрөг өгсөн гэж шаардсан. Үүнээс дансаар 1,200,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байх ба үлдэх 1,000,000 төгрөг төлсөн нь нотлогдоогүй учраас 1,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй,

- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 908,000 төгрөгнөөс 708,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сан төлсөн байх тул 708,000 төгрөг шаардсныг зөвшөөрөхгүй,

- Бусад сахиур болоод эм тарианы зардал баримтаар тогтоогдож байх тул татгалзахгүй... гэж маргажээ.

 

Хариуцагч Г.Х******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын баруун уулзварын орчимд Б.Т*******ын өмчлөлийн Тоёота Приус 30 маркийн 0000 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу явган хүний зам дээр гарч улмаар явган зорчигч Д.С*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялаар шийтгүүлж, хохирогч Д.С******* болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б******* нар нь хохирол, хор уршигтай холбоотой бусад зардал болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаас нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/000 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ДШМ/000 дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч Г.Х*******ын жолоодож явсан автомашин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчиж Д.С*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/000 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ДШМ/000 дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байх ба хариуцагчийн гэм буруу, тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Т******* болохыг шүүх дахин дүгнэлт хийх үндэслэлгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ. Иймээс У.Х*******ын гэм буруу, тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Т******* болохыг дахин нотлох шаардлагагүй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дугаар зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1 Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувиллуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.С******* нь Х ХХК-нд барилгын туслах ажил гүйцэтгэж, нэг сарын 1,140,000 төгрөгийн цалин авч байсан болох нь Х ХХК-ийн 2023.07.27-ны өдрийн 23/126 тоот албан бичиг, Д.С*******ын нийгмийн даатгалын төлсөн лавлагаагаар, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд П.С******* хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон болох нь эмчлэгч эмч Э.Б 2023.05.05-ны өдрийн тодорхойлолт, Хөдөлмөрийн магадлах комиссын 2023.06.06-ны өдрийн 632053 дугаар шийдвэрээр, /2хх-57,58, 482/, Д.С*******ын эхнэр Ч.Х******* 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сахиур хийсэн. Ч.Х*******ын олох байсан орлого буюу цалин 2,800,000 төгрөг байсан болох нь Күнз сургуулийн 2023.04.03-ны өдрийн 42 тоот албан бичиг, Ч.Х*******ын нийгмийн даатгал төлсөн лавлагаа, ГССҮТ-ийн 2023.07.28-ны өдрийн эмнэлгийн магадлагаар /1хх-6,7,8 хуудас/, Д.С*******ын ээж Д.Б*******ын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд сахиур хийсэн. Уг хугацааны цалин 3,245,450 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд сахиур хийсэн. Уг хугацааны цалин 538,000 төгрөг нийт 3,783,450 төгрөгийн цалин авах байсан болох нь Г ХХК-ийн 2023.04.24, 2023.02.16-ны өдрүүдийн албан бичиг, нийгмийн даатгал төлсөн лавлагаагаар, /1хх-17,18,19 хуудас/, Д.С******* гурван удаа гэрээр боолт хийлгэж, төлбөрт 100,000 төгрөг, мөн хэргийн материал хэвлэсэн төлбөр 100,000 төгрөг тус тус төлсөн болох нь Голомт банкны дансны хуулгаар /1хх- 13,14 хуудас/, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эм тариа, шатахууны зардалд 1,800,000 төгрөг гарсан болох нь эх хувь И-баримтаар /1хх-ээс и-баримтын 20 дугаараас-257 хүртэл дугаарласан баримтаар, 2хх-ийн и-баримтын 259-282 хүртэл дугаарласан баримтаар/, Эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн зардалд 2,200,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд өмгөөлөгч оролцуулсан, өмгөөллийн зардалд 1,200,000 төлсөн болох нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ДШМ/577 дугаартай магадлал, Голомт банкны дансны хуулгаар /1хх-13 хуудас/, Монос эмийн сангаас и-баримтаар авсан эм тарианы зардал 2023.07.28-2023.11.27-ны хүртэлх хугацааны зардалд 7,376,680 төгрөг төлсөн болох нь и-баримтаар /2хх 14-25, 3хх- и-баримтын 72-77, 83-84,88/ , Сэргээн засах эмчилгээний төлбөрт 154,500 төгрөгийн зардал, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 908,000 төгрөгөөс эрүүл мэндийн даатгалын сангаас 708,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч 200,000 төгрөг төлсөн болох, Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ өгсөн зардалд 18,000 төгрөг төлсөн болох, Нанофарм эмийн сангаас авсан эмийн зардалд 983,100 төгрөг төлсөн болох, Мангут эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 300,000 төгрөг төлсөн болох, хэвтэн эмчлүүлсэн 2023.11.29- 2024.05.01 хүртэлх хугацааны, хэвтэн эмчлүүлсэн зардал 1 сарын төлбөр 2,216,170 төгрөг 6 сарын төлбөр нийт 13,297,020 төгрөг, гэмтлийн дараах нөхөн сэргээх - 2023.11.29- 2024.05.01 хүртэлх хугацааны, 1 сарын зардал 700,000 төгрөг, 6 сарын нийт зардал 4,200,000 төгрөг, Шинжилгээний хийлгэсэн 2023.11.29- 2024.05.01 хүртэлх хугацааны, 1 сарын зардал 1,066,000 төгрөг, 6 сарын нийт зардал 6,396,000 төгрөг гарсан болох нь холбогдох нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт, и-баримтын хуулбар, зарлагын баримт зэргээр тус тус тогтоогдож байна. /2хх- и-баримтын 472,473, 475, 477,478/

 

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/000 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ДШМ/000 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Д.С*******ын гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар хүнд гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь тавдугаар зэрэглэл байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийг олгохоор байна. Иймээс хариуцагч нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 5,700,000 төгрөг учирсан болохыг баримтаар тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 5,700,000 төгрөг шаардсныг бүхэлд нь олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн эрүүгийн хэрэгт эм тарианд 3,400,000 төгрөг, бэлнээр 8,700,000 төгрөг нийт 11,805,835 төгрөг төлсөн. Уг төлбөр төлсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогч Д.С*******ад учруулсан хохирлыг төлж, хохирол төлж барагдуулсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хялбаршуулж, тэнсэн харгалзах ял У.Х*******д ногдуулсан байх тул эрүүгийн хэрэгт төлсөн гэх 11,805,835 төгрөгийг уг нэхэмжлэлийн шаардлагаас хасах үндэслэлгүй юм.

 

Харин нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны Хөлсөөр ажиллах гэрээний дагуу цалин 4,320,000 төгрөг шаардсан бөгөөд нэхэмжлэгч 1 сарын хугацаанд 4,320,000 төгрөгийн цалин хөлс авч байсан, мөн уг цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгал төлж байсан нь тус тус баримтаар тогтоогдоогүй, Монос эмийн сангийн нэхэмжлэхээр авсан эм тарианы зардалд 414,900 төгрөг, 1,047,280 төгрөг, 179,800 төгрөг, нийт 1,641,980 төгрөгийн зардлын нэхэмжлэл бичигдсэн боловч гүйлгээ хийж төлбөр төлсөн баримтыг шүүхэд нэхэмжлэгч ирүүлээгүй тул уг эм тариаг худалдан авсан болох нь баримтаар тогтоогдоогүй, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 908,000 төгрөгөөс 708,000 төгрөгийг нийгмийн даатгалын сан олгосон байх тул уг эдгээр шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болголоо.

 

Мөн ирээдүйд гарах буюу хэвтэн эмчлүүлэх зардал 2024.06 сар буюу 1 сарын зардал 2,216,170 төгрөг, гэмтлийн дараах нөхөн сэргээх зардал 2024.06 сар буюу 1 сарын зардал 700,000 төгрөг, шинжилгээний зардал 2024.06 сар буюу 1 сарын зардал 1,066,000 төгрөг, 2024 онд мэс засалд орох зардал 27,520,000 төгрөгийг шүүх тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир уг зардал нь баримтаар тогтоогдоогүй тул олгож шийдвэрлээгүй. Харин эдгээр зардал гарсан, эсвэл зайлшгүй шүүхээр урьдчилан шийдвэрлүүлэх зардал болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гарахад уг шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн зардал 2,200,000 төгрөг, иргэний хэргийн өмгөөлөгчийн зардалд 4,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн зардалд 1,200,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон, уг иргэний хэрэгт өмгөөлөгч оролцоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон, мөн 4,000,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх өмгөөллийн зардалд 1,200,000 төгрөгийг олгож, үлдэх 5,000,000 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Б.Т******* нь осол үйлдсэн тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд ийнхүү бусдад гэм хор учруулж болох эд зүйл буюу тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1-т зааснаар учирсан гэм хорыг хариуцах үүрэгтэй тул осол үйлдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх түүний татгалзал үндэслэлгүй байна.

Иймд дээрхийг нэгтгэн Д.С*******ын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нийт 18,240,000 төгрөг, Д.С*******ын эхнэр Ч.Х*******ын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх олох байсан орлого буюу цалин 2,800,000 төгрөг, Д.С*******ын ээж Д.Б*******ын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нийт 3,783,450 төгрөг, Эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэл 179,100 төгрөг, гурван удаа гэрээр боолт хийлгэсэн төлбөр 100,000 төгрөг, хэргийн материал хэвлэсэн төлбөр 100,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны И-Баримтаар худалдан авсан эм тариа, шатахууны зардал 1,800,000 төгрөг, Эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн зардал 1,200,000 төгрөг, Сэтгэл санааны гэм хорын хохиролд 5,700,000 төгрөг, Монос эмийн сангаас и-баримтаар 2023.07.28-2023.11.27-ны хүртэлх хугацаанд авсан эм тарианы зардалд 7,376,680 төгрөг, Сэргээн засах эмчилгээний зардалд 154,500 төгрөг, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 200,000 /908,000-708,000/ төгрөг, Мангут эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 300,000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ өгсөн зардал 18,000 төгрөг, Нанофарм эмийн сангаас авсан эмийн зардал 983,100 төгрөг, Хэвтэн эмчлүүлсэн 2023.11.29- 2024.05.01 хүртэлх хугацааны 6 сарын төлбөр нийт 13,297,020 төгрөг, Гэмтлийн дараах нөхөн сэргээх зардал /2023.11.29- 2024.05.01 хүртэлх/ 6 сарын нийт зардал 4,200,000 төгрөг, Шинжилгээний зардал /2023.11.29- 2024.05.01 хүртэлх/ 6 сарын нийт зардал 6,396,000 төгрөг нийт 66,827,850 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувиар гаргаж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хөлсөөр ажиллах гэрээний дагуу шаардсан 4,320,000 төгрөг, мэс засалд орох зардал 27,520,000 төгрөг, Эрүү болон иргэний хэргийн өмгөөлөгчийн зардал 5,000,000 төгрөг, Монос эмийн сангийн нэхэмжлэхээр авсан эм тарианы зардалд 414,900 төгрөг, 1,047,280 төгрөг, 179,800 төгрөг, нийт 1,641,980 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон 708,000 төгрөг, ирээдүйд гарах буюу хэвтэн эмлүүлэх зардал 2024.06 сар буюу 1 сарын зардал 2,216,170 төгрөг, гэмтлийн дараах нөхөн сэргээх зардал 2024.06 сар буюу 1 сарын зардал 700,000 төгрөг, шинжилгээний зардал 2024.06 сар буюу 1 сарын зардал 1,066,000 төгрөг нийт 43,172,150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүрэлдэхүүн хангахгүй орхиж, шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд хохирлыг нотлохоор худалдан авалт хийсэн и-баримтыг эх хувиар өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад и-баримтын эх хувь нотлох баримтын бичиглэл арилж байсан тул тухайн баримтуудыг гадуур нь хатуу харагдах бичиглэл уншигдах хавтасаар хавтаслаж хамгаалуулах ажиллагааг гүйцэтгэсэн боловч бичвэр мөн ариллаж байсан үйлдэл хэвээр байсан. Иймээс и-баримтыг эх хувиас хэвлэх төхөөрөмжөөр хувилан эх хувь баримтын бичиглэл уншигдах нөхцлийг хангаж, нотлох баримтыг хамгаалах нөхцөл байдлыг шүүх өөрийн боломжит байдлаар хангаж, хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Х*******аас 33,413,925 төгрөг, хариуцагч Б.Т*******аас 33,413,925 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,172,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Х*******, Б.Т******* нараас 492,089 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД

 

О.ЧУЛУУНЧИМЭГ