Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2024/02921

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02921

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Тэнүүн хотхон, 51А-83 тоотод оршин суух, Сахлаг овогтой НацагДийн Ш /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа, 19 дүгээр гудамж, 658 тоотод оршин суух, Сартуул овогтой Дийн А /РД:000000/-д холбогдох,

2,000,000 төгрөг гаргуулж, дэлгүүрийн түлхүүр, тоног төхөөрөмжийг анх хүлээн авсан байдлаар хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дэлгүүрийн түлхүүр, тоног төхөөрөмжийг анх хүлээн авсан байдлаар хүлээлгэн өгөх тухай НацагД овогтой Ш миний бие 2023 оны 01 сараас ХУД-н 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороонд 1004-6 тоот Баян супермаркет 8 нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслүүлсэн болно. 2024 оны 04 дүгээр сард түрээслэгч хугацаанаас өмнө гарах болсон тухайгаа мэдэгдсэн бөгөөд 2024.05.20-нд дэлгүүртэй холбоотой бүхий л төлбөр тооцоог дуусгаж хүлээлгэх өгөх тухай мэдэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл дэлгүүрийг хүлээлгэн өгөхгүй утсаа авч холбогдохгүй байгаа тул иргэн Д.А, эхнэр Г.Оюунтуяа нараас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгөн үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Шын нэхэмжлэлтэй Д.Аад холбогдох 2,000,000 төгрөг гаргуулж, дэлгүүрийн түлхүүр, тоног төхөөрөмжийг анх хүлээн авсан байдлаар хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Д.А нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн төлж, дэлгүүрийн түлхүүр, тоног төхөөрөмжийг анх хүлээн авсан байдлаар хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтийг ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Н.Шын нэхэмжлэлтэй Д.Аад холбогдох 2,000,000 төгрөг гаргуулж, дэлгүүрийн түлхүүр, тоног төхөөрөмжийг анх хүлээн авсан байдлаар хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийн 58,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 58,575 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 58,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Шод олгосугай.

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ