Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2024/02907

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02907

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Залуу монгол оффис, 9 давхар, 903 тоот хаягт байрлах, Шийдэл финанс ББСБ ХХК /РД:0000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.м эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.м эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч М.м нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр № 090212 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 1,499,900 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй нийт 12 сарын хугацаатай зээл авсан. М.м нь № 090212 дугаартай зээлийн гэрээний 1,499,900 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч М.маас удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч М.м нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр 842 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу ...хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ." Гэж заасны дагуу Шийдэл финанс ББСБ ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хаягаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, 3-р хэсэг, ферм 8, 2526 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч М.м уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагчийн хаяг тодорхойгүй байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.м эрэн сурвалжлуулах тухай бие даасан нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.м Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Б.Солонгод олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021.09.02-ны өдрийн 090212 тоот зээлийн гэрээний хуулбар, зээл төлөлтийн дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.24-ний өдрийн 184/ШЗ2024/12695 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч Шийдэл финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.м эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

3. Хавтаст хэрэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/Ш32024/12695 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, баримтаас үзхэд 2021 оны 09 сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээнээс үзвэл М.м нь Шийдэл финанс ББСБ ХХК-иас зээл авсан бөгөөд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд М.м хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

Улмаар хариуцагч М.м нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Ферм 8, 2526 тоот хаягт оршин суудаггүй болох нь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/Ш32024/12695 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Шийдэл финанс ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.м эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

М.мын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Ферм 8, 2526 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 86998985 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогтой Мөнхжаргалын м /РД:000000/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч М.м эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ