Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                                Б.Алтансүх

Улсын яллагч                                  Г.Мөнхтүвшин  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт  оршин суух хаягтай,  Х овогт Ө.У-д холбогдох эрүүгийн 1720000920038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ө.У нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 01 цаг 10 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг өөрийн гэртээ нөхөр Т.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний гуян тус газар нэг удаа хутгалж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Т.Б-н хамаатны ах Д надруу ярьж ах дүү нараараа мах шарж идье гэж хэлсэн. Бид мах шарж идэнгээ 1 шил архи уусан. Ингээд нөхрийн найз нар болох У, Ж нартай хамт гэртээ харьж дахин нэг шил 0.75 граммын архи хувааж уусан. Нөхрийн найзууд шөнө 01 цаг өнгөрч байхад явцгаасан бөгөөд  манай нөхөр уусан архиндаа согтоод намайг хардаж, хэрүүл маргаан хийж эхэлсэн. Нөхөр маань намайг түлхэж газар унагааж агсараад, надруу дайраад байхаар нь би мах идэж байсан хутгыг аваад нөхрөө гэмтээсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү  гэв.

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ах, дүү нараа цуглуулаад гэр бүлээрээ ямаа шарж идсэн, тухайн үед би 2 найзтайгаа нэг шил архи хувааж уучихсан халамцуу байдалтай байсан бөгөөд мах шарж идэнгээ 50 граммын хундагаар 3 удаа архи нэмж уусан. Ингээд 22 цагийн үед ах дүү нар маань гэр, гэртээ харихаар болоод би хамаатны хоёр дүүтэйгээ ойрд уулзаагүй юм байна гээд гэррүүгээ дагуулж яваад 2 дүүдээ 0,75 литрийн нэг шил Тайга архи авч өгөөд манай эхнэр бид хэд тэр архийг хувааж уусан. Тухайн үед би уусан архиндаа согтоод өөрийн ухаангүй болоод эхнэрээ өөр хүнтэй хардаад хэл амаар доромжлоод маргаж эхэлсэн шиг санагдаж байна. Тэгээд нэг ухаан орсон чинь Замын-Үүд сумын эмнэлэг дээр ирчихсэн гуяндаа хутгалуулсан байдалтай хоёр оёдол хийлгээд байж байсан Тэгээд би эхнэрээсээ юу болсон талаар асуухад “ хоёр дүүг явсны дараа чи намайг элдэв янзаар доромжлоод өөр хүнтэй хардаад агсан тавиад хана руу түлхээд гар хүрэх гээд байхаар нь өөрийгөө хамгаалаад гартаа хутга барьсан чинь өөдөөс дайраад хутгалуулчихсан гэж хэлсэн... Эхнэртээ би ямар нэг гомдол санал байхгүй...” гэжээ /хx-ийн 16-17-р тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11 тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-14 тал/

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний албаны 302 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Б-н биед баруун гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүлтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3.  Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23 тал/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 26 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Ө.У нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 01 цаг 10 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг өөрийн гэртээ нөхөр Т.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний гуян тус газар нэг удаа хутгалж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Т.Б-н   мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Ө.У-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ө.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ө.У, хохирогч Т.Б нар нь сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Ө.У нь цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай цэнхэр өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Ө.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шүүгдэгч Х овогт Ө.У-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч Ө.У-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ө.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай цэнхэр өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Л.БАТЖАРГАЛ