| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2106 03597 0575 |
| Дугаар | 2022/ДШМ/620 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ДШМ/620
2022 06 15 2022/ДШМ/620
Г.Ө-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаан:
прокурор К.Чимгээ,
шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Ц.Д,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/635 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ө-т холбогдох 2106 03597 0575 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт Г.Ө, 1997 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ............ тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: ..................../;
Шүүгдэгч Г.Ө нь 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... хотхоны орчим үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч Д.Х-ын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хоншоорын доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын сэлтэрсэн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд бага араа шүдний эмтэрсэн хугарал, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ө-ыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ө-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ө-т мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З нь эрүүл мэндийн хохирлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ө давж заалдах гомдолдоо: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/635 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь тухайн хэрэг маргаан болсон гэх өдөр буюу 2021 оны 10 сарын 1-ний өдрийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .......... хотхонд таньдаг эгчийгээ гэрт нь оруулж өгөхөөр хоёулаа явж байхад хэсэг залуучууд байрны гаднах машины зогсоол дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Би эгчийгээ оруулж өгчихөөд удаагүй гарч ирээд машин руугаа явж байхад 3 залуу намайг шүргээд нэг нь “гутал үнс” гэхээр нь “та нар уусан байна” гэхэд нэг залуу нь намайг шууд цохихоор нь би түлхээд зугтаасан. 4 хоногийн дараа цагдаагийн газраас над руу холбогдсон. Тухайн үед мөрдөгчид маргаан болсон гэх газар камерын бичлэг хангалттай авагдахаар байгаа тухай хэлсэн. Тэгээд хэн нэгэнтэй зодолдсон зүйл болоогүй учраас үнэн зөвөөр шийдэгдэх байх гээд явсан. Гэтэл энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хэт нэг талыг барьж шалгасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүх ч мөн адил гэрч, хохирогч нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг хэрхэн үнэлж намайг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож байгааг гайхаж байна. Анхан шатны шүүх гэрч, хохирогч нарын мэдүүлгээс ч тэс өөрөөр тухайн маргаан болох үед намайг эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй хамт явж байгаад энэ 3 хүний хэн нэг нь Х.Ө-ийн араас дэгээдэж маргаан үүсгэсэн, Г.Ө нь хамт явсан хүмүүсээ гэрт нь оруулж өгчихөөд гарч ирээд маргаанаа үргэлжлүүлсэн мэтээр тайлбарлажээ. Би тухайн өдөр маргаан болсон газар нэг л эмэгтэйг гэрт нь оруулж өгчихөөд гарч ирэхэд согтууруулах ундаа хэрэглэж байсан хэсэг залуучууд намайг өдөж хоргоосон, би та нар согтуу байна гээд нэгнийг нь түлхчихээд л найзууд руугаа зугтааж очсон гэдгээ анх цагдаа дээр дуудагдаж ирсэн өдөр болон шүүх хурал дээр ч энэ л үнэн бодит байдлыг мэдүүлсээр ирсэн. Хэргийг мөрдөж байсан З.Ө, хяналт тавьж байсан хяналтын прокурор М.Э нарт маш их гомдолтой байна. Би хийгээгүй хэргийн төлөө ял сонсож, ажил ч үгүй болж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Ц.Д миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/635 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхой зааж чадсангүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь: Хохирогч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг ч тухайн маргаан болсон цаг хугацаанд хэнд, хэрхэн, яаж зодуулсан тухайгаа тодорхой мэдүүлээгүй. Мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг үнэн бодитой зааж чадаагүй. Хажуу талаас нь нэг хүн орж ирээд зодоод байгаа юу, урд нь маргалдаж байсан хүмүүсийг маргалдахаар салгах гэж очоод 2-3 эрэгтэй хүнд зодуулсан уу, аль эсхүл хамт явсан найзуудынх нь нэг нь цохичихсон уу гэдэг нь хохирогчийн мэдүүлгээс тодорхойгүй байдаг. Гэрч Х.Ө анх мэдүүлэг өгөхдөө “...Д.Х-той явж байхад хойноос нэг залуу дэгээдээд араас түлхсэн, цаана машинаас 3-4 залуу гарч ирээд ...цаанаас хүмүүс жийж орж ирээд би газар унасан, миний нүдэн дээр Д.Х бид нарыг салгах гэж байхад нүүр лүү нь цохиод унагааж байсан...” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...найзтайгаа мөр мөрөн дээрээ гараа тавиад зүгээр явж байтал хойноос нэг хүн дэгээ тавьсан. Яагаад дэгээ тавьсан гээд асуутал урдаас цохиод би газар унасан. Намайг цохиулаад босох хооронд манай найзын нүүр лүү цохиод унагаасан...” гэж мөн л анх мэдүүлэг өгөхдөө 3-4 хүнтэй маргалдсан гэсэн мэдүүлэг нь өөрчлөгдөж түүний араас дэгээдсэн залуу өөрийг нь цохиод үргэлжлүүлээд хохирогчийг цохиод унагаасан мэт мэдүүлсэн. Гэтэл шүүхээс дээрх гэрч, хохирогч нарын үйл явдал хэрхэн, яаж өрнөөд байгаа тухай өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг үнэлэхдээ хэрэгт авагдаагүй мэдүүлгээр дараах байдлаар дүгнэсэн. Д.Х, Х.Ө нар Г.Ө, түүний хамт явсан эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй гудамжинд тааралдсан, улмаар Х.Ө-ийн араас хэн нэг нь дэгээдсэнээс болж маргаан үүссэн, Г.Ө хамт явсан хүмүүсээ гэрт нь оруулж өгчихөөд гарч ирэхэд маргаан үргэлжилсэн, ...маргааны үед Г.Ө Д.Х-ын нүүрэн тус газарт гараараа цохиж байхыг Г.Ө, В.Т нар харсан гэж дүгнэсэн. Тухайн маргаан ийнхүү үргэлжилсэн. Хохирогч, гэрч нарын дээрх зөрүүтэй мэдүүлгүүдээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй ба хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, одоо дахин мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүү арилгах боломжгүй тул хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Аливаа хэрэг маргааныг нотолбол зохих үйл баримтыг зайлшгүй нотолж, хэргийн бодит байдлыг тогтоох нь гэмт хэрэгт холбогдогчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар Г.Ө-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид... ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ө-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцсон. Хэргийн материалтай бүрэн танилцсан. Гэмт хэрэг гарсан цаг хугацаан дээр гэрч Ө, Т, хохирогч нар маргадаггүй. Аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул тухайн үеийн үйл баримтыг бүрэн дүүрэн ярихаар хэмжээнд байгаагүй. Хохирогч Х өөр шалтгааны улмаас нас барсан. Дахин мэдүүлэг өгөх боломжгүй. Анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “цохиулаад ухаан алдсан” гэж мэдүүлгээ өгсөн байдаг. Уг мэдүүлгийг нь гэрч Өнөмөнх гэрчилдэг. Гэрч Өнөмөнх мэдүүлгээ тогтвортой өгдөг. Мөн шүүгдэгч Г.Ө-тай хамт явж байсан Т мэдүүлэхдээ “Ө нэг хүнийг нэг удаа цохисон” гэдэг. Хоёр гэрчийн мэдүүлгээр үйл баримт хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Ө нь 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. хотхоны орчим үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч Д.Х-ын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хоншоорын доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын үл мэдэг, зүүн хажуу ханын сэлтэрсэн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд бага араа шүдний эмтэрсэн хугарал, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Х-ын "... шөнийн 02 цагийн үед байх ажил дээрээсээ гарсан. Манай ажлын залуус жолооч дуудаад машин руу явцгаасан. Би араас нь Өнөмөнх гэдэг найзтайгаа алхаад явж байсан чинь гэнэт хажуу талаас манай найзын хөлийг дэгээдэж унагаасан. Үүнээс болоод зодоон болсон. 25-30 орчим насны залуу миний толгой руу цохиод тухайн үедээ ухаан алдаад уначихсан байсан. Үүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Намайг цохисон хүний царайг харж чадаагүй. Ямар нэгэн байдлаар зодоон болоогүй шууд зодуулсан” /хх 8/,
гэрч Х.Ө-ийн “Би хамгийн сүүлд Х-той хамт гарсан бид 2 алхаад явж байсан чинь ард эрэгтэй, эмэгтэй 2 хүн алхаж байсан тэгээд эрэгтэй нь миний урдуур дэгээдээд намайг араас түлхсэн тэгээд муудалцсан, тэгсэн цаанаас машинаас 3-4 залуу гарч ирээд юу болж байгаа юм, яаж байгаа юм гэсэн чинь цаанаас хүмүүс жийж орж ирээд би газар унасан тэгээд миний нүдэн дээр Д.Х болиоч гээд салгах гэж байхад Д.Х-ын нүүр рүү цохиод унагааж байсан, яг хэн цохисныг харж чадаагүй, зүс харвал таних байх, тэгээд би цаашаа найзуудыгаа дуудах гээд явсан хойгуур залуучууд алга болсон байсан. Би гар утсаараа тухайн газрын зургийг дарсан байсан, тэгсэн чинь ......... улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй Нагrier маркийн машин байсан тэгээд машин дээр нь очсон чинь бөөнөөрөө машин дотор сууж байсан, гарч ирэхэд би яах гэж дэгээ тавьж байгаа юм, яах гэж манай найзыг зодож байгаа юм гэж асуусан чинь ална гээд дайраад байсан, тэгээд манай найз Хонгорын эхнэр ирээд салгаад явсан. Миний гар шалбарсан өөр гэмтэл байхгүй, бид нар харилцан зодолдсон асуудал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” /хх 10-11/,
гэрч В.Т-ийн “2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 00 цагийн үед би найз дээрээ очсон, .......... дээр очиход Ө, Т тэгээд өөр хоёр хүн байсан. Тэгээд бид нар Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... хотхоны зогсоол дээр очсон, Ө хамт явж байсан нэрийг нь мэдэхгүй гэх ах, эгч хоёрыг оруулж өгөхөөр явсан, би Т-тэй машин дотор сууж байсан, тэгээд Ө буцаад машин дээр ирж байхад 3 залуу Ө-ыг хоргоочихсон зогсож байсан. Би Т-гийн хамт салгахаар буцаж очсон, тэгсэн чинь жижигхэн залуу нь Ө ах руу хөлөө өргөөд май энийг үнс гээд гутлаа заагаад байсан, тэгээд тэндээс маргаан үүсээд тэр гуравтай Ө ах зодолдож эхэлсэн, би болохоор нөгөө найзуудыг нь тэвэрч аваад болиулах гээд хичээсэн, Т ах бас салгах гээд байж байсан. Ө ах жижигхэн гутал үнс гэдэг залууг нэг удаа оноод цохих шиг болсон, тэгээд тэр залуу нь доошоо тонгойж байгаад 2 найзтайгаа цаашаа яваад өгсөн. Ө биеэ хамгаалаад харилцан зодолдсон зодооныг бол нөгөө залуучууд өдөөсөн. Жижиг залууг нэг удаа онож цохисон тэгээд салцгаасан. Өөр хүнийг цохиж байхыг хараагүй” /хх 22/,
гэрч Б.Т-гийн “...Ө нөгөө эгчийг оруулж өгөх гээд орсон Т бид 2 машиныг нь зогсоолд байрлуулаад үлдсэн тэгээд сууж байхад хүмүүс орилоод байсан тэгээд буугаад харсан чинь Ө 3 залуутай муудалцаж байсан тэгээд тэр 3-ыг Т бид 2 очиж салгасан, нөгөө 3 залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэгээд салгаад Ө-ыг аваад явсан тэндээ нэлээн маргалдаж зогссон тэр 3 залуу нь гар утсаараа машины зураг аваад үлдсэн” /хх 41/,
“Д.Х-ын биед баруун хоншоорын доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын үл мэдэг, зүүн хажуу ханын сэтэрсэн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд бага араа шүдний эмтэрсэн хугарал, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 9440 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 24-25/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Өыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Г.Ө-ын Д.Х-ын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хоншоорын доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын үл мэдэг, зүүн хажуу ханын сэлтэрсэн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд бага араа шүдний эмтэрсэн хугарал, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ө-ыг нэг мянга хоёр зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.
Шүүгдэгч Г.Ө-ын “...би хийгээгүй хэргийнхээ төлөө ял сонсож байгаад гомдолтой байна. Ажил ч үгүй болж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Ц.Д-ын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ө-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Д.Х /хх 8/, гэрч Х.Ө /хх 10-11/, В.Т /хх 22/, Б.Т /хх 41/ нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, 9440 дугаартай шинжээчийн дүгнэлт болон 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө шүүгдэгч Г.Ө-ын үйлдлийн улмаас Д.Х-ын биед хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/635 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ