Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 276

 

С.А, З.Б, Т.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаар магадлалтай, С.А, З.Б, Т.А нарт холбогдох 1706023450245 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хугацааны өмнө суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 7 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 21 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жил 7 сар 21 хоногийн хорих ялаар тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн ял эдэлсэнд тооцож суллагдсан Б овогт З-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 3.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2008 оны 07 сарын 08-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ял шийтгүүлж, өмнөх ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 жил хорих ялаар тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн суллагдсан, Б овогт С-н А,

3. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Ш овогт Т-ын А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, С.А, Т.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ийг 7 жил 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-г 4 жил 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ыг 3 жил 8 сар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч З.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай, шүүгдэгч С.А, Т.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “З.Б-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, С.А, Т.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А-г 4 жил 8 сар хорих ял, шүүгдэгч Т.А-ыг 3 жил 8 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

6 дахь заалтыг “Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, “Sonota 5” загварын, 50-44 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, Т.А-од буцаан олгосугай.” гэж,

 7 дахь заалтын “...шүүгдэгч З.Б-аас 119,120,883 төгрөг гаргуулж” гэснийг “шүүгдэгч З.Б-аас нийт 113,572,750 төгрөг гаргуулж” гэж, “хохирогч Я.О-т 919,967 төгрөг” гэснийг “хохирогч Я.О-т 979,967 төгрөг” гэж, “хохирогч С.А-д 1,824,396 төгрөг” гэснийг “хохирогч С.А-д 1,216,264 төгрөг” гэж, “хохирогч Г.А-д 260,100 төгрөг” гэснийг “хохирогч Г.А-д 7,260,100 төгрөг” гэж, “хохирогч Д.Э-д 28,658,353 төгрөг” гэснийг “Д.Э-д 23,658,353 төгрөг” гэж, “шүүгдэгч С.А-гаас 16,424,194 төгрөг гаргуулж” гэснийг “шүүгдэгч С.А-гаас нийт 15,816,062 төгрөг гаргуулж” гэж, “хохирогч С.А-д 1,824,396 төгрөг” гэснийг “хохирогч С.А-д 1,216,264 төгрөг” гэж, “шүүгдэгч Т.А-оос 4,545,385 төгрөгийг гаргуулж” гэснийг “шүүгдэгч Т.А-оос нийт 4,605,385 төгрөгийг гаргуулж” гэж, “хохирогч Л.О-т 919,967 төгрөг” гэснийг “хохирогч Я.О-т 979,967 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.Б гаргасан гомдолдоо “Миний бие үйлдсэн гэмт хэргийн талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй болно. Миний ганцаараа үйлдсэн гэх 18 үйлдлийн 12-г Мөнхболдтой хамтран үйлдсэн талаар анхнаасаа мэдүүлсэн боловч хүлээж аваагүй. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургууд, шинжээчийн дүгнэлтээр хоёр хүний гутал, хурууны хээтэй болохыг тогтоосон. Мөн хохирогч Б.Мөнхбат хоёр хүн байсан талаар мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байхад Мөнхболдыг олж тогтоон, нэг ч удаа мэдүүлэг аваагүй атлаа нэг үйлдэл дээр хамтран оролцсон хэмээн дүгнэж, хохирлыг хувь тэнцүүлэн хувааж шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар Мөнхболд өөрөө мэдээгүй байна. Эдгээр үйлдлүүдийг захиалагч нь Хэрлэнболд бөгөөд түүний хэргийг тусгаарлаж, ял завшуулсан. Хулгайлах эд зүйлсийн нэрс болон айлуудын хаяг, дугаарыг зааж өгч, улмаар худалдан авдаг гол хүн юм. Хэрлэнболдод хадгалагдаж буй эд зүйлс болон дамлан зарсан, сольсон эд зүйлсийг хуулийн дагуу олж тогтоон, хохирогч нарт үзүүлж таниулах ажиллагаа хийгээгүй. Хэрлэнболдод холбогдох хэргийг мөн тусгаарлан шалгаж байгаа гэсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гараагүй. Хамгийн их хохиролтой хохирогч Элбэгсайханы гэрийн хаягийг зааж өгч, түүний гэрээс авсан алтан эд зүйлийг мөнгөн эдлэл хэмээн хуурч хямдхан үнээр авсан болно. Хэрлэнболд, Мөнхболд нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хувааж төлөх ёстой гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй” гэж зааснаас гадна  Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ  тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр  нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” гэж хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэж баталгаажуулж өгсөн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн дээрх эрхүүдийг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл миний болон хохирогч нарын эрх зүйн байдлыг дордуулж, хохирол төлөгдөх боломжгүй байдалд хүргэж байна. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.А-н өмгөөлөгч С.Пүрэвдорж хэлсэн саналдаа “Шүүгдэгч С.А гомдол гаргаагүй болно.  Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөх талаар санаачлага гаргаж байгаа тул түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч  З.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ 18 удаагийн үйлдлээ ганцаараа үйлдсэн гэж удаа дараа мэдүүлж байснаа шүүхийн хэлэлцүүлгээс эхлэн Мөнхболд гэгчтэй хамтран үйлдсэн гэж мэдүүлгээ өөрчлөх болсон. Үүнийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн С.А, Т.А, З.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч З.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Т.А, С.А, н.М, Ц.Г нартай бүлэглэн 4, ганцаараа 18, нийт 22 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад нийт 142,280,414 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.А нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд З.Б, Т.А, н.М, Ц.Г нартай бүлэглэн 3, ганцаараа 4, нийт 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, нийт 45,563,792 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд З.Б, С.А, Ц.Г нартай бүлэглэн нийт 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, нийт 33,730,520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Б, С.А, Т.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн З.Б-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч С.А, Т.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт хариуцлага хүлээлгэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин, механизм ашигласан нь тогтоогдоогүй гэж дүгнэж, уг хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч З.Б, С.А, Т.А нарын тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж зөв шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Б нь энэхүү хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон н.М, Б.Х нарыг эрүүгийн хариуцлагад татаж, хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах агуулгатай гомдол гаргасан байна.

Прокурор З.Б, С.А, Т.А нарт холбогдох хэргийг бүх талаас нь бүрэн бодитой тогтооход саад учруулахгүй гэж үзэн н.М, Б.Х нарт холбогдох хэргийг тусгаарласан нь З.Б-ийн эрх зүй байдлыг дордуулж, ял шийтгэлийг хүндрүүлж шүүхээс хууль ёсны тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх тул шүүгдэгч З.Б-ийн гомдлын дагуу н.М, Б.Х нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгуулахаар хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж дүгнэв.

Хохирлыг хамтран гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх асуудал нь Иргэний хуулийн гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдаж гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцахаар зохицуулагдсан билээ. Гэм хорыг хамтран хариуцах гэдэг нь аль нэг шүүгдэгч дангаар эсхүл хэсэгчлэн хариуцах аль ч хэлбэрээр хэрэгжих боломжтой бөгөөд тухайн хэрэгт өөр хамтран оролцогч тогтоогдсон тохиолдолд түүний хариуцах төлбөрийг төлсөн бол иргэний журмаар буцаан нэхэмжлэх эрхтэй тул шүүгдэгч З.Б-аас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                              ДАРГАЛАГЧ                                                    Б.ЦОГТ

                              ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР                                                                                                                                                                                                                                                                                                      Б.БАТЦЭРЭН                                           

                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                     Ч.ХОСБАЯР