Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2024/02904

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02904

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ТВ5 байр 7 давхарт байрлах, Агар Юнайтед ХХК /РД:00000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Агар Юнайтед ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Лодойдамбын Отгонбаяр нь манай байгууллагаас 2023 оны 09-р сарын 15- ны өдөр 992,760 төгрөгийн үнийн дүнтэй Харбин шар айраг худалдан авсан боловч худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 101/Ш32024/10885 тоот шүүгчийн захирамжаар ...хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, оршин байгаа газар нь тогтоогдохгүй байгаа тул Н, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Лодойдамба овогтой Отгонбаярыг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн С.Гэрэлсайханд олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.18-ны өдрийн 101/ШЗ2024/10885 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бараа материалын зарлагын баримтын хуулбар, төлбөр барагдуулах гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч Агар Юнайтед ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

3. Хавтаст хэрэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/10885 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаас баримтаас үзвэл Н нь Агар Юнайтед ХХК-тай төлбөр барагдуулах гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Н нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

Улмаар хариуцагч Н, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О нар нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денверийн 79-46 тоот, Консул товер Ү-гийн 6, Golden vill-н ард талд агар март дэлгүүр дотор оршин суудаггүй болох нь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/10885 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Агар Юнайтед ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н-ийг түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О нарыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Н-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр О ажиллаж байсныг дурдах нь зүйтэй байна.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Н, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О нарын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денверийн 79-46 тоот, Консул товер Ү-гийн 6, Golden vill-н ард талд агар март дэлгүүр дотор оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 99129047 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н /РД:00000/-ийг, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Н /РД:00000/-ийн түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О нарыг оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ