Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2024/02903

 

 

эр 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02903

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/1 тоот хаягт байрлах, Жи Эс Би капитал ББСБ ХХК /РД:00000/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Жи Эс Би капитал ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Д нь манай байгууллагад хандаж 9,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2022 оны 02 дугаар сарын 09- ний өдрөөс 30 сарын хугацаатай сарын 2.7%-ийн хүүтэйгээр 9,800,000 төгрөгийг №ЗГ1005220060 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Хариуцагч нь зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, болон үндсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Манай байгууллагын зүгээс хариуцагчийн оршин суугаа хаяг болох Булган аймгийн рашаант сумын 2 дугаар баг, хар чулуут, хийморь 5 дугаар гудамж, 524 тоот-оор Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Гэвч Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дүгээр сарын 16-ны өдрийн 132/Ш32024/00871 дугаартай захирамжид Булган аймгийн цагдаагийн газарт даалгаж эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хаягийг олж тогтоохыг даалгасан боловч хаана байгаа болох нъ тогтоогдохгүй байна гэж шүүхэд ирүүлсэн, 2024 оны 01-р сарын 10-ны өдрийн эрэн сурвалжлах хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзал тогтоогдож байна гэж заагаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Д /РД:АС9803151/-ийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж, түүний оршин суугаа хаягийг тодорхой болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Д.Эрхэмбаяр, Б.Мөнхболд, Б.Оюунжаргал, Т.Болор-Эрдэнэ нарт олгосон итгэмжлэл, 2022.02.09-ний өдрийн ЗГ1005220060 тоот зээлийн гэрээний хуулбар, 2022.02.09-ний өдрийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, 9374УБЗ дугаартай авто машины гэрчилгээний хуулбар, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 132/ШЗ2024/00871 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2022.02.09-ний өдрийн №d/24 тоот хурлын хүсэлт шийдвэрлэх баримт, иргэн Д.Санжаабямбын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Жи Эс Би капитал ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

3. Хавтаст хэрэгт, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 132/ШЗ2024/00871 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаас үзвэл Д нь Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлд Д нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

Улмаар хариуцагч Д нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Булган аймгийн рашаант сумын 2 дугаар баг, хар чулуут, хийморь 5 дугаар гудамж, 524 тоот хаягт оршин суудаггүй болох нь, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 132/ШЗ2024/00871 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Д.Санжаабямбын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал Булган аймгийн рашаант сумын 2 дугаар баг, хар чулуут, хийморь 5 дугаар гудамж, 524 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 99104982 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Доржийн Д /РД:00000/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Д эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ