Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2024/02899

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02899

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк цамхагт байрлах, Хаан банк ХК /РД:2693321/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Оыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Оыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч О нь хаан банктай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/201843955349 тоот зээлийн гэрээ байгуулж, 2,799,900 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацааатай зээлж авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 649,745.81 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 1,357,037.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 98,586.43 төгрөг, нийт 2,105,369.61 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулахдаа тэмдэглүүлсэн хаяг буюу иргэний үнэмлэхийн хаягтаа байхгүй, бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 102/ШЗ2023/21484 захирамжаар нотлогддог. Иймд Оын оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/21484 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн М.Золзаяад олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Оыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

3. Хавтаст хэрэгт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2023/21484 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаас баримтаас үзвэл О нь Хаан банк ХК-иас зээл авсан бөгөөд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд О хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

Улмаар хариуцагч О нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Төв түүхий эд, 32 дугаар байр, 28 тоот хаягт оршин суудаггүй болох нь , Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 102/ШЗ2023/21484 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Хаан банк ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Оыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Оын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Төв түүхий эд, 32 дугаар байр, 28 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 91116626 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогтой Бүүвэйбаатарын О /РД:00000/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Оыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ