Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                               Б.Алтансүх

Улсын яллагч                                  Н.Амаржаргал  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт оршин суух хаягтай, Б овогт Ц.Д-д холбогдох эрүүгийн 1720001420066 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Усны 1-42 тоот хашааны гадна согтуугаар иргэн Э.Ш маргалдаж, улмаар гар хөлөөрөө толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр найз Э хамт Замын-Үүдээс хойд зүгт 10-аад км-т байдаг хөдөө айлын найранд ороод орой 23 цаг өнгөрч байхад Замын-Үүдэд ирсэн. Ирээд Усны гудамжинд машинаас буугаад явж байтал найз Э нэг залуутай маргалдахаар нь би тэр залуугийн зүүн гараараа нүүрэн тус газарт нь цохиж, газар унасан хойно нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл тэр залуу Э найзыг маань бариад авахаар нь дахин цохисон. Өөр зүйл болоогүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Э.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:” ...2017 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим гэрээсээ гараад бие засчихаад гэртээ орох гэтэл /манай хашаа задгай тул хойшоо, урагшаа нэвт хүмүүс хойгуур урдуур яваад байдаг юм/ 2 залуу явж байгаад зөрөхдөө намайг нэг нь мөрөлсөн. Тэгэхээр нь би хөөе яаж байна гэсэн чинь хамт явж байсан залуу нь үгийн зөрөөгүй миний нүүр лүү цохих үед би уначихсан. Тэгээд босох гэсэн чинь босгохгүй нүүр толгойн хэсэгрүү өшиглөөд цохиод байсан. Тэгээд нөгөө хамт явж байсан залуу нь бол надад гар хүрээгүй салгаад аваад яваад өгсөн. Би гэртээ ороод цагдаад дуудлага өгөөд мөн эмнэлэгт очиж үзүүлсэн. Намайг зодсон залууг Далайцэрэн гэдэг юм байна лээ...” гэжээ /хx-ийн 07-08-р тал/

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Усны 1-42 тоот хашааны гадна согтуурсан үедээ хохирогч Э.Ш-тэй маргалдаж, улмаар гар хөлөөрөө толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Э.Ш мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Ц.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ц.Д нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй  болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Л.БАТЖАРГАЛ