Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 05 сарын 23-ны өдөр                    2022/ДШМ/28                        Хэрлэн сум

 

Д.З-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0038

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч З.Энхцэцэг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ЗШ/161 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлээр Д.З-д холбогдох эрүүгийн 2239000000004 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч Д.З- нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний орчим хонин сүрэгт нь нийлсэн хохирогч Д.Э-ийн эзэмшлийн алдуул мал болох 51 тооны бог мал буюу 41 хурга, 5 ямаа, 2 борлон, 3 ишгийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр завшиж хохирогч Д.Э-т 2.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1.Хохирогч Д.Э- анх гомдол мэдээлэл өгөхдөө болон мэдүүлэг өгөхдөө /хавтаст хэргийн 2, 4, 11 хуудас/ “100 орчим бог алдсан” талаар хэлж мэдүүлсэн байхад “51 бог завшсан” гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж... бусад 49 тооны малыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойгүй.. шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн баримтад 100 толгой хонь, ямаа өгсөн /хавтаст хэргийн 128 хуудас/ нь ойлгомжгүй,

 

2. Яллах дүгнэлтэд Д.З-г алдуул мал завшсан гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байх тул хэргийн газрын үзлэг хийж хохирогчийн тухайн үед байрлаж байсан газар, малын бэлчээр, шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын гэр хоорондын зай, байршил, зэргийг тодруулах

 

3.Мал алдагдах үед шүүгдэгч, гэрч, хохирогч нарын холбоо мэдээллийн хэрэгслээр хоорондоо хэрхэн харилцаж байсан талаар нэг бүрчлэн шалгаж баримтыг хэрэгт хавсаргах,

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “...Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна...” гэж заасан байхад  яллагдагчаар татсан тогтоолыг хөнгөрүүлэн өөрчлөөд /хавтаст хэргийн 125, 126 хуудас/ хохирогчид танилцуулаагүй байх тул зөрчлийг засах,

 

5. Шүүгдэгч нь тухайн үед хэдэн хүнд ямар өр зээлтэй байсныг тогтоох, тухайлбал 2021 оны 09 дүгээр сарын 27-нд “Г” гэх байгууллагаас 3.000.000 төгрөгийн зээл авсан эсэхийг тодруулах, холбогдох баримтуудыг /гэрээ, эргэн төлөлтийн талаар/ хэрэгт хавсаргах,

 

6. Хохирогчийн талаас 2021 оны 11 дүгээр сарын 18-нд “...алдсан мал нь айлд байна...” гэж өргөдөл гомдол гаргасан, гэрч Ү.Б тухайн өдөр мэдүүлэхдээ “...Д.З-гийн өгсөн малыг өөрийн хоньтой нийлүүлсэн. ...22 тооны малыг У гэх айл аваачиж өгсөн...” гэж /хавтаст хэргийн 15 хуудас/ мэдүүлсэн байхад цаг хугацаа алдалгүй хурааж аваагүй, таниулах ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй, шинжээч томилсон тогтоолыг /хавтаст хэргийн 98 хуудас/ яллагдагчийн өмгөөлөгчид танилцуулаагүй, гомдол, мэдээллийг шалгах хугацаа 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусч мөрдөгч саналаа прокурорт гаргасан /хавтаст хэргийн 78 хуудас/  гэх боловч прокурор 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолдоо дурдсан /хавтаст хэргийн 79 хуудас/ нь зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол, мэдээллийг шалгах хугацааг хэтрүүлсэн эсэхийг тодруулах зэрэг үндэслэлүүдээр яллагдагч Д.З-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

Шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалтыг:

Хохирогч Д.Э- нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ 100 орчим тооны хонь дутсан талаараа мэдүүлсэн /хавтаст хэргийн 11 хуудас/ бөгөөд хэрэг үйлдэгдсэн үед буюу 2021 оны 11 дүгээр сарын эхээр 10-ны орчимд 40 орчим тооны хурга, ишиг, 3 тооны ямаа алдаж эрэлд явсан талаар нь гэрч Б, Б, Д, Г, Х, Б нар хавтаст хэргийн 25-50 хуудсанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Эдгээр гэрч нарын өгсөн мэдүүлэг болон гэрч Э-н өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн Д.З-г 51 тооны мал хулгайлсан гэх дүгнэлтэд хүрч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

Мөрдөн байцаалтын шатанд авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт хийхэд яллагдагч Д.З-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал түүний өгсөн мэдүүлэг болон Э, бусад гэрч нарын өгсөн “малаа хариулгагүй байлгадаг, салсан малаа мэддэггүй, өөр айлын малаас цувуулж үлдээсэн малаа олж авдаг” гэх мэдүүлгүүдийг нь үндэслэн 51 тооны малыг завшсан гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгчийн “...хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэхэд хохирогчид мэдэгдэх”-ээр хуульчилсан бөгөөд дээрх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гарган хяналтад ирүүлсэн байх тул гомдол мэдээлэл гаргагчид нэн даруй мэдэгдэхээр хуульчлаагүй, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж байгаа нь тухайн хэрэг материалын эцсийн шийдвэр биш тул хохирогчид заавал мэдэгдэхээр хуульчлаагүй байна.

Хохирогч Д.Э-т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал танилцуулаагүй нь дээрх заалтыг зөрчөөгүй байхаас гадна 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 00 минутаас 13 цаг 00 минутын хооронд Бэрх тосгоны Цагдаагийн тасгийн 03 тоот албан өрөөнд хэргийн материал танилцуулсан /хавтаст хэргийн 122 хуудас/ тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн материалыг бүхэлд нь танилцуулахад хохирогчоос санал хүсэлт гаргаагүй, 51 тооны бог малын хохирол учирсан болохыг ойлгож байна.

 

3, 4, 5 дахь заалт:

Хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогдсон, хэргийн үйл баримтын тухайд оролцогч нараас ямар нэгэн маргаан бүхий асуудал яригдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж өөр гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Яллагдагчийн хувийн байдал, холбогдох дансны хуулгыг /хавтаст хэргийн 114-121 хуудас/ авч санхүүгийн байдлыг тогтоосон байхад дахин банк бус байгууллагаас авсан зээлийн талаар судлах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэх саналтай хяналтад ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хөнгөрүүлэн өөрчилсөн. Тус заалтын дагуу яллагдагчид танилцуулан гарын үсэг зурж баталгаажуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заасан байна. Хохирогчид танилцуулах талаар хуульд заагаагүй байхад шүүхээс хохирогчид танилцуулаагүй гэсэн нь ойлгомжгүй байна.

 

6 дахь заалт:

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн саналыг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан гэсэн нь зөрүүтэй гомдол, мэдээлэл шалгах хугацаа зөрүүтэй ажээ.

Мөрдөгч, цагдаагийн ахлагч дэслэгч С-с 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гарган ирүүлснийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч ажлын 3 хоногт хянаж үзээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор хэргийг буцааж шийдвэрлэсэн.

Гомдол мэдээлэлд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр саналтай хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Энэ талаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч-н тайлбар прокурорын газрын архивын лавлагаа зэргийг хавсаргасан. Эдгээр баримтаар гомдол мэдээлэл  шалгах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Прокурорын байгууллага нь цахим бүртгэлтэй бөгөөд гэмт хэрэг гомдол хугацаа алдана гэсэн ойлголт байдаггүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Яллагдагч Д.З-гийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний орчим хонин сүрэгт нь нийлсэн хохирогч Д.Э-ийн эзэмшлийн алдуул мал болох 51 тооны бог мал буюу 41 хурга, 5 ямаа, 2 борлон, 3 ишгийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр завшиж хохирогч Д.Э-т 2.420.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 23 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж

- мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх Д.З-д холбогдох эрүүгийн хэргийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж

1. Хохирогч Д.Э- анх гомдол мэдээлэл өгөхдөө болон мэдүүлэг өгөхдөө /хх-н2, 4, 11 хуудас/ “100 орчим бог алдсан” талаар хэлж мэдүүлсэн байхад “51 бог завшсан” гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж... бусад 49 тооны малыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойгүй ...шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн баримтад 100 толгой хонь, ямаа өгсөн /хавтаст хэргийн 128 хуудас/ нь ойлгомжгүй,

 

2. Яллах дүгнэлтэд Д.З-г алдуул мал завшсан гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байх тул хэргийн газрын үзлэг хийж хохирогчийн тухайн үед байрлаж байсан газар, малын бэлчээр, шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын гэр хоорондын зай, байршил, зэргийг тодруулах,

 

3.  Яллагдагчаар татсан тогтоолыг хөнгөрүүлэн өөрчилсөн хэрнээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “...Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна...” гэж заасны дагуу хохирогчид энэ талаар танилцуулаагүй байх бөгөөд дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүхийн хэрэг хэлэлцэх ажиллагааны үед хийх боломжгүй байх тул анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч нь тухайн үед хэдэн хүнд ямар өр зээлтэй байсныг тогтоох, гомдол, мэдээллийг шалгах хугацааг хэтрүүлсэн эсэх, хохирогчийн мэдүүлгийн дагуу эд хөрөнгө хураах, таниулах ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй, шинжээч томилсон тогтоолыг яллагдагчийн өмгөөлөгчид танилцуулаагүй зөрчлийг арилгах зэрэг ажиллагаануудыг хийх шаардлагагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ЗШ/161 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

                            

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  З.ЭНХЦЭЦЭГ

           

                                                                                            Б.ДЭНСМАА