Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/шш2024/02810

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/02810

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Гэрэлт өргөө 47в байр 77 тоотод оршин тоотод оршин суух, Борлууд овогт Өлзийбаярын Т /РД.000000/-д холбогдох,

Төрд учруулсан хохиролд 588,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т нь 2021 оны 12 дугаар сарын сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тайгер спорт зааланд иргэн Б.Баттунгалагтай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун хацар ясны нумны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Тод холбогдох хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж 2022/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 588,800 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэсэн байна.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон бөгөөд энэ нь нийтийн сан юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно., Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно., 41 дүгээр зүйлийн 41.1-д Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасны дагуу прокурорын байгууллага хариуцан нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйЛээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж хуульчилсан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/58 дугаартай хүсэлтэд "... тус прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохиросон иргэн- даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлж, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, төрд учирсан хохирлыг нөхөн барагдуулахаар нэхэмжлэгчээр оролцож өгнө үү гэжээ. Иймд дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг шүүхээр ял шийтгүүлсэн Тоос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг удирдлага болгон иргэн Тын үйлдсэн гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол болох 588.800 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-дэх хэсэгт заасны дагуу гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр Прокурорын нэхэмжлэл гаргаж байх тул холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Прокурорын газар нь Тод холбогдуулан 588,800 төгрөг хангуулахаар шаарджээ.

Хариуцагч Тнэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтийг ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Тод холбогдох 588,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Тоос улсын тэмдэгтийн хураамжид 18,314 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ