Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/шш2024/02807

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2024/02807 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, будда виста, 802-227 тоот хаягт байрлах НК /РД:00000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 55 655 273,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч НК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 55 655 273,60 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: НК нь Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалд 2015 оны 04 дүгээр сараас 2013 оны 04 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд төлөх ёстой нийгмийн даатгалын 37 103 515.73 төгрөгийн шимтгэлийг төлөөгүй өр үүсгэсэн байна. Нийгмийн даатгалын хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасны дагуу 18 551 757.87 төгрөгийн алданги тооцож нийлбэр дүнгээрээ 55 655 273,60 төгрөгийг барагдуулж өгнө үү гэж нэхэмжилж байна. Хариуцагч тал нь нийгмийн даатгалын шимтгэл дээр маргахгүй, зөвхөн алданги төлөхгүй гэж байгаа боловч алданги төлөхгүй байх үндэслэлээ сайн тайлбарлаагүй, шимтгэлээ 2024 ондоо багтааж төлнө гэсэн хүсэлт өгсөн байгаа. Бид хуульд заасан хэмжээгээр алданги оногдуулж байгаа. Тухайн байгууллагын ажилтан албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байж төлсөн төлөвт орсны дараа тухайн ажилтан албан хаагчийн ажилласан жилд орж тэтгэвэр тогтоолгох үндэслэл болдог. Ажилтан, албан хаагчийнхаа шимтгэлийг төлөхгүй байгаа учраас энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нь тасарч тэтгэвэр тогтоолгох боломжгүй өнөөг хүртэл явж байна. Тиймээс алдангитай хамт нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь 2024 тны 03 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодруулж, ... Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тошил овогтой Хартолгой нь 2015 оны 6-р сараас тус компанийн захирлаар ажиллаж байгаад 2023 оны 7-р сард өвчний учир нас барж Б.Наранзул миний бие 2023 оны 9-р сараас уг компанийг өв залгамжлалаар авч гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Манай компани нь 2013 оны 4-р сараас 2015 оны 4-р сарын 30-ны өдрийг дуустал хугацааны 37 103 515.73 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгаа болно. Нийгмийн даатгалын байгууллага нь хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл болох 37 103 515.73 төгрөг, алданги 18 551 757.87 төгрөг, нийт 55 655 273.60 төгрөгийн шимтгэл алдангийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Компанийн үйл ажиллагаа 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зогсонги байдалд байгаа хэдий ч нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн төлбөр болох дээрх 37 103 515.73 төгрөгийг бид 2024 ондоо багтааж төлж барагдуулахаар төлөвлөж байгаа болно. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу бид эвлэрлийн гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөрийн хуваарь гарган үндсэн төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байгааг хүлээн авна yy гэв.

Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/21 тоот тушаалын хуулбар, итгэмжлэл, НК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, НК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 04 дүгээр сарын тайлангийн хуулбар, НК-д ажиллаж буй даатгуулагчдын 2015 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 832 дугаартай албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн НК-ийн алданги тооцсон хүснэгтийн хуулбар, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаалын хуулбар, итгэмжлэл, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулга зэрэг баримтыг гарган өгөв.

Хариуцагч талаас итгэмжлэл, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хариу тайлбар, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл, НК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг гарган өгөв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар нь хариуцагч НК-д холбогдуулан нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэл 37,103,515.73 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 18,551,757.87 төгрөг нийт 55,655,273.60 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

2.    Нэхэмжлэгч нь анх Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нэртэйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар болж нэр өөрчлөгдсөн байна (нэхэмжлэгчийн тайлбар, итгэмжлэл 2024 оны 01 сарын 24-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар).

 

3.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэл 37,103,515.73 төгрөгийг хангаж, үлдсэн хэсэг болох хугацаа хэтрүүлсэн алданги 18,551,757.87 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна:

 

4.1.        Хариуцагч НК нь Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа гаргаж, нэхэмжлэгч байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хянаж, шалгаж хүлээн авдаг байна (зохигчдын тайлбар, хэргийн 10 дахь тал).

 

4.2.        Хариуцагч нь 2013 оны 04 сараас 2015 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны байдлаар даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөөгүй 37,103,515.73 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хариуцагчийн өөрөө тайлагнасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 04 сарын тайлангаар тогтоогдож байна (зохигчдын тайлбар, хэргийн 10 дахь тал). Мөн хариуцагч шүүхэд нийгмийн даатгалын шимтгэлийн 37,103,515.73 төгрөгийн өртэй байгаагаа хүлээн зөвшөөрч, 2024 ондоо багтаан төлөхөөр төлөвлөж байгаа талаар тайлбар гаргасан байна (хариуцагчийн 2024.03.05-ны өдрийн тайлбар).

 

5.    Шүүхээс юун түрүүнд уг хэрэг маргаанд хэрэглэгдэх хуульд дүгнэлт хийлээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлэн, өмнөх буюу 1994 оны 05 сарын 31-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хууль хүчингүй болжээ. Нэхэмжлэгч нь 2013 оны 04 сараас 2015 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шаардаж байх бөгөөд уг маргаантай харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль үйлчилнэ. Иймд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг баримтлахгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэнэ.

 

6.    Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1-д энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ, 17 дугаар зүйлийн 1.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Хариуцагч нь 2013 оны 04 сараас 2015 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд 37,103,515.73 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1, 17.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэл төгрөгийг 37,103,515.73 хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

7.    Харин нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйгээс алданги 18,551,757.87 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхээс шийдвэрлэлээ. Учир нь:

 

7.1.        Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1.2 төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг үндэслэн 2013 оны 04 сараас 2015 оны 04 сарын 30-ны өдөр хооронд хугацаа хэтрүүлсний алдангийг үндсэн үүрэг буюу төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиар тооцож нэхэмжлэгч шаардаж байна (нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн 18 дахь талд авагдсан улсын байцаагчийн гарын үсэгтэй алдангийн тооцоолол). Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаанд буюу маргаан бүхий эрх зүйн харилцаанд Нийгмийн даатгалын тухай хууль үйлчилж байсан тул шүүх Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1.2 дахь заалтыг хэрэглэхгүй.

 

Иргэний хуулийн 5.3-т "гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж заасан. Хариуцагч нь шинээр батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэглэхээр, алдангийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаагүй тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зохицуулалтыг шүүхээс хэрэглэхгүй. Түүнчлэн шинээр батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн алданги, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага буюу 44.1.2 дахь заалт нь хариуцагчид илүү тааламжтай нөхцөлийг олгоогүй байна.

 

Иймд шүүхээс өмнө нь тухайн маргаантай харилцаанд үйлчилж байсан 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэж, дүгнэлт хийлээ.

 

7.2.        Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, 20.4, 20.5 дахь заалт нь Зөрчлийн тухай хууль руу ишилсэн хэм хэмжээ байна. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу "Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөх төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар хэсэгт энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна" Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.5.Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ гэжээ. Зөрчлийн тухай хууль нь материаллаг хэм хэмжээ болохынхоо хувьд зөрчлийг шалгах журмыг тогтоосон хуулийн дагуу зөрчилд алданги тооцсон байх ёстой.

 

7.3.        Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.15-д заасан харьяаллын дагуу нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17-д заасан зөрчлийг шалгаж ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах ёстой. Гэтэл хэрэгт хариуцагч компанийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйтэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан эсэх, зөрчил тогтоогдсон эсэх талаарх баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, тусгайлсан хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх харилцааг зохицуулсан байх ба уг тусгай журам хэрэгжсэн эсэх талаарх нотлох баримт байхгүй байхад алдангийг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.

 

7.4.        Эцэст нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр "Дүрэм, журам батлах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.1.1-д заасан "Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэх агуулга нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн зүйлийн агуулгыг өргөтгөсөн, хуулийн зохицуулалттай нийцэхээргүй хэм хэмжээ тогтоосон акт байна. Иймд шүүхээс Монгол улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.1.1-ийг хэрэглэхгүй.

 

7.5.        Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаа хэтрүүлсний алданги 18,551,757.87 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

8.    Нэгтгэн дүгнэвэл, шүүхээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 17.1.1 дэхь заалтын дагуу хариуцагчаас төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд 37,103,515.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, хугацаа хэтрүүлсний алданги 18,551,757.87 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9.    Шүүхээс 2024 оны 03 сарын 15-ны өдөр, 2024 оны 04 сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн оролцоог хангах, эрхээ хэрэгжүүлэх боломж олгохоор хойшлуулсан, 2024 оны 06 сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн байх боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

10.  Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 343,468 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь хэсгийг тус тус заасныг баримтлан хариуцагч НК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өрд 37,103,515.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 18,551,757.87 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч НК-аас улсын тэмдэгтийн хураамжид 343,468 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ