Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 17

 

 

Д.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2020/00065 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 8-19 тоотод оршин суух, Элхин овогт Даваагийн Саранцэцэг /ПЮ60031864/-ийн  нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Т.Эрдэнэтуяа түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах номын санч, аргазүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай

Нэхэмжлэлийн агуулга: Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд тайлбараа хэлнэ. Ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 43 дугаар зүйлийн 43.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т тус тус заасныг баримтлан Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчээр ажиллаж байсан Д.Саранцэцэгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. Нэхэмжлэгч Д.Саранцэцэг хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар буюу ажилтны санаачилгаар цуцлах өргөдлийг ажил олгогч байгууллагад гаргаагүй. Өргөдөл гаргаагүй байхад өөрийнхөө санаачилгаар гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг үндэслэл байгаа. Нэхэмжлэгч Д.Саранцэцэг нь 1960 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 60 насанд хүрэх бөгөөд өмнө нь 60 насанд хүрсэн гэдэг байдлаар ажлаас нь чөлөөлж байгаа хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан заалттай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэсэн заалт тусгагдаагүй байна. Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан тушаалтанд нэгэн адил тэтгэвэрт гарахад нь буцалтгүй тусламж авах эрх нээгдсэн....Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэмж тогтоолгосон тохиолдолд нэг удаа төрөөс буцалтгүй тусламж олгох харилцааг Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан. Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.6-д Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан Төрийн үйлчилгээний албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Нэхэмжлэгч Д.Саранцэцэгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн учраас энэ журмын зохицуулалтанд хамаарахгүй болж байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь үгүйсгэгдэж, иргэний эрхээ эдлэх эрхгүй болсон. Энэ нь ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажилтан тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, тэтгэмж авах эрхийг зөрчиж байна гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан заалтыг тушаалдаа ямар үндэслэлээр баримталсан болон ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Өргөдлийн агуулгыг уншиж үзэх юм бол Д.Саранцэцэгийн зүгээс би тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа тул миний тэтгэмжийг олгож өгнө үү гээд өөрийнхөө хүсэлтийг хоёр удаа гаргаад тэтгэмжээ 2 хувааж авсан байгаа. Соёлын тухай хуульд соёлын салбарт ажиллаж байгаа хүн 12 сарын буцалтгүй тусламжийг нэг удаа авахаар зохицуулсан. Хуульд яагаад нэг гэсэн үгийг тодруулсан бэ гэхээр энэ тэтгэмжийг төрөөс 2 удаа авах боломжгүй гэдгийг зохицуулсан байх гэж миний зүгээс ойлгож байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажил хүлээлгэн өгөх хугацааг тусгаагүй талаар тайлбарлаад байна. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалын 3-т 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажил хүлээлгэн өгснөөр тасалбар болгож, тооцоо бодохыг нягтлан бодогчид үүрэг болгосон. 2020 оны Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 36 сарын тэтгэмж олгоно гэж заасан. Д.Саранцэцэгийн хувьд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөөд 2016, 2017 онуудад өөрөө болон Аймгийн төрийн санд хүсэлтээ гаргаад хоёр удаа тэтгэмжээ авсан гэж ойлгож байгаа. Д.Саранцэцэг нь тухайн үед тэтгэмжээ авчихаад ажлаа чөлөөлөгдөх ёстой байсан. Гэтэл Д.Саранцэцэг эгч Аймгийн засаг дарга Галсандондог болон Төрийн сангийн хэлтсийн дарга байсан Отгонхишиг эгч нартай ярилцаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөөд тэтгэмжээ авъя гэдэг байдлаар хүсэлтээ тавьсан. Харин Төрийн сангийн зүгээс Д.Саранцэцэгийг тэтгэмжээ авсан өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөл гэсэн үүрэг өгсөн. Соёлын тухай хуульд зааснаар 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авах эрхээ эдэлсэн. Мөн байгууллагын дотоод журмаар 1 сарын цалинтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ахмадууддаа Соёлын тухай хууль болон байгууллагын дотоод журмаараа зохицуулж тэтгэмж олгодог. Д.Саранцэцэг эгч энэ бүх тэтгэмжийг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2020/00065 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Элхин овогт Даваагийн Саранцэцэгийг Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,085,459 /гурван сая наян таван мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Саранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 277,271 /хоёр зуун далан долоон мянга хоёр зуун далан нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын санд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас улсын тэмдэгтийн хураамж нийт 134,517 /нэг зуун гучин дөрвөн мянга таван зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Д.Саранцэцэг нь ажил олгогчид удаа дараа өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтээ гаргасан. Энэ нь Д.Саранцэцэгийн тэтгэвэрийн хувийн хэрэгт хийсэн үзлэгийн баримт, өндөо насны тэтгэврээ тогтоолгохоор гаргасан өргөдөл, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн тэтгэмж авсан санхүүгийн баримт, шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Д.Саранцэцэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан ажилтан санаачилсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогдож байгаа.

Хариуцагчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал нь нэхэмжлэгчийг тэтгэмж авсан гэх үндэслэл агуулгыг тусгаагүй бөгөөд хариуцагч нь Д.Саранцэцэгийн амаар болон бичгээр удаа дараа гаргасан хүсэлтийг үндэслэн гэж тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг зөрчиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгч нь хүсээгүй байхад нэг удаагийн тэтгэмж олголоо гэж маргаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид хуульд заасан эрхийн дагуу хүсэлтийг нь харгалзан тэтгэмж олгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, хязгаарлаагүй болно.

Хариуцагч тал татгалзлаа нотлохоор бичгийн баримт болон хуульд заасан үндэслэлээр гэрч асуулгах, үзлэг хийлгэх ажиллагаануудыг хийлгэсэн бөгөөд харин анхан шатны шүүх хэргийг  шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй бөгөөд үнэлэхээс татгалзсан үндэслэлээ шийдвэртээ зааж өгөөгүй нь шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдуулан Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь урьд эрхэлж байсан ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаа Д.Саранцэцэгийг Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс    2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,362,730 төгрөг гаргуулах гэж тодруулжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Эрдэнэтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “ Д.Саранцэцэг нь тэтгэвэртээ гаргах хүсэлтээ гаргасан, тэтгэмжээ авсан, тэтгэвэртээ гарсан гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага ханаагүй байна. Тухайлбал

Хэргийн 23 дугаар хуудаст авагдсан нэхэмжлэгчийн “...номын санд ном зүйч, ахлах номын санчаар 34 жил ажиллаж байна. Улсад ажилласан жил, нас тэтгэвэрт гарах болзол хангасан тул Соёлын тухай хуульд заасан тэтгэмж олгож өгнө үү?” гэх өргөдлийг шүүх “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлт биш байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн хэргийн 24 дүгээр хуудаст нэхэмжлэгчийн “номын санд орж 36 жил тасралтгүй ажиллаж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан тул хууль журмын дагуу олгогдох нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгож өгнө үү?” гэх өргөдлийг шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Ажилтны дээр дурдсан өргөдлүүдийн дагуу нэхэмжлэгчийн Хаан банкны 5845393968 дугаарын дансанд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2,974,940 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 4,287,920 төгрөг тус тус шилжин орсон тухай төрийн сангийн гүйлгээ хийсэн баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх “ажилтан 2016, 2017 онуудад тэтгэвэрт гараагүй байхад тэтгэлгийг нэхэмжлэгчид олгосон ажил олгогчийн үйлдэл буруу байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл “36 жил тасралтгүй ажиллаж байгаа, өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан тул хууль журмын дагуу олгогдох нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгож өгнө үү” гэх ажилтны хүсэлтийг Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Даатгуулагч нийтдээ 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн, ...55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэх хуулийн зохицуулалтад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэгчийн тэтгэврийн хувийн хэрэгт үзлэг хийж, нэхэмжлэгчийн “...улсад 39 жил ажиллаад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарахаар үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн тул өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө үү” гэх гараар бичсэн өргөдлийг гэрэл зургаар бэхжүүлэн авч хэрэгт хавсаргасан атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг өргөдөл болон нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд “ажилтны өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн” түүнийг үндсэн ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2020/00065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдуулан гаргасан, Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах номын санч, аргазүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                                          ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

                                   

                                                                                               М.НЯМБАЯР