Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

*******, ******* нарт холбогдох хэргийн талаар

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.,

          Прокурор Б.*******

          Шүүгдэгч *******

          Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.*******

          Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч В.*******

          нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаагийн даргалж шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох 2123000840014 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Завхан аймаг *******т оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг Ямаат овогт *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Завхан аймаг Тэлмэн сум Өгөөмөр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Сахиус овогт *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Идэр сумын Мануустай баг “Наян бугат” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6.091 метр куб хэмжээтэй, хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, байгаль орчинд 1.849.099 /Нэг сая найман зуун дөчин есөн мянга ерэн ес/ төгрөгийн хохирол учруулсан,  

Мөн яллагдагч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг “Наян бугат” гэх газарт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэх явцад ургаа модыг хөрөөдөж унагахдаа аюулгүй байдлыг хангаагүйн улмаас иргэн П. нь унаж буй модонд цохиулж улмаар уг цохиулах үед авсан гэмтлийн улмаас нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 Мөн яллагдагч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг “Наян бугат” гэх газарт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэх явцад яллагдагч *******ийн хөрөөдсөн модыг түлхэж унагахдаа аюулгүй байдлыг хангаагүйн улмаас иргэн П. нь унаж буй модонд цохиулж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Алаг Ямаат овогт *******, Сахиус овогт ******* нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалтай газраас хууль бусаар мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцож,

2. Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч *******ийг Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус   хориглож, шүүгдэгч нарт тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэж, 

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулж,

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч  ******* нь 1000000 төгрөг төлснийг дурдаж, амь хохирогчийн оршуулгатай холбогдон гарсан зардал 8043224 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож,

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан яллагдагч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 6.091 метр куб хэмжээтэй, хэрэглээний хуурай 25 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгож, амь хохирогч П.ийн толгойн тус газарт цохигдсон гэх тус бүр нь 160 см урттай 3 ширхэг модны мөчрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

9. Шүүгдэгч *******ийн эзэмшлээс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар прокурорын тогтоолоор битүүмжилсэн хээр зүсмийн морийг, шүүгдэгч *******ийн эзэмшлээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар прокурорын тогтоолоор битүүмжилсэн бор зүсмийн морийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 5547297 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар  Байгаль орчин уур амьсгалын санд  оруулж,

11. Хохирогч П. нь шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж,

12. Шүүгдэгч  *******, ******* нарт өмнөх авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

13. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Миний бие нь *******т холбогдох хэрэгт түүний өмгөөлөгчөөр оролцож *******ийн эрх ашгийг хамгаалж байгаа бөгөөд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны Өдрийн 2022/ ЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад эс зевшеерч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч ******* болон өмгөөлөгч Б.******* миний бие нь эрүүгийн 2123000840014 дугаартай эрүүгийн хэрэгт гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй харин эрүүгийн хариуцлагын талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

*******ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлсөн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зуйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3. дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд нь тус тус нь хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн мөн хуулийн 6.7 дугаар зуйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан тэнсэж үүрэг хүлээлгэх бүрэн боломжтой байсан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад ..*******ийг Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрээс... гэж нутаг дэвсгэрийн хязгаарыг тодорхой заасан Шүүгдэгч *******ийн хувьд Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл сумдын залгаа нутаг дэвсгэрт мал маллан амьдардаг бегеед зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны едрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолын 2 заалтад өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү.

Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар үндэслэлээ тодорхой гаргах болно гэжээ

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Тайлбар гаргахаасаа өмнө хохиролд 2,0 сая төгрөг төлөгдсөн баримтыг нотлох баримтаар нэмж гаргаж өгье гээд даргалагчид баримтыг өгөөд, Шүүгдэгч *******ийн хувьд гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин эрүүгийн хариуцлагын талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

*******ийн хувьд Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл сумдын залгаа нутагт амьдардаг учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Мөн энэ хоёр гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэх бүрэн боломжтой байсан.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт тэнсэх зохицуулалт хамаарахгүй байгаа. Мөн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар тус бүрийн оногдуулсан ялыг нэмж нэгтгэхийг хориглосон зохицуулалт Эрүүгийн хуульд байхгүй. Тийм учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зуйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан тэнсэж үүрэг хүлээлгэх бүрэн боломжтой байсан. Энэ хугацаанд байгаль орчин уур амьсгалын санд учирсан хохиролд 5.540.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсний дагуу шүүгдэгч *******ийн хувьд 2,0 сая төгрөгийг уг санд төвлөрүүлсэн байгаа. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг бүрэн хангаж байна.

Тийм учраас шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж тэнсэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч В.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний хувьд энэ хэрэгт анхнаасаа *******ийн өмгөөлөгчөөр оролцож явсан. Хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад дутуу үйл ажиллагаа хийсэн байна, модыг хөрөөдсөнөөс болсон уу, эсхүл түлхснээс болсон уу, модыг түлхсэн хүний үйлдэл, модыг хөрөөдсөн хүний үйлдэл тогтоогдсон. Гэхдээ эдгээр хөрөөдсөн, түлхсэн 2 үйлдлээр хүнийг болгоомжгүйгээр алах боломжгүй гэж үзэж байгаа.

Тийм учраас *******ийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Энэ асуудлыг би анхан шатны шүүх дээр ярьсан. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах гэсэн боловч шүүгдэгч гомдол гаргахгүй гэсэн учраас гомдол гаргаагүй. Гэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг заавал тогтоох ёстой гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *******ийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Прокурор Б.******* дүгнэлтдээ:

Тухайн үед гэмт хэрэг үйлдэгдсэн газарт хийгдсэн хэргийн газрын үзлэгээс харахад шүүгдэгч ******* мод хөрөөдөж байсан. Шүүгдэгч ******* модыг түлхэж байсан. Шүүгдэгч нарын мод бэлтгэж түлхэж байгаа үйлдлийн нийлбэрийн улмаас хохирогч нас барсан байна гэсэн дүгнэлт хийсэн. Үүнийг хүний амь насны эсрэг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзсэн шалтгаан нь аж ахуйн нэгжийн өмнөөс үйл ажиллагаа явуулаагүй. Мод бэлтгэсэн газар нь хувь хүн иргэдийн ахуйн хэрэглээнд мод бэлтгэж байсан. Мод бэлтгэж байгаа үйлдлийн харилцан хамаарал, бусдад аюул учруулах боломжтой гэдгийг шүүгдэгч нар тооцоолох ёстой байсан гэж үзэж тухайн зүйлчлэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг дэвсгэр буюу Ямаатын “Наян бугат” гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний мод бэлтгэсэн, мод бэлтгэх явцдаа ургаа модыг хөрөөдөж унагасаны улмаас П. нь унаж буй модны мөчирт цохиулж амь хохирсон хэргийн үйл баримт нь.

Гэрч С.ын “...Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн Ямаат гэх газрын зарим хэсэг буюу эх нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаардаг. Тэр хүмүүс мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт манай сумын Байгаль орчины улсын байцаагч  болон манай сумын Байгаль орчны улсын байцаагч  болон байгаль хамгаалагч нар мод бэлтгэх эрх, зөвшөөрөл олгох эрх байхгүй...”гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.гийн “...манай нөхөр ******* над руу залгаад хүүхдээ модонд цохиулчихлаа, яанаа хурдан ирээ гэж хэлээд тасалсан...би Идэр сумын эмнэлгийн машинтай тухайн “Наян бугат” гэх газар очсон. Намайг очиход манай хүү амьсгал хураачихсан гэр  оруулаад тавьчихсан байсан....Миний хүү аавтайгаа явж Ийм зүйл болсон гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.ийн ” ...10 мод тайраад байж байтал нэг мод унагаахаар болоод байж байтал *******, түүний хүү П. нар ирж тухайн модыг түлхэцгээсэн. ...Тэгээд модыг хөрөөдөөд манай нөхөр “Холдоцгоогоорой” гэж хэлсэн Тэгээд ах бид хоёр барьж байсан модоо бариад эргээд харсан. Тэгтэл ах бид хоёр барьж байсан модоо бариад эргээд харсан, тэгтэл ахын хүүхэд хагас суугаа байдалтай, яг ухаан алдах гээд манарсан байдалтай харагдсан. Тэгээд ах тэврээд сэгсрээд байсан.Тэгээд хамар болон амнаас нь цус гараад байсан. Тэгээд ах унасан газраас нь холдуулья гээд хамт өргөлцөөд тухайн унасан газраас холгүйхэн газар тавьсан “...гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ...амь хохирогч П.ийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлэр нэг удаа толгойн орой хэсэгт хүчтэй цохилтын улмаас үүснэ. ...Амь хохирогч П. нь тархины аалзан бүрхүүлийн цус харвалт, ховдлын цус харвалт, суурь ясны шугаман хугарлын улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна. Амь насыг аврах боломжгүй гэмтэл байна...” гэсэн дүгнэлтээр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийх явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, зүйл тус бүрт нь зорчих эрх хязгаарлах ялыг сонгон  оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэж,  нийт эдлэх ялыг тогтоосон нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон, ял хүндэдээгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Шүүх *******ийг Идэр сумын нутаг дэвсгэрээс .. гэж нутаг дэвсгэрийн хязаарыг тогтоосон. Гэтэл ******* нь Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл сумдын залгаа нутаг дэвсгэрт мал маллан амьдардаг зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас  ... түүний үйлдсэн гэмт хэрэгүүдэд нь тус тус хорих ял оногдуулж нэмж, нэгтгэн мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан тэнсэж үүрэг хүлээлгэж өгөхийг хүсчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зорчих эрх хязгаарлах ялыг тодорхойлохдоо... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж болохоор заажээ.

Шүүгдэгч ******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оршин суух газраа өөрчлөх шаардлагатай болсон тохиолдолд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар үндэслэл бүхий хүсэлт гаргаж, ял эдлүүлэх бүсээ өөрчлүүлэх боломжтой байна.

*******т  зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал нь түүнд оногдуулсан ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ