| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03622/И |
| Дугаар | 182/ШШ2024/02964 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/02964
| 2024 07 05 | 182/ШШ2024/02964 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2023.12.19-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн Х тоот хаягаар ажиллагаа хийсэн боловч тус хаягт бүтгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэдэг нь хорооны Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн илтгэх хуудсаар тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч *******ын Тэмүүжин /РД:*******/-ийн байгаа газар тодорхойгүй тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Э.******* миний нэхэмжлэлтэй, *******г эрэн сурвалжлуулах тухай шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэх хүсэлтийг гаргаж байна. Шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа болно. гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.11.24-ний өдрийн Э.*******ын ХААН банк ХК-ийн депозит дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.03-ны өдрийн 183/ШЗ2024/07609 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******г эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Э.******* нь Ч тоот хаягт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******гийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас 15 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх депозит дансны хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч Э.*******ын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Х тоот хаягт хариуцагч ******* нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь ...нэхэмжлэлийн хувийг гардуулахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тодорхойлсон хаягаар хүргүүлж, шүүхэд албадан ирүүлэхээр Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн илтгэх хуудас баримтаар албадан ирүүлэх боломжгүй, уг хаягт оршин суудаггүй... гэх баримтыг үндэслэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.03-ны өдрийн 183/ШЗ2024/07609 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******гийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан *******ын Тэмүүжин /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******г эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Э.******* /утас: /-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА