Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2024/02623

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2024/02623

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Архивчдын гудамж, Буянт Ухаа 2, 1011-р байр, 8 тоотод оршин суух, Цэцэн Сартуул овогт Буянжаргалын О /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Архивчдын гудамж, Буянт Ухаа 2, 1011-р байр, 8 тоотод оршин суух, Мэргэн овогт Болдбаатарын Б /РД:00000/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О нь Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Бтай 2013 онд танилцаж 2015 оноос гэр бүл болон хамтран амьдарсан. Бидний хүүхдүүд болох Х нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Хүүгээ төрхөд бид Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч хүү маань эцгээрэй овоглосон. Удаах хүү З 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг авч мөн адил эцгээрэй овоглосон. Бид зан харилцаа, гэр бүлийн гадуурх харилцаанаас болж 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Том хүү Х энэ жил 3 дугаар анги, бага хүү З цэцэрлэгийн дунд ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Х, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн З нарт эцгээс нь хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үсүү гэв.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болно шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б нь Б.Отэй 2013 онд анх танилцаж 2015 оноос хамтран амьдарсан. Хүү Х 2015.10.29, З 2020.10.16-ны өдөр төрсөн. Нэхэмжлэгч Б.Отэй гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээж хуульд заасан тэтгэлгийг сар бүр олгоход татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт, Жинст өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Х, З нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2015.10.09-ний 1122690732 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2024.04.16-ны өдрийн 156 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О нь Б холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Зохигчид 2013 онд танилцаж, 2015 оны 10 сарын 09-ний өдөр гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлжээ (1-р хавтасны 12 дахь тал).

4. Гэр бүлийн тухай хуулийн 14.1-т энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, мөн хуулийн 14.3-т гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасан. Гэрлэгчид тусдаа амьдрах болсон, хувийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахаа харилцан хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул шүүхээс гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Б.О, Б нарын дундаас хүү Х, З нар төрсөн байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд Б, Б.О нар нь хүү Х, З нарын төрсөн эцэг, эх болохыг талууд хэн аль нь маргаагүй болно.

7. Хариуцагч хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа гэх тайлбарыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Х, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн З нарыг эх О асрамжид үлдээж шийдвэрлэв.

8. Хариуцагчийн хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүү Х /РД:0000/, З /РД:00000/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцэг Баар сар бүр тэтгэлэг гаргуулсугай.

9. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Хүүхдийн уг эрхийг эцэг, эх нь хүндэтгэж, асрамжиндаа хүүхдийг авсан тал нь хүүхдийн ашиг сонирхолд хохирол учруулахаас бусад тохиолдолд хүүхдийн өмнө хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

10. Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, ийм шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурдсугай.

 

11. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

ТОГТООХ нь

1. Гэр бүлийн тухай хуулийн 14.1, 14.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цэцэн Сартуул овогт Буянжаргалын О /РД:0000/ болон Мэргэн овогт Болдбаатарын Б /РД:00000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Х, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн З нарыг эх О асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Х /РД:0000/, З /РД:00000/ нарт тус тус 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцэг Баас тэтгэлэг гаргуулсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ