| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2138005840614 |
| Дугаар | 2022/ДШМ/11 |
| Огноо | 2022-06-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ДШМ/11
2022 06 08 2022/ДШМ/11
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Н.Энхтулга,
Иргэний хариуцагч: Б.Ч,
Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Б.Чимэдцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Цид холбогдох ............................ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
...... овогт Б-н Ц, …..... оны ... дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, …. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.............-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар …..................../.
Б.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Байшинтын дөрөлж” гэх газар “Н” ХХК-ийн эзэмшлийн “Веiben N01310” маркийн ............ улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж П.О-н жолоодон явсан “Тоуоtа Магк X Zio” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.Хишигсүрэн, А.Мөнхболд нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/101 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Очир овогт Баасанхүүгийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Б.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Цаас 350,661 (гурван зуун тавин мянга зургаан зуун жаран нэг) төгрөгийг гаргуулж хохирогч А.М (......)-д, 1,021,937 (нэг сая хорин нэгэн мянга есөн зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж хохирогч П.Х (.......)-д, 6,459,100 (зургаан сая дөрвөн зуун тавин есөн мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.О (.........)-д, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч “Н” ХХК-иас 350.661 (гурван зуун тавин мянга зургаан зуун жаран нэг) төгрөгийг гаргуулж хохирогч А.М (..........)-д, 1,021,937 (нэг сая хорин нэгэн мянга есөн зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж хохирогч П.Х (.........)-д, 6,459,100 (зургаан сая дөрвөн зуун тавин есөн мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.О (......)- д тус тус олгож, хохирогч П.Х 2,356,125 (хоёр сая гурван зуун тавин зургаан мянга нэг зуун хорин тав) төгрөгийн, хохирогч А.М 3,331,678 (гурван сая гурван зуун гучин нэгэн мянга зургаан зуун далан найм) төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.О 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ц, иргэний хариуцагч “Н” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “Н” ХХК-ний захирал Б.Ч давж заалдах гомдолдоо: Баасанхүүгийн Цэрэндаш нь манай “Н ХХК”-ний эзэмшлийн Веiben N01310” маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 11.3 дахь заалтуудыг зөрчиж “Тоуоtа Магк X Zio” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Х, М нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл, мөн тус иргэдэд эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулаад бүрэн төлж барагдуулаагүй, мөн “Н” ХХК-ний эзэмшлийн ......... том оврын тээврийн хэрэгсэл бүрэн шатсаны улмаас “Н ХХК”-д 86 сая төгрөгийн бодит хохирол учруулсан. Манай байгууллага хүнлэг энэрэнгүй чанар гаргаж Цаар шатсан тээврийн хэрэгслийн хохирлыг төлүүлэхгүйгээр харин иргэн Х, М нарын эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг 100 хувь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Н” ХХК-иас Б.Цтай хийсэн хэлцэл биелүүлээгүйд гомдолтой байна. Хэрэв Б.Ц нь зөвшөөрч дээрх иргэдийн хохирлыг барагдуулахгүй бол “Н” ХХК нь шатсан машины бодит хохирлоо нэхэмжлэх болно.
...шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Н” ХХК-нд хамаарах 7,831,698 төгрөгийг гаргуулах шийдвэрийг зөвшөөрөхгүй. Харин 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хэлцлийн дагуу Б.Цаас гаргуулж, хохирсон иргэдэд олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ......... сумын ..... дугаар багийн нутаг “.......” гэх газар “Н” ХХК-ийн эзэмшлийн “Веiben N01310” маркийн ...... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 11.3-т заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж П.О-н жолоодон явсан “Тоуоtа Магк X Zio” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.Х, А.М нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ц-н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай анид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус зохицуулсан бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч болон иргэний хариуцагчаар хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч” хүлээхээр зохицуулсан. Шүүгдэгч Б.Ц “Н” ХХК-д жолоочоор ажилладаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогчид хүлээлгэсэн нь Иргэний хуулийн дээрх заалтад нийцжээ.
Иргэний хариуцагч өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эсэх нь түүний эрхийн асуудал учир шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүйгээр шийдвэрлэсэн нь иргэний хариуцагчийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд дээрх үндэслэлээр иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хариуцагч Б.Чимэдцэрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ