Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Хүдэрчулуун

Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй,  тусгай дунд боловсролтой, галт тэрэгний хөдөлгөөний найруулагч мэргэжилтэй, ам бүл 4,  эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, Б овогт А.А-д холбогдох эрүүгийн 1720000270032 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Прокурорын яллах дүгнэлтээр: Шүүгдэгч А.А нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 58 км-т засмал дээр 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасныг зөрчсний улмаас онхолдож зорчигч Г.Д-н биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн эзэмшлийн 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Алпард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон  Улаанбаатар хотруу ажлаар явахаар болсон. З.Д, Г.Д нар нь хотруу явах ажил байна, суугаад явъя гэж гуйхаар нь суулгаад явсан. Ингээд Тэмээтэй хөшөөн дээр ирж тамхи татчихаад цааш хөдөлсөн. Замдаа З.Д, Г.Д нар пиво ууж байсан. Би пивоноос уугаагүй. Би З.Д, Г.Д нарын хэн нэгийг нь машины урд талын суудал дээр суух уу гэхэд ард сууж пиво ууна гэж хэлээд суугаагүй. Ингээд замдаа явж байтал З.Д гэнэт урд талын суудал дээр суух гээд 2 суудлын голоор хөлөө давуулаад ороод ирсэн. Тэгээд сууж амьжаагүй миний гарыг бөгсөөрөө цохисон. Энэ үед машин замын шороон хэсэг дээгүүр гараад ирэхээр нь би эргээд замруугаа орох гэтэл машин онхолдсон гэв

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09 тал/

Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Д бид 2 ажлын газрын Э эгчийн гэрт нь очоод түүний нөхрийнх нь Тоёота арьфард маркийн машинтай 11 цагийн орчим Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд явсан. Д бид 2 арын зааланд сууж байсан. 13 цагийн орчим машин хөдөлгөөнд оролцож явж байхад Д урагшаа суух гээд урд талын суудлын голоор орох гэж байгаад биеэрээ жолоочийн гарыг хөдөлгөх үед жолооч жолоодлогоо алдаж замын хажуу руу онхолдсон. Би тухайн үед жолооч машинаа хэдэн км цагийн хурдтай машинаа жолоодож явсныг анзаараагүй ер нь тэр жолооч  бага хурдтай явж байсан...” гэжээ. /хх-ийн 23-24 тал/

Гэрч З.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнө ээлжтэй хоносон учир унтах гээд Д нь намайг урд суух гээд голын хайрцаг дээр А-н төмөр замын дүрэмт хувцас байсан бөгөөд цамцыг нь авч ард тавьчихаад 2 суудлын голоор урд талын суудал дээр суух гээд бөхийсөн чинь машин онхолдсон. Түүнээс хойш ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна...” гэжээ.  /хх-ийн 25-26 тал/

2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 тал/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн комьпютерт томогарфийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 39 тал/

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Г.Д-н биед аарцаг ясны хугарал, дунд чөмөгний мултрал гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүд нь “ Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагнана гэжээ. /хх-ийн 43 тал/

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Сувдан цагаан өнгийн 4909 дга улсын дугаартай Тоёота альпхард маркийн суудлын авто машиныг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын цагдаагийн тээврийн хэрэгслийн журмын хашаанд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16:00-д MNS 4598;2003 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага “ стандартыг шалгуур болгон шалгаж үзэхэд уг автоманин нь ерөнхий өнгө үзэмж маш муу техникийн талаас стандарт шаардлага хангах зүйл байхгүй урд салхины болон зүүн хажуу хаалганы шилнүүд, хойд хажуугийн цонх бүгд хагарсан, бүхээгний дээвэр оройн хэсэг хонхойсон, урд нэг дугуй салж унаж алга болсон, урд нүүрний хэсгийн бүгд эд анги хагарч эвдрэн салж унасан, урд pамны хөндлөн тулгуур хүчтэй зүйл мөргөсний улмаас хойшоо чихэгдэн хөргөлтийн системийн банк ханзарч урагдсан урд буфер салж унасан, урд хоёр их гэрэл дохионы гэрлууд салж унасан, айэркондейшний хөргөлтийн гуурсан хоолой цоорсон хөргөлтийн шингэн гоожсон, зүүн гар талын үл хамаарах тэнхлэг гулзайж тахийсан зүүн урд крило урагдаж чихэгдсэн, зүүн урд хаалга доод хормой хэсгээр хонхойж урагдсан, хойш түлхэгдэн хаагдахгүйгээр гажсан, зүүн хойд гүйдэг хаалга гулзайж гажсан, зүүн хойд хажуу хормой дотогш чихэгдэн орсон зүүн хойд дохионы гэрэл салж унасан, хойд буфер салж унжсан, аюулгүйн дэрнүүд гарсан маш хүчтэй мөргөлт болсон байдалтай зэрэг зөрчлүүд илэрсэн байв.

2. 49-09 ДГА улсын дугаартай Тоёота альпхард маркийн авто машины зам тээврийн осол нь техникийн эвдрэл гэмтлээс шууд шалтгаалж гарсаныг тодорхойлох боломжгүй тус машиныг техникийн хяналтын үзлэгт оруулж тоног төхөөрөмжөөр шалгах ямар ч боломжгүй .

3. Тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолын дараа үүсэх боломжтой.

1. Сувдан цагаан өнгийн 4909 ДГА улсын дугаартай Тоёота альпхард маркийн суудлын автомашин нь техникийн эвдрэл гэмтлээс шууд шалтгаалж зам тээврийн осол гарсныг тодорхойлох боломжгүй , тус автомашиныг техникийг хяналтын үзлэгт оруулах ямар ч боломжгүй , ерөнхий өнгө үзэмж техникийн стандарт шаардлага хангахгүй байлаа.

2. 4909 ДГА улсын дугаартай Тоёота альпхард маркийн сувдан цагаан суудлын автомашин нь техникийн хяналтын үзлэгт 2017 онд хамрагдагдаж тэнцсэн гэжээ. /хх-ийн 45-46 тал/

2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Төгөлдөрийн 22 дугаартай дүгнэлтэд:

1. Тоёота Альпард маркийн 49-09 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.А нь МУ-ын ЗХД-ийн 2.3. б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт зөрчсөн байна.

Зорчигч З.Д нь 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа МУ-ын ЗХД-ийн 4.1. б/ Тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам (эсвэл хөвөө) тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас суухыг зөвшөөрнө. гэснийг зөрчин мөн 4.2. в/ хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарнулах, түүний үйлдэлд саад болох гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 48 тал/

Хохирогч Г.Д-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 73 тал/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 75 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.    

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.А-г 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 58 км-т засмал дээр 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасныг зөрчсний улмаас онхолдож зорчигч Г.Д-н биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан ба хавтаст хэргийн 48-р талд авагдсан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Төгөлдөрийн 22 дугаартай дүгнэлтэд “...Зорчигч З.Д нь 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа МУ-ын ЗХД-ийн 4.1. б/ Тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам (эсвэл хөвөө) тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг Тал руу бууж, тэр Т\талаас суухыг зөвшөөрнө. гэснийг зөрчин мөн 4.2. в/ хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарнулах, түүний үйлдэлд саад болох гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй байна” гэж дүгнэснээс үзэхэд уг зам тээврийн осол нь шүүгдэгч А.А-н гэм буруутай үйлдлээс улбаалан гараагүй болох нь нотлогдож байгаа ба улсын яллагчийн яллах дүгнэлт, хэргийн  бодит байдалтай тохирохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч А.А-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул шүүгдэгч нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болно.

Шүүгдэгч А.А нь хохирогч Г.Д-д хохирлын төлбөрт 1.550.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Г.Д нь бусад хохирлын баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүйг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5, 6, 36.3 дугаар зүйлийн 2.2,  36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б овогт А.А-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1720000270032 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

3. А.А нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Д-д 1.550.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

5. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Л.БАТЖАРГАЛ