| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/03374/И |
| Дугаар | 183/шш2024/03225 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 183/шш2024/03225
2024 оны 08 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2024/03225 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Б-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхлийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э миний бие Ө.Б-той 2008 онд танилцаж үерхэн, 2012 оны 5 сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 оны 05 сарын 18-нд хүү Б.Ж , 2014 оны 11 сарын 28-нд охин Б.А нар төрсөн. Хүү 12 настай, охин 9 настай. Нөхөр Ө.Б нь гэр бүл болсноос хойш байнга олон хоногоор архидах, сураг чимээгүй гадуур хонох, ирсэн үедээ агсам тавих, хэрүүл хийх, олон удаа гэрт танихгүй хүн авчирч хонон өнжин архидах, эд хөрөнгөө эвдлэх, хүүхдүүдийнхээ дэргэд архидах, намайг зодох асуудал гаргаж байсан. Миний бие төрийн үйлчилгээний албанд тасралтгүй 16 жил ажиллаж байна. Нөхөр Б 2021 оноос тогтвор суурьшилтай ажил хийж байгаа бөгөөд одоогоор CR19 Bureau Mongolia ХХК-нд 14/14 хоногоор ажилладаг. Гэртээ 14 хонох хугацаандаа гэр бүлдээ анхаарал хандуулдаггүй, 7 хоногоор хаашаа явсан нь мэдэгдэхгүй, утсаа салгаад алга болох тохиолдлууд олон байдаг. Энэ үйлдэлдээ гэмшиж буруугаа хүлээдэггүй, өөрийгөө засах гэж оролддоггүй, гэр бүлийн хувьд халамж анхаарал байхгүй зэрэг нь миний болон хүүхдүүдийн сэтгэлзүй, хүмүүжил, сэтгэл санаанд хохирол учруулж байна. Миний бие Б-той амьдрах сонирхолгүй болсны улмаас 2018 оны 12 сарын 25-аас 2019 оны 12 сарын 28-ны хооронд Япон улсад нэг жил судлаач оюутнаар сурч, ажиллах үедээ 2019 оны 10 сараас хүүхдүүдээ Японд авчирч, хамт амьдарч байсан. Энэ хугацаанд надад болон хүүхдүүддээ нэг ч тусламж үзүүлж байгаагүй, өөрийн дураар явсан хүн өөрөө учраа ол гэсэн хүйтэн сэтгэл гаргадаг байсан. 2019.12.28-нд Монголдоо буцаж ирсэн урьдын байдал өөрчлөгдөөгүй. Тиймээс хүүхдүүдээ гэр бүлийн хүчирхийлэлгүй, дарамт, айдасгүй, сэтгэл тайван байлгах үүднээс 2021 оны 05-08 сарын хугацаанд эвлэрүүлэн зуучлах албаар дамжуулах хэд хэдэн уулзалт зохион байгуулагдаж, "Дахиж ийм үйлдэл гаргахгүй, одоо засарна" гэсэн үгэнд нь итгэж, өөрийн хүсэлтээр татгалзаж байсан. 2022 онд үйлдэл нь засраагүй, архидах, гадуур хонох нь хэвээрээ байсан ба согтсон үедээ чанга хашгичих, хүүгээ болон намайг "Ална шүү пизда минь" гэж сүрдүүлж, хол байх үедээ өөрт нь зориулж явуулж байсан хувийн зураг, бичлэгийг минь ажлын газрыханд чинь үзүүлнэ, олон нийтийн сүлжээнд тавьж нэр төрийг чинь шившигт хутгана, гутаана гэж сүрдүүлсэн. Тиймээс 2022 оны 04 сарын 21-нд тус Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэр бүл цуцлуулах тухай өргөдөл дахин гаргаж, шүүх хурлаар орход шүүх хурлын танхимд "Дахиж та гурвыгаа зовоохгүй, бүгдээрээ хамт элэг бүтэн амьдаръя, гадуур дахин хонохгүй, алдаагаа давтахгүй, дахин ийм үйлдэл гаргавал өөрөө салах өргөдлөө өгнө" гэж амлалт өгсөн учир гэр бүлээ авч үлдэхийн төлөө дахин боломж олгохоор шийдэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл гэртээ байх 14 хоногийн хугацаанд гэртээ ирэхгүй олон хоногоор архидах байдал нь үргэлжилхээс гадна холбоо барихгүй, залгахаар утсаа авахгүй, үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болсоор байна. Миний зүгээс хүүхдүүдээ Батзоригийг засрах байх гэж итгэж найдан, энэ бүх үйлдлүүдийг нь тэвчиж, ярилцаж, ойлголцохыг хичээсээр ирсэн ч өөрөө хийчээхгүй байна. Бид хоорондоо эрүүлээр харилцан ярилцах боломж байхгүй, Батзориг яагаад тийм үйлдэл хийх болсон, хаана, хэнтэй байсан, юу хийсэн тухайгаа ярихыг хүсдэггүй, гэртээ байх үедээ хамт унтахаа больж, зөвхөн өөрийн хүслээр байна гэж хэлдэг. Бид хоорондоо ярьж, ойлголцох, гэр бүлийн хэвийн уур амьсгал байхгүй, гэр бүл гэсэн нэртэй ч ямар ч идэвхигүй, үлгэн салган амьдарч байна. Тиймээс Батзоригийг надтай байх сонирхол байхгүй, амьдрах өөр газартай болсон гэж бодож байна. Бидний энэ хөндий байдал хүүхдүүдийн минь хүмүүжилд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн халуун уур амьсгал байхгүй орчинд хүүхэд өсөж байна. Энэ байдал нь миний болон хүүхдүүдийн минь сэтгэлзүйд нөлөөлж, архи ууж алга болох бүрт нь сэтгэл түгшиж, сэтгэл тайван сурч, унтаж, ажлаа хийж ч 13-up ax чадахгүй болоод байна. Батзориг бол хүнийг хайрлах, хүндэх сэтгэлгүй, зөвхөн өөрийн хүсэл, жаргалаа хөөсөн хувиа хичээсэн, өөртөө дүгнэлт хийж засрахгүй хүн гэдгийг нь ойлгосон учир амар тайван амьдрах, ирээдүйд хүү, охиноо архичин болгохгүйн тулд миний бие гэр бүл цуцлуулах хүсэлтийг гаргаж байна. Иймд миний бие хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, ХУД-ийн 00-р хороо, 0-р байрны 0 тоотод 72 м/кв 3 өрөө орон сууцнаас надад болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.Э нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нөхөр Ө.Б-оос гэрлэлт цуцлуулах тухай өргөдөл гаргаж, нэхэмжлэх үүссэн. Гэвч ар гэрийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эн нь Ө.Б-т гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Ө.Б холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхлийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ