Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2024/02554

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2024/02554

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 00 дугаар хороо, Нисэхийн 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, Боржигон овогтой Шаравын Б /РД:00000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бүгд найрамдах Солонгос улсын Гёнги муж, Ханам хот, Чунгдун 303-14 тоотод оршин суух, Боржигон овогт Болдын Г /РД:00000/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б нь Б.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шарав овогтой Б миний бие 20212.11.28 онд 3 сарын 21-ний өдөр гэр бүлээ батлуулж 1122000615 дугаартай гэрчилгээ авсан. Бид 3 хүүхэдтэй. Том охин М 1999.12.01-ний өдөр төрсөн, бага охинН 2002.07.03-ны өдөр төрсөн, хүү С 2007.06.29-ний өдөр төрсөн болно. Хоёр охин насанд хүрч тусдаа амьдардаг. Хүү бид хоёр хамт амьдардаг билээ. Б.Г өөрийн амьдарлаа хөөж Солонгос улсад амьдарч байгаа болно. Бид 2021 оноос хойш өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа тул бидний гэр бүлийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Болд овогтой Г болон Шарав овогтой Б 1997 онд танилцаж нөхөрлөн улмаар 2012 оны 11 сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болцгоосон. Дундаасаа 3 хүүхэдтэй ба том охин болох М нь 1999 онд, дунд охинН нь 2002 онд, бага хүү С нь 2007 онд тус тус мэндэлсэн. Том 2 охин насанд хүрч, тусдаа гарцгаасан бөгөөд 2021 оноос хойш Ш.Б, Б.Г тусдаа амьдарч байна. Ш.Б нь бага хүү Стэй хамт амьдардаг бөгөөд хүүхэд асрах, эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй тул шүүх хурлыг зарлаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.04.09-ний өдрийн 143 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б нь Б.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Зохигчид 1997 онд танилцаж, 2012 оны 11 сарын 28-ны өдөр гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлжээ (1-р хавтасны 3 дахь тал).

4. Гэр бүлийн тухай хуулийн 14.1-т энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, мөн хуулийн 14.3-т гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасан. Гэрлэгчид тусдаа амьдрах болсон, хамтын ямар нэгэн ашиг сонирхол байхгүй болсон гэх шалтгааны улмаас гэрлэлтээ цуцлуулахаа харилцан хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул шүүхээс гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Ш.Б Б.Г нарын дундаас охин М,Н, хүү С нар төрсөн байх бөгөөд М,Н нар нь насанд хүрч, насанд хүрээгүй хүү С нь эцгийн асрамжид амьдардаг байна (зохигчдын тайлбар).

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд Ш.Б, Б.Г нар нь насанд хүрээгүй хүү С нарын төрсөн эцэг, эх болохыг талууд хэн аль нь маргаагүй болно.

7. Хариуцагч хүүг эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа гэх тайлбарыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С /РД:00000/-ийг эцэг Ш.Бын асрамжид үлдээж шийдвэрлэв.

8. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Хүүхдийн уг эрхийг эцэг, эх нь хүндэтгэж, асрамжиндаа хүүхдийг авсан тал нь хүүхдийн ашиг сонирхолд хохирол учруулахаас бусад тохиолдолд хүүхдийн өмнө хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

9. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, ийм шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

10. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

ТОГТООХ нь

1. Гэр бүлийн тухай хуулийн 14.1, 14.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Боржигон овогтой Шаравын Б /РД:00000/ болон Боржигон овогт Болдын Г /РД:00000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү С /РД:УЖ07262910/-ийг эцэг Ш.Бын асрамжид үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Г