Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч А.Цэрэнханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Б.Алтансүх 

Иргэдийн төлөөлөгч                                         Ц.Энхцогт

Улсын яллагч                                                    Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   Ж.Жаргалсайхан

Хохирогчийн  өмгөөлөгч                                  Д.Гангантөгс

Хохирогчийн төлөөлөгч                                  Э.У, Я.Б

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч                  Х.Даваахүү                                                                        

Шинжээч                                                          Б.Батзориг, Ц.Цэндсүрэн нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, О овогт С.Э-д холбогдох эрүүгийн 201610010142  дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Прокурорын яллах дүгнэлтээр:  Шүүгдэгч С.Э нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд бусдын эзэмшлийн 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй, 75-01 БЧ улсын дугаартай чиргүүлтэй ачааны машиныг жолоодон яваад Улаанбаатар хотоос Замын-Үүд  чиглэлийн асфальтан хучилттай зам дээрээс хойноос  урагшаа  чиглэлтэй явж байгаад тээврийн хэрэгслийн маслын даралтын шланк нь задарсны улмаас 2 урсгалтай, 4 эгнээ замын 1 дүгээр эгнээ бүхий зам дээр ослын зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 “Ослын зогсолтын тэмдэгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслийн газарт 15 метрээс багагүй суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна... гэсэн, мөн дүрмийн 11.1 “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүнийг зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөний замын зүүн гар талд түр зогсоохыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг зөрчиж зам дээр зогссоны улмаас талийгаач Я.Б-н жолоодон явсан 16-99 ДГА улсын дугаартай автомашин мөргөж, жолооч Я.Б, зорчигч М.Я нарын амь насыг хохироосон, талийгаач Я.Б-н эзэмшлийн 16-99 ДГА улсын дугаартай Соната-6 маркийн автомашинд 4600.000 төгрөгийн хохирол, Д.А-н эзэмшлийн 84-15 УНМ улсын дугаартай ачааны автомашинд 455.000 төгрөгийн шууд, бусад зардал 70.000 төгрөг, нийт 525.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрт байж байхад урдаас ачаа байна ороод ир гэж хэлсэн. Тэгээд би гэр байраар тойрч засмал зам дээр явж байхад машины араас гэнэт утаа манараад байхаар нь замынхаа зүүн тал руугаа шахаж зогсоход машины даралтын шланк задраад бүх масло асгарсан байсан. Тэгээд кабинаа нээж үзэхэд хамаг шланк задарсан байсан. Дүүгээ дуудаж шланкийг скочоор ороогоод буцааж шланкаа тавьж үзэхэд болохгүй байхаар нь сэлбэгийн дэлгүүрээр шланк хайж явахад ерөөсөө олдоогүй. Орой 7 цагийн үед шланк авчираад шланкаа хийж байтал болохгүй хугарсан. Хугарсан шланкаа янзлаад машиндаа авчираад хийж байтал юу болсон талаар мэдээгүй. Тэгээд кабинаасаа гараад иртэл ардаас машин ирээд мөргөсөн байсан. Тухайн үед гар утсаа засмал дээр унагаагаад эвдэлсэн байсан юм. Тэгээд дуудлага өгч чадаагүй... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нөхрийгөө согтуу байсан гэсэн мэдүүлэг өгсөн гэдэг юм, тэр мэдүүлгийг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл би тэр өдрийн өглөө нөхөртэйгээ хамт аавыгаа авсан юм. Тухайн үед би нөхрийгөө ууж байсныг хараагүй учир нотлохгүй гэж бодож байна. Мөрдөн байцаагч надаас мэдүүлэг авахдаа дандаа тулган шаардаж авдаг байсан. Зүгээр зогсож байгаа хүний араас цохиход ямар байдаг билээ, танай нөхрийн буруу гэх мэт тийм зүйл ярьж байсан. Одоо оршуулгын зардал 6812.000 төгрөг, машины үнэлгээ 4600.000 төгрөг, үүнээс 500.000 төгрөгийг авсан байгаа. Иймд гомдолтой байна... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гомдолтой байна. Би ээжээсээ хоёулаа байсан. Аав дүү хоёр маань өнгөрчихлөө. Миний дүү гурван нялх хүүхэдтэй, эхнэр хүүхдүүд нь Замын-Үүд суманд амьдардаг. Би мөрдөн байцаагчаас С.Э ар гэрийн хүмүүсийн дугаарыг авч оршуулгын зардал гэж нэхэмжилж байсан. Тухайн үед би төрөх дөхсөн байсан ажил явдалд гар бие оролцоогүй. Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт тариа тариулаад байж байсан. Энэ хүмүүсээс сэтгэл санааны хохирол барагдуулвал хөгшин настай хүнд гомдолтой гээд яваад яахав гэж бодсон. Миний аав дүү хоёр минь надад байсан бол хэрэгтэй л байсан. Би гомдолтой байна. Сэтгэл санааны гүн хямралд орсон. Миний дүүд буруу өгөөд байгаад маш их гомдолтой байна.  Дараа нь 500.000 төгрөг өгсөн байгаа. Бид хоёр тус тусдаа зүйл нэхэмжлээгүй. Байгаа баримтуудаа Замын-Үүд рүү явуулсан байгаа. Хоёр хүний амийг юугаар ч сольж чадахгүй шүү дээ. Сэтгэл санааны хохиролд 10000.000 төгрөг нэхнэ. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэв.

Шинжээч Б.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 84-15 УНД улсын дугаартай Хунгюан маркийн тээврийн хэрэгслийг Замын Хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно гэсэн заалтыг зөрчсөн. Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд Замын Хөдөлгөөний дүрмийн 6.3 дугаарт зааснаар ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднахь замд 30 метрээс багагүй зайд байрлуулна ийм заалтуудыг зөрчсөн. Жолооч Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн а-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 9.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн учраас уг автомашиныг мөргөсөн гэсэн дүгнэлт гаргасан юм...гэв.

Шинжээч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дүгнэлтийн гурав дахь хэсэгт зааснаар маслаас болж гэмтэл гарч энэ техникийн гэмтэл болохоор зайлшгүй зогсолтод хамааруулж ойлгож болно. Тухайн нөхцөл байдалд автомашины чиргүүлийн гол хэсгээс маслын тос гоожсон. Зүүн гар талын шороон замруу орсон мөр байсан. Тэгээд автомашин хойноос урагшаа чиглэлд явж байхдаа 315 метр яваад энэ хооронд шланк задраад зогсолт хийсэн байсан юм. Цаашид хөдөлгүүр унтраад зогссон юм уу, жолооч унтраагаад зогссон юм уу гэдэг нь тодорхой биш байна. Дахиад хөдөлгүүрээ асаах оролдлого хийсэн үү, аль эсвэл цаашаа хөдөлгөөн хийсэн талаар үйлдлүүд тусгагдаагүй байсан. Эд анги эвдэрч гацахад масло байхгүй болсон тохиолдолд хуурай үйлдэл болж эд ангиуд нь халалцаж эхлээд хөдөлгүүр нь гацах юм. Хөдөлгөөн эргэхгүй гацна. Тэр үед хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа юм. Автомашиныг түр саатуулах журмын хашаанд очиж үзлэг хийхэд үнэхээр гацаж зогссон талаар үзлэг хийх боломж байгаагүй. Маслын даралт унасан тохиолдолд улаан гэрэл асдаг ба улаан гэрэл асаад тодорхой хэмжээнд үе шаттайгаар явагдана. Тухайн нөхцөлд ямар байдалтай байсныг тогтоох боломжгүй. Шүүхийн шилжилгээний хуулинд зааснаар шинжилгээг гаргахдаа аливаа мэдүүлэг дээр үндэслэн гаргадаггүй. Тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтийг гаргадаг юм. Дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэргийн материалтай танилцаж, ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл болон бүдүүвч зургийн үндэслэн дүгнэлтийг гаргасан юм... гэв.

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-11 тал/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-21 тал/

-Гэрч Ч.Ш-н “...Каргоны хашаанаас тэр хоёр 22-23 цагийн орчим машин руугаа явсан ба Улаанбаатар хот руу явлаа гэж хэлэх гээд утас руу нь залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд удалгүй манай найз над руу утсаар залгаад танай аавын чинь машины араас машин орчихсон байна гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 33, 64 тал/

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 42 тал/

-Гэрч Ч.Ө-н “2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 22 минутанд Э ах надруу утсаар залгаад “ахых нь машины маслын шланк задарчихсан байна, муу ажлын хувцас аваад Шалганы гудамжны харалдаа засмал дээр хүрээд ир” гэсэн. Ингээд ажлын хувцас аваад шалганы гудамжны баруун талын зам дээр очтол Э ах 84-15УHM улсын дугаартай ачааны автомашинтайгаа утаа униар болчихсон, хий хураадаг автомат шланг нь тасарч, масло гоожуулсан байдалтай ганцаараа зогсож байсан. ...Шинээр авчирсан шлангаа солиод хийтэл шланк нь угаараа хугархай байхаар нь сэлбэгийн дэлгүүрээс хуучин шланктай сэлбээд, нэмж масло аваад машин дээрээ очоод боох гээд кабинаа өргөөд гар чийдэн тусгаад сууж байтал араас гэнэт машин мөргөх шиг хүчтэй тас хийх чимээ гараад машин урагшаагаа хөдөлсөн. Нэг мэдсэн би газар уначихсан, Э ах кабин арам 2-ын хооронд шлангаа боож байсан газартаа доошоо уначихсан байсан. Тэгээд бид хоёр машины араас машины мөргөчихлөө гэж бодоод чиргүүлийн ар тал руу очиход 16-99 ДГА улсын дугаартай Соната 6 маркийн автомашин урд хэсгээрээ чиргүүлийн гол хэсгийг мөргөөд доогуур орчихсон байсан. Ингээд машин дотор байсан жолооч болон зорчигч нарын амьд эсэхийг шалгахад аль хэдийн нас барчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад өөрийн биеэр тэр даруй хэлсэн. Тухайн үед миний гар утас цэнэггүй болоод унтарчихсан байсан ба Э ахын гар утас газар унасны улмаас дэлгэц нь ажиллагаагүй болчихсон байсан юм. Осол ойролцоогоор 23 цаг 45 минутын орчим болсон. Ослын газарт ослын тэмдэг байрлуулаагүй бөгөөд чиргүүлийн нэмэлт гэрэлнүүд бүгд асаалттай байсан” ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/

-2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-79 тал/

-2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-84 тал/

-2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай шинжээч Ж.Явуухулангийн  дүгнэлт /хх-ийн 86 тал/

-Шүүгдэгч С.Э ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 тал/

-Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн Авто машин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний  7636 дугаартай тайлан /хх-ийн 116-119 тал/

-Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн Авто машин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний  7646 дугаартай тайлан /хх-ийн 120-122 тал/

-Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн Авто машин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний  7639 дугаартай тайлан /хх-ийн 122-123 тал/

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсууд /хх-ийн 133-135 тал/

-Шинжээч Ж.Явуухулангийн мэдүүлэг /хх-ийн 147 тал/

-Гэрч Д.Авирмэдийн мэдүүлэг /хх-ийн 157-158 тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6837 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 172-179 тал/

-Шинжээч Ц.Цэндсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 181 тал/

-Замын цагдаагийн албаны 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 728 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 186-188 тал/

-Шинжээч Б.Батзоригийн мэдүүлэг /хх-ийн 203 тал/

-Гэрч Б.Г-н мэдүүлэг /хх-ийн 223 тал/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 49 тал/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх-ийн 50 тал/

-Я.Б, М.Я нарын оршуулгын зардлын баримтууд /2-р хх-ийн 51 тал/

-Иргэний хариуцагч Д.А-н мэдүүлэг /2-р хх-ийн 56 тал/

-Худалдах худалдан авах гэрээний хуулбар /2-р хх-ийн 58-60 тал/

- Шүүгдэгч С.Э өвчний түүх зэргийг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч С.Э-г  2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчимд бусдын эзэмшлийн 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй, 75-01 БЧ улсын дугаартай чиргүүлтэй ачааны машиныг жолоодон яваад Улаанбаатар хотоос Замын-Үүд  чиглэлийн асфальтан хучилттай зам дээрээс хойноос  урагшаа  чиглэлтэй явж байгаад тээврийн хэрэгслийн маслын даралтын шланк нь задарсны улмаас 2 урсгалтай, 4 эгнээ замын 1 дүгээр эгнээ бүхий зам дээр ослын зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Я.Б-н жолоодон явсан 16-99 ДГА улсын дугаартай автомашин мөргөж, хохирогч Я.Б, М.Я нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д “Ослын зогсолтын тэмдэгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслийн суурин газарт 15 метрээс багагүй суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 11.1 “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүнийг зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөний замын зүүн гар талд түр зогсоохыг зөвшөөрнө” гэж тус тус заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “...С.Э нь зайлшгүй зогсолт хийсэн тул оврын гэрлээ асааж зогссон. Дүрмийн дагуу зогсолт хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн хохирогч согтуу байсан түүний буруутай үйл ажиллагаа байгаа” гэсэн саналыг гаргасан болно.

Шүүхийн хэлэцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч нар согтуу байсан гэдгийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хохирогч нарыг согтуу байсан гэж үзэх боломжгүй ба шүүгдэгч нь зайлшгүй зогсолт хийсэн тул оврын гэрлээ асааж зогссон гэж мэдүүлж байгаа боловч  дээрх дүрмэнд зааснаар ослын зогсолтын тэмдгийг 15 метрээс багагүй зайд тавьсан бол хохирогч уг тэмдгийг харж зогсох боломжтой байсан, зайлшгүй зогсолт өдрийн 12 цагийн орчим болсон байхад осол шөнийн 23 цагийн орчим болсон ба үүнээс үзэхэд шүүгдэгч нь зайлшгүй зогсолт хийснээс хойш 11 орчим цаг өнгөрсөн байхад автомашинаа замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсох боломжтой байсан /өөр машинаар чирүүлэх, татуулах г.м/ зэргээс дүгнэхэд уг осол шүүгдэгч С.Э Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс үүдэн гарсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч С.Э нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчимд бусдын эзэмшлийн 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй, 75-01 БЧ улсын дугаартай чиргүүлтэй ачааны машиныг жолоодон яваад Улаанбаатар хотоос Замын-Үүд  чиглэлийн асфальтан хучилттай зам дээрээс хойноос  урагшаа  чиглэлтэй явж байгаад тээврийн хэрэгслийн маслын даралтын шланк нь задарсны улмаас 2 урсгалтай, 4 эгнээ замын 1 дүгээр эгнээ бүхий зам дээр ослын зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас шөнийн 23 цагийн орчимд хохирогч Я.Б-н жолоодон явсан 16-99 ДГА улсын дугаартай автомашин мөргөж, хохирогч Я.Б, М.Я нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 728 дугаар дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч С.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний хариуцагчаар Д.А-г татаж шүүхэд хэргийг шилжүүлсэн ба уг автомашин нь Д.А-н эзэмшлийн нэр дээр байдаг боловч БНХАУ-ын иргэнд автомашинаа зарсан гэх, шүүгдэгч нь уг автомашиныг БНХАУ-ын иргэнээс авч замын хөдөлгөөнд оролцож ачааг нь зөөсөн, шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь бие биенээ танихгүй, уулзаж байгаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар иргэний хариуцагчаас хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд Д.А-г иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогчид 500.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 1699 ДГО улсын дугаартай “sonata-6” маркийн автомашин, 8415 УНМ улсын дугаартай толгойтой, 7501 БЧ улсын дугаартай чиргүүлтэй “Hongyan” маркийн автомашинуудын  битүүмжлэлийг хүчингүй болгож, 1699 ДГО улсын дугаартай “sonata-6” маркийн автомашиныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-д,  8415 УНМ улсын дугаартай толгойтой, 7501 БЧ улсын дугаартай чиргүүлтэй “Hongyan” маркийн автомашиныг бичиг баримтын хамт эзэмшигч Д.А-д олгох, шүүгдэгч С.Э жолоочийн үнэмлэхийг Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгчээс оршуулгын зардалд 6812.750 төгрөг, автомашины хохирол 4600.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10000.000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар оршуулгын зардал 5935.644 төгрөг, автомашины хохирол 4600.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох, нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй оршуулгын зардал болох 377.086 төгрөг, нотлох баримтгүй сэтгэл санааны хохирол гэх 10000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг ослоос болж гэмтэл авсан ба одоо хагалгаанд орох шаардлагатай байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч О овогт С.Э-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч О овогт С.Э-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч С.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч  С.Э нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 1699 ДГО улсын дугаартай “sonata-6” маркийн автомашин, 8415 УНМ улсын дугаартай толгойтой, 7501 БЧ улсын дугаартай чиргүүлтэй “Hongyan” маркийн автомашинуудын битүүмжлэлийг, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Д.А-г иргэний хариуцагчаар татсан тогтоолын хамт  хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Э жолоочийн үнэмлэхийг Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, 1699 ДГО улсын дугаартай “sonata-6” маркийн автомашиныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-д,  8415 УНМ улсын дугаартай толгойтой, 7501 БЧ улсын дугаартай чиргүүлтэй “Hongyan” маркийн автомашиныг бичиг баримтын хамт эзэмшигч Д.А-д тус тус буцаан олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-с 4600.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-д олгох, оршуулгын зардалд 5935.644 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У, Я.Б нарт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 10000.000 төгрөг, оршуулгын зардал 377.086 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Л.БАТЖАРГАЛ

ШҮҮГЧИД                      А.ЦЭРЭНХАНД

                                      Б.НАРМАНДАХ