| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/00970/И |
| Дугаар | 101/ШШ2024/02539 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2024/02539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, ******* байрлах С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, ******* оршин суух, Г*******ын Н*******д холбогдох,
Гэрээний үүрэгт 10,429,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, хариуцагч Г.Н*******, гэрч Г.А*******, Ж.Э*******, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн үндэслэл: С******* ХХК нь Г******* овогтой Н*******той 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн
Түрээсийн төлбөр тооцооны талаар: Бараа материалын тооцоо тооцоогоор 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нийт 1264 ширхэг бараа материалыг 7 хоногийн хугацаанд 1 хоногийн 440 төгрөгөөр түрээслүүлж нийт 3,893,120 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр борлуулсан 6000 ширхэг барааны үнэ 1,080,000 төгрөгийг төлүүлэх тооцоон дээр барьцаа 1,500,000 төгрөгийг нэмж нийт 6,473,120 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг Г******* овогтой Н******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж түрээсийн төлбөр болон барьцааны төлбөр 5,393,120 төгрөгийг төлсөн. Түрээсийн үргэлжлэл болох "Авлага өглөгийн товчоо" тооцоогоор 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх тооцоогоор 1329 ширхэг бараа материалыг 3-190 хоногийн хугацаанд 1 хоногийн 220-550 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 38,592,080 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр борлуулсан 6000 ширхэг барааны үнэ болох 660,000 төгрөг, акталсан 642 ширхэг барааны үнэ 6,452,000 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих үлдэгдэл 45,704,080 төгрөг болсноос нийт төлсөн 14,548,970 төгрөг болон барьцааны үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хасаж нийт 29,655,110 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг Г******* овогтой Н******* хүлээн зөвшөөрч 2 талын тооцоо нийлсэн Тооцоо үлдэгдлийн баталгаа-нд гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн нийт төлбөл зохих үлдэгдэл 29,655,110 төгрөгөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 21,000,000 төгрөгийг хасаж 8,655,110 төгрөгийг төлүүлэх тооцох тооцоо гарсан. Түрээсийн алданги тооцоог 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 41 хоногоор 1 хоногийн 0.5 хувиар тооцож 1,774,298 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Иймд С******* ХХК нь Г******* овогтой Н*******гоос түрээсийн үлдэгдэл төлбөр 8,655,110 төгрөг дээр алданги 1,774,298 төгрөгийг нэмж нийт 10,429,408 / арван сая дөрвөн зуун хорин есөн мянга дөрвөн зуун мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Г******* овогтой Н******* нь тус шүүхэд С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа болно. С******* ХХК нь Түрээсийн үлдэгдэл төлбөр 8,655,110 төгрөг, алданги 1,774,298 төгрөгийг нэмж нийт 10,429,408 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 15-ний өдрөөс Э** К К ХХК-нд нярвын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 2023 оны 4 дүгээр сараас ******* нутаг дэвсгэрт баригдаж буй Иргэн Жгийн *** гэсэн * блок *** СТ орон сууны аппартмент гэх ажлын талбай дээр томилогдон ажилсан. Захиалагч Чанд*** Т ХХК, Дэд гүйцэтгэгч Э** К К ХХК Барилгын к угсралтын хэв хашмалыг С******* ХХК түрээсийн газраас Э******* захирал Компани бичиг баримтын асуудалтай тул чи өөр дээрээ гэрээ байгуулчих гэж тушаасны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусаж цаашид сунгаагүй. 2023 оны 08 дугаар сарын дунд үеэс эхлэн тус компанид ажиллах боломжгүй болж ажлыг хүлээлгэн өгсөн. Иймд надад хамааралгүй болно гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр t181 дугаартай Түрээсийн гэрээ, С******* ХХК-ийн эд хөрөнгө эвдрэл гэмтлийн үнэлгээ, Авлага, өглөгийн товчоо, Тооцооны үлдэгдэлийн баталгаа, С******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зарлагын баримтуудыг,
Хариуцагчаас Э** К К ХХК, Г.Н******* нарын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 22/007 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ, Э** К К ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 22/010, 22/012 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Г.Н*******ы дахь дансны хуулгыг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар С******* ХХК-ийн дахь дансны хуулга, гэрчээр Г.А*******, Ж.Э*******, С.Б нарыг асуусан тэмдэглэлиййг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Г.Н*******д холбогдуулан гэрээний үүрэгт 10,429,408 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
2. Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... тухайн түрээсийн гэрээг Э** К К ХХК-нд нярвын албан тушаалд ажиллаж байхдаа тухайн компанийн өмнөөс байгуулсан, нэхэмжлэгчээс хүлээж авсан барилгын хийц, хэв хашмалыг хувьдаа ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтаар зохигч талуудын хооронд 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр t181 дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэг талаас түрээслүүлэгч С******* ХХК нь барилгын ажилд шаардагдах материал, хэв хашмал зэргийг ашиглуулахаар түрээслүүлэх, нөгөө талаас түрээслэгч Г.Н******* нь түрээсийн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээж, уг гэрээнд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 4-5 дахь талд/
Тус гэрээний дагуу 13 нэр төрлийн барилгын ажилд шаардагдах материал, хэв хашмал зэргийг түрээслүүлэгч С******* ХХК нь түрээслэгч Г.Н*******д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талын ар талд/
Түүнчлэн хэрэгт авагдсан С******* ХХК-ийн ны депозит дансны хуулгаас үзэхэд 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Н******* гүйлгээний утгаар 3,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Н******* түрээс төлбөр гүйлгээний утгаар 3,455,650 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр н******* гүйлгээний утгаар 200,200 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 21-ны өдөр н******* дээрх гэрээний хэв хашмалын түрээс ЭКК гүйлгээний утгаар 7,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. /х.х-ийн 104-131 дэх талд/
5. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.
Иргэний эрх зүйн харилцаа үүсгэх зорилгоор нэг талын гаргасан хүсэл зоригийг нөгөө тал нь хүлээн авснаар хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар талуудын хоорондын хүсэл зоригийн илэрхийлэлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.
6. Шүүх хуралдаанд гэрч ... Ж.Э******* мэдүүлэгтээ Манай компани хэв хашмал, барилгын материалын төлбөрийг төлөх ёстой, манайх түрээсэлсэн. Би тухайн үед ажил ихтэй байсан, бичиг баримтын асуудалтай байсан учраас Г.Н*******гоор гэрээ хийлгэсэн нь үнэн гэрч Г.А******* мэдүүлэгтээ .. Би тэгэж л бодож байна өөртөө бол ашиглаагүй байх, яагаад гэвэл би өөрөө тэр барилгын компани дээр очоогүй гэж, гэрч С.Б мэдүүлэгтээ ... компанийн барилгад хэв хашмалыг ашигласан гэж тус тус мэдүүлсэн.
Хэдийгээр, гэрч нар С******* ХХК-аас авсан барилгын ажилд шаардагдах материал, хэв хашмал зэргийг Э** К К ХХК-ийн барьж байгаа барилгын ажилд ашиглаж, түрээсэлсэн гэж тайлбарлаж байх боловч гэрч нарын мэдүүлэгээр С******* ХХК, Э** К К ХХК-ийн хооронд гэрээ байгуулах талаар хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж дүгнэх боломжгүй юм.
7. Иймд нэхэмжлэгч С******* ХХК, хариуцагч Г.Н******* нарын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэв.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
8. Зохигч талууд 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлж, уг тооцооны үлдэгдэлээр хариуцагч Г.Н******* нь 8,655,110 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх тул уг төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна. /х.х-ийн 9 дэх талд/
9. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй улмаас алдангид 1,774,298 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Талууд хооронд байгуулсан гэрээний 2.2-т хугацаа хожимдуулсан нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож авах, хохирлоо гаргуулах эрхтэй гэж, 3.5-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар нэг сарын өмнө урьдчилан мөнгөн хэлбэрээр төлнө. Хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүрэг гүйцэтгэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд энэхүү хариуцлагын тохиролцоо нь дээрх хуульд нийцсэн байх шаардлагатай.
Гэвч, талууд хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэгт нийцээгүй талууд хоног тутамд алданги тооцно гэж тохиролцсон гэж үзэх боломжгүй байх тул алданги гаргуулах шаардлагыг энэ үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
10. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.Н*******гоос 8,655,110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,774,298 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 181,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 153,431 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн болохыг дурдав.
12. Хариуцагч Г.Н******* нь өөрт учирсан хохирлоо бусдаас шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Н*******гоос 8,655,110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,774,298 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 181,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 153,431 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ