| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2123001520052 |
| Дугаар | 2022/ДШМ/20 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ДШМ/20
Г. холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.*******,
Прокурор Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.*******гийн даргалж шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Г. холбогдох 2123001520052 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх Сартуул овогт *******, /регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг зөрчин 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Жаргалантын ам” гэх газраас ******* улсын дугаартай “Мазда титан” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 1.6133 метр куб хэрэглээний шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 318.738 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
1. Шүүгдэгч Сартуул овогт *******г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр буюу сар бүр /150000/ төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 956214 төгрөгийн шүүгдэгч Г.Лхагвасүрэнгээс гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шүүгдэгч Г. өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай Мазда Титан маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 1,6133 метр куб шинэс модыг тус тус улсын орлого болгож, түлээний 2,5515 метр куб модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
8. Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн эзэмшлийн ******* улсын дугаартай Мазда Титан маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
9. Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Лхагвасүрэн давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:
Тухайн шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй хураагдсан, мод нь хэрэглээний мод мөн эсэхийг зөв тогтоогоогүй байхад шүүх хурал хийж нэг талыг барьсан шийдвэр гаргасан, уг бэлтгэсэн модонд зөвшөөрөл авч бэлтгэсэн. Тухайн моднуудыг тайрахдаа алдаа гаргаж урт богинотой тайрсан байхыг хэрэглээний мод гэж тооцож үзсэн учир зөвшөөрсөн газраас зөвшөөрөлтэйгөөр бэлтгэсэн ба уг хэрэглээний мод гээд байгаа нь 1.6133 м2 мод нь хэрэглээнд ашиглах ямар ч боломжгүй өмхтэй, яр цуурхайтай, тахир, муруй үзүүр унаанг, шатсан, түлэгдсэн түлшний модны хэсэг байсан учраас галын түлээ хэсгийг нь авч үзүүр хэсгийг нь хаях боломжгүй учраас уртаар нь авч ачиж ирсэн юм. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү .
Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг зөрчин 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Идэр сумын Мануустай багийн Жаргалант гэх газраас өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан 4.1 м.куб мод бэлтгэж оруулж ирсэн байдаг. Үүнээс 1,6 м.куб нь хэрэглээний мод байна гэж үзсэн. Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь анх түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Гэтэл түлээний зориулалтаар бэлтгэсэн модон дотор нь хэрэглээний төрлийн модыг бэлтгэж оруулж ирсэн байсан. Энэ нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-д зааснаар гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэх заалтад хамаарч байгаа. Тэгэхээр шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь Ойн тухай хуулийн уг заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нь давж заалдах гомдол гаргахдаа шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй талаар дурдсан байна. Ерөнхийдөө Завхан аймагт ойн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хүмүүс Тосонцэнгэл сумд байдаг. Тэр агуулгаараа Тосонцэнгэл сумын Ойн ангийн шинжээч нарыг энэ хэрэгт шинжээчээр томилсон. Шинжээч нар тухайн модыг үзээд санал нэгтэйгээр 1,6 м.куб мод нь хэрэглээний модны төрөлд хамаарч байна, энэ нь Ойн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэж дүгнэлтээ гаргасан. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж шүүгдэгч Г.Лхагвасүрэнг гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь анхан шатны шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа гэм буруугийн талаар ямар нэг байдлаар маргаагүй, хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгөөч гэсэн асуудлыг ярьж байсан. Гэхдээ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй учраас гомдлоо гаргасан байна. Тийм учраас шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр байгаа тул энэхүү шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн шүүгдэгчээс болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэг хянан ажиллагааны журам түүнд тавигдах шаардлага зөрчөөгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г. холбогдох хэргийг нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарчээ.
Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Жаргалантын ам” гэх газраас ******* улсын дугаартай “Мазда титан” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 1.6133 метр куб хэрэглээний шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан
Хууль ёсны төлөөлөгч С.*******ын “...Мануустай багийн “Жаргалантын хэц”-ийн ар гэх газраас ...түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгодог ...Сумын мод бэлтгэх хэмжээг аймаг, сумын иргэдийн хурлаас тогтоож өгдөг ба хэрэв энэ хэмжээ хэтэрсэн бол модны зөвшөөрөл олгодоггүй. Бусад үед бол галын түлээний модыг сумын иргэддээ өрхийн хэрэгцээнд нь бэлтгэхийг зөвшөөрдөг. Өөрөөр буюу ашиг олох зорилгоор хэрэглээний мод бэлтгэхийг хориглодог. ...Гэм буруутай хүнээр байгаль экологид учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ц.*******ийн “...Миний ажлын чиг үүрэг нь мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг олгох, түүнд хяналт шалгалт хийдэг мөн байгаль орчныг хамгаалах үүрэгтэй ажилладаг. Хэрэглээний мод болон түлээний модны ялгаа нь түлээний модны урт нь 2 метр 20 см урттай /дээд хэмжээ/, гаднах харагдах байдлаараа хэрэглээнд тэнцэхээргүй, модны үзүүр, гишүү багтдаг. Хэрэглээний мод нь 2 метр 20 см-ээс дээш урттай, хүний хэрэглээнд нийцэхүйц, зүсмэл материал гаргах боломжтой мод байна. Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22-001053 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг иргэн Лхагвасүрэн гэх хүнд олгосон. Лхагвасүрэн гэх хүн эрхийн бичгээр 5 м.куб галын түлээний хуурай шинэс модыг Идэр сумын Жаргалант гэх газраас бэлтгэх зөвшөөрөл авсан. Иргэн Лхагвасүрэн нь ******* улсын дугаартай Титан маркийн тээврийн хэрэгслээр модоо тээвэрлэх гэж зөвшөөрөл авсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Х., Г. шинжээч Б.гийн “...Уг модонд хэмжилт хийхдээ хэрэглээнд тэнцэх болон хэрэглээнд тэнцэхгүй галын мод гэж хоёр хэсэгт хуваасан. Тухайн моднууд дунд 2.28-2.80 метрийн урттай нийт 39 ширхэг мод нь 1.6133 метр куб хэмжээтэй буюу хэрэглээний мод байсан. Харин бусад мод нь ан цавтай, цуурхай, яртай, тайрсан модны үзүүрүүд нь түлшнээс бусад зориулалтаар ашиглах боломжгүй байсан учраас түлшний мод гэж дүгнэсэн. 2.20 метрээс урттай мод бол хэрэглээний модонд тооцогддог, харин галын түлшний мод бол хэрэглээнд ашиглах боломжгүй ан цавтай, яртай өмхтэй, тахир муруй, 15 см-ээс доош голчтой моднууд хамаардаг...” гэсэн мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдалд тохирсон ял хүндэдээгүй байна.
Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь хэрэглээний мод бэлтгээгүй, түлшний мод бэлтгэсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар бэлтгэсэн модны шинж чанар, тоо хэмжээнээс харахад хэрэглээний мод болох нь тогтоогдсон тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөр 956.214 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Мөн шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* улсын дугаартай Мазда титан маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 1.6133 метр кубшинэс модыг тус тус улсын орлого болгож, түлээний 2.5515 метр куб модыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт нийцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ж.БАТТОГТОХ