Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2016/0160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Жавзандамба Хутагт төв 502 тоотод үйл ажиллагаа явуулах Асаамабат ХХК,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр шийдвэрээр Асаамабат ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх шийдвэрээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтыг бичиж олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Асаамабат ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани 2009 оны 1 дүгээр сард Өмнөговь аймгийн Ноён сумын Ноён-Уул нэртэй 36541,87 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүсэж хуулийн дагуу бүрдлийг хангасан өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газар хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хяналтын ажиллагаа хийж Өмнөговь аймгийн Засаг даргын дэмжсэн саналыг авснаар Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 389 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг төлбөр төлөх мэдэгдлийн хамт 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр компани хүлээж авсан. Гэтэл Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс Ашигт малтмалын газарт 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/139 тоот чиглэлээр тусгай зөвшөөрөл олгохыг түр зогсоох, үйл ажиллагаа явуулахгүй байхыг үүрэг болгосон байна.

Дээрх чиглэлийн дагуу Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохтой холбоотой үйл ажиллагааг зогсоосон бөгөөд 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль батлагдан гарч 5 удаа сунгагдсан тул манай компанид тусгай зөвшөөрлийг бичиж олгоогүй юм.

Харин 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт орж батлагдан улмаар өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлөө олгох нөхцөл бүрдсэн. Компани тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 3654 ам долларыг төлж, тусгай зөвшөөрлөө авахаар удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч олгохгүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 6/9030 тоот албан бичгээр хариу өглөө. Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга шүүхийн шийдвэртэй бол олгоно гэж амаар хариу өгдөг.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр шийдвэрээр Асаамабат ХХК-нд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх шийдвэрээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтыг бичиж олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Асаамабат ХХК нь 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул нэртэй 36541.87 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE24676 дугаартай өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан байна.

Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгасан.

Тухайн өргөдлийн талбай өмнө нь дуусгавар болсон ашигт малтмалын хайгуулын 11095Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг дээр хамаарч байсан тул өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Өмнөговь аймгийн Засаг даргаас санал авахаар 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 6-921 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Өмнөговь аймгийн Засаг дарга дээрх саналыг хүлээн аваад тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж байгаагаа 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст ирүүлсэн.

Уг өргөдлийг хянан шийдвэрлэж тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл Асаамабат ХХК-ийн эзэмшилд олгохыг шийдвэрлэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 389 дүгээр шийдвэр гарсан боловч тусгай зөвшөөрлийн төлбөр болон гэрчилгээ, хавсралтыг олгох явцад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг түр зогсоох тухай Үндэсний аюулгүй байдлын 2010 оны 4 дүгээр сард ирүүлсэн чиглэл, мөн 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болсон.

Хэдийгээр 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг шийдвэрлэсэн боловч Өмнөговь аймгийн Ноён сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор тухайн талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг кадастрын зураг зүйн болон тусгай зөвшөөрлийн бүртгэлд мөн оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд Асаамабат ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Асаамабат ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр шийдвэрээр Асаамабат ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх шийдвэрээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтыг бичиж олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Асаамабат ХХК нь 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул нэртэй 36541.87 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан байна.

Уг өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байсан тул өргөдлийг хүлээн авч тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, Өмнөговь аймгийн Засаг даргын тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн албан бичгийг 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст ирүүлсэн тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 389 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг Асаамабат ХХК-д олгожээ.

Хэдийгээр Асаамабат ХХК-ийн эзэмшилд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан боловч тусгай зөвшөөрлийн төлбөр болон гэрчилгээ, хавсралтыг олгох явцад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг түр зогсоох тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 4 дүгээр сард 4/139 дүгээр албан бичгээр ирүүлсэн чиглэл, мөн 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотойгоор хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хамт бичигдэх боломжгүй болжээ.

Улмаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох боломж нээгдсэн боловч Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтууд болон Сумын Засаг даргын саналыг үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.к/-д заасны дагуу Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор тухайн талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, кадастрын зураг зүйн болон тусгай зөвшөөрлийн бүртгэлд 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгүүлсэн нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд нийцсэн үйлдэл болжээ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 11/2 дугаар тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул нэртэй 36541.87 гектар талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэртэй маргаагүй болохыг мэдүүлж байна.

Нэхэмжлэгч Асаамабат ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хуульд заасны дагуу гаргуулан авах бүрэн боломжтой байсан ба уг асуудлаар удаа дараа Ашигт малтмалын газарт хандаж байсан гэх боловч шүүхэд нотлох баримт ирүүлээгүй, хэрэгт 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн албан бичиг авагдсан, мөн тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 3654 ам доллар буюу 7,105,300.00 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр тушаасан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрхтэй, 14 дүгээр зүйлийн 14.1-д Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл  ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газрын талаар эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол ... мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 17 дугаар зүйлийн 17.2.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагад тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байна гэж заасны дагуу нэхэмжлэгч Асаамабат ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр шийдвэрээр Асаамабат ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх шийдвэрээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтыг бичиж олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.2.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.к/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Асаамабат ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 389 дүгээр шийдвэрээр Асаамабат ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх шийдвэрээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтыг бичиж олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА