Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2024/02538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, ********* байрлах, Д******* ф******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, ******* оршин суух, ***** овогт С*******ын С*******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,119,872.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С******* овогтой С******* нь Д*** ф******* ******* ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн болно. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэлд дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,379,747.24 төгрөг, төлөх ёстой хүү 716,700.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,424.38 төгрөг, нийт 2,119,872.10 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч С******* овогтой С******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 389 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул шүүхэд хандаж байна. С******* овогтой С*******аас зээлийн гэрээний үүрэг болох нийт 2,119,872.10 төгрөгийг шүүхийн журмаар гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд:

Д******* ф******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлийн гэрчилгээ, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дугаартай зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хувааь, зээл төлөлтийн дансны хуулгыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмнө гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д******* ф******* ******* ХХК нь хариуцагч С.С*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,119,872.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2024 оны 3 дугаар сарын 14-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт нь зүйтэй.

3. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч Д******* ф******* ******* ХХК нь хариуцагч С.С*******тай 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын жилийн 36.6 хувийн хүүтэй, хувийн хэрэглээни зориулалтаар зээлдүүлсэн болох нь тус гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 9-12, 15 дахь талд/

Дээрх гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зоригийн байдал, агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

6. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан үүргийг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна. /х.х-ийн 15 дахь талд/

7. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.

Талууд хооронд байгуулсан гэрээний 5.1.12-т зээлдүүлэгч нь зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн төлөлтийг Зээл эргэн төлөлтийн хува*******-ийн дагуу төлөөгүй /хуваарийг зөрчсөн/ тохиолдолд гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг гаргуулахаар шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь ийнхүү хариуцагчийг гэрээнд заасан үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, зээл төлөлтийн хуваарийг зөрсөн үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 1,379,747.24 төгрөг, зээлийн хүүд 716,700.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,424.38 төгрөг, нийт 2,119,872.10 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь зээл тооцоолын хүснэгтээр үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч С.С*******аас 2,119,872.10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д******* ф******* ******* ХХК-нд олгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хариуцагч С.С*******аас 2,119,872.10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д******* ф******* ******* ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,868 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С*******аас 48,868 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д******* ф******* ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ